ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.27 02:05

Урам хайрлах хэмжээ

Бусдад дандаа  урмын үг хайрлаж яв гэх. Тэр үнэн. Ухаантай балай хэн боловч урам сонсохыг битүүхэндээ хүсч явдаг. Шагналд дургүй гэх авч медаль өгөхөд өөдөөс гараа сарвайж л байгаа биз дээ.
Яг нарийндаа бол туршла­гатай сурган хүмүүжүүлэгчид хүмүүсийн энэ өчүүхэн сул тал дээр тоглолт хийдэг байдаг л арга хэлбэр шүү дээ. Тухайлбал олон жил шоронгоор явчихсан этгээдэд “Ямар сайхан мэндчилдэг юм. Маш амттай хоол хийжээ...” гэхчилэн жирийн амьдралд дасгах гэж хөөргөөд байхаар бүр егзөр хулгайч нь хүртэл уярч хайлдаг.
Урмын үгсийг маанийн чавганц нар шиг харааж ч чадахаа байтлаа хошуугаа дэвсэцгээн наль наль хийцгээвэл бүр утгагүй юм болдог. Хэзээ мөдгүй гэрлэх гэж буй том хүүхэн эрхийн тэнэгтэж, төрхөмдөө ганц удаа хог шүүрдэж, оёж шидсэнийхээ төлөө урам нэхэж урвайж байна, цаана чинь. Юуны чинь урам. Иймхэн юмыг хүн болгон хариу тус нэхэлгүйгээр хийгээд хэвшчихсэн байх ёстой хэмээн тас загнавал зохилтой.
Тэгэхлээр “Чи сайн” гэх үнэлэлтийг эзэлсэн эрэмбэ зиндаанд нь  тохируулж хэлдэг байхгүй юу. Дээхнэ манай Цэнддоог дадлагын оюутан “Таны фельетон бүр элэг авчихлаа. Та шог зохиол бичээч.Аягүй бол чадна даа” гэж “урам хайрлаж” билээ. Түүнд нь хэр урамшаа бол.

Ж.ГАНГАА

Онцлох нийтлэлүүд