Онцлох нийтлэл
2020.11.26 05:11

УОК: Хотод гацсан иргэдийг ирэх сарын 1-10 хооронд үе шаттайгаар гаргана


Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.26/ 17:00 цагт цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Монгол Улсын Шадар сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод гацсан иргэдийг шат дараатай гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагтай. Харин Улаанбаатар хотод ирэх 5300 гаруй иргэн байна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулна" гэлээ.

Ингэхдээ халдвар дотооддоо алдсан таван аймгийн иргэдийг гаргахгүй, эхний ээлжид бусад аймгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах шийдвэрийг гаргажээ.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Судалгаагаар 100 мянга орчим зорчигч орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгнө. Тээвэрлэлтийг 2 янзаар зохион байгуулна. Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчино.

Замд хооллох газар хаалттай учир хувийн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Дуртай газраа зогсож бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд JPS-тэй. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, өөрийн очих байршилд 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ" гэв.


Онцлох нийтлэлүүд