ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.20 07:05

Урам зориг төгөлдөр хүн гэж байдаг

Урам, зориггүй хүн ч байх юм. Ажил төрөл ярина, урдаас шаналгаа царайлаад суучихна. Түүнтэй ажил ярьсан биш бөөн зовлон аваачаад өгчихөж байгаа мэт. Өмнөөс баахан болж бүтэхгүйг эхлээд ярина. Ажлыг болгох, бүтээх, чадах талаас харна гэсэн ойлголт тийм хүмүүст огтхон ч байхгүй. Шаналгаатай царайг нь хараад л “За энэ нөхөртэй ажил яриад бүтэхгүй юм байна” хэмээн өөрөө дагаад халирчихаж байгаа юм. Бүх юм болохгүй, бүтэхгүй мэт харагддаг ийм хүмүүс яаж амьдраад байдаг юм бол. Гэхдээ амьдраад л байгаа харагдах юм. Өглөө цайгаа уучихаад ажил дээрээ ирж 10 жил суусан ширээндээ суугаад, 10 жил үлгэн салган хийсэн ажлаа үргэлжлүүлсэн болоод орой гэртээ ирнэ. Хоолоо идээд телевиз хараад унтана. Өдөр бүрийн амьдралын хэмнэл нь энэ. Өөр орчин, өөр хөгжил хөдөлгөөн түүний амьдралд огт байхгүй. Ийм муухай төлөвшлөөсөө болоод ажил дээр ч, амьдрал дээрээ ч хөгжиж дэвжихээсээ өнгөрч, царцсан хүн. Амьдралын өчнөөн сайхан боломж хажуугаар нь өнгөрөөд л байдаг. Уг нь бол хүний амьдралд чаддаггүй юм гэж байдгаас болдоггүй юм гэж байдаггүй гэдэг.
Харин дэргэд нь ямар ч ажил өгсөн, ямар ч ажил ярьсан “За болгоно доо хө, тултал явъя” гэж хэлээд дүрэлзтэл, хийморио бадраагаад гараад явчихаж байгаа хүн мөн ч урам зориг төгөлдөр, сайхан харагдах юм аа. Ажил хийж сурсан, ажлын ард гарч үр дүнг нь үзэж сурсан тийм хүмүүс монголчуудын дийлэнх нь болчихвол Монгол Улс хөгжиж ядаад байх ч юу байхав дээ.

П.Хашчулуун

Онцлох нийтлэлүүд