ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.08 11:05

УРУГВАЙ Хоёр удаагийн дэлхийн аварга баг

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Бразил, Аргентин хэмээх газар нутаг, эдийн засаг, соёл урлаг, хүн амынхаа тоо хэмжээгээр дэлхийд дээгүүр бичигдэх гүрнүүдийн дунд Уругвай гэх жижигхэн улс бий. Жижигхэн нутагтай, дөрвөн сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийнхаа гол орлогыг мал аж ахуй (ихэвчлэн хонь), загас агнуур, газар тариалангаас олдог, дайн байлдаан, хар тамхины наймаа байхгүй амгалан тайван улс. Гэхдээ НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас өөрсдийгөө ялгаж цоллуулах нэг онцлог энэ улсад байна аа. Тэд 1930 онд хөлбөмбөгийн анхны ДАШТ-ийг нутагтаа зохиож дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг анх хүртсэн хүмүүс билээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа дэлхийн аварга болж гурван удаа (1954, 1970, 2010 онууд) хагас шигшээд шалгарсан бөгөөд ийм амжилтыг зөвхөн Бразил, Герман, Итали улсууд л үзүүлсэн гээд бодохоор хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо улсын хувьд бахархмаар амжилт биш гэж үү. Бразилийн ард түмнийг нийтэд нь уйлуулж, 300 орчим хүн амиа хорлоход хүргэж байсан 1950 оны зургадугаар сарын 15-ны өдрийн финалын тоглолтын ялагч Уругвайн шигшээ баг өнөөдөр энэ цаг үед юу үзүүлж чадах вэ, тэр нэгэн он жилийн үйл явдлыг давтаж чадах болов уу гэдгийг жаахан судалъя.

Уругвайн шигшээ багийн ноён нуруу:

Фернандо Муслера, Мар¬тин Сильва, Диего Лугано, Максимилиано Перейра, Мар¬тин Касерес, Эгидио  Аревало, Диего Перес, К.Родригес, Гаргано, Гастон Рамирес, Форлан, Стуани, Луис Суарес, Кавани. 

Багийн ахлах дас­гал­жуулагч Оскар Вашингтон Табарес

2010, 2011 оны Ла­тин Америкийн шилдэг дас­гал­жуулагч, багаа тивийн аваргын алтан медаль, 2010 оны Африкийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт хүр­гэж чадсан нь 67 настай дасгалжуулагч Уругвайн шиг­шээ багийг амжилтад хүргэх нэгээхэн том хэсэг нь мөн үү гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ бүх шилдэг дасгалжуулагчийн хэрэглэдэг нэг зарчим буюу цагийг нь олж багаа шинэчлэх, “шинэ цус юүлэх” аргыг ор тас мартсан, өөрт үнэнчээр өчнөөн жил зүтгэсэн “хуучин цэргүүдээ” ашиглах нь хэт сунжирч байгааг тэр олж харахгүй байх шиг санагддаг. Энэ удаагийн мундиалд очиж байгаа 32 багаас овоо хөгшин багийн нэг нь уругвайчууд билээ. Тэдний багийн гишүүдийн шигшээдээ тоглосон тооны нийлбэр 800-гаас хол давсан гэсэн тооцоо гарсан байна лээ. Дунджаар нэг тоглогч 40 удаа шигшээдээ дуудагдсан гэсэн үг. Олигтойхон залуучууд байхгүй тул Лугано, Форлан мэтийнх нь тоглоод байна гэж бодвол том эндүүрэл шүү. Жишээ нь, Уругвайн идэрчүүд 2011 онд ДАШТ-д мөнгөн медаль авч залуучууд нь дараа жил нь бараг л алт авах шахсан. 

Сайн тал

Пөөх энэ Уругвайн шигшээ багийн урд талыг хар даа. Луис Суарес, Эдинсон Кавани, Кристиане Стуани, Диего Форлан гээд цаана нь энэ жил сайн тоглож байгаа Гонзало Кастро, Николас Лопес гэх мэтчилэн нэрлэж болно. Бас нэг онцлог нь эдгээр довтлогч нараас нэг нь ч гэмтээгүй, бүгд өөр өөрийнхөө дотоодын тэмцээнүүдэд гайхалтай тоглолт үзүүлээд манаргаж явна. Суарес Англид яаж галзуурч байгааг харахад л болно биз дээ. 

Хаалгач сайн. Фернандо Муслер гэдэг дөлгөөн харцтай залуу Туркийн “Галатасарай” багийн хөгжөөн дэмжигчдийн хайрыг хүлээсэн итгэлтэй тоглолтыг энэ жил үзүүлж байгаа. Сая аваргуудын ли¬гийн тэмцээний үеэр ажиг¬лахад тэр багаа хэцүү үед нь аврах, итгэлтэй тоглолтоороо хамгаалалтын тоглогчдод нөлөөлөх авьяас нь улам сайжирсан харагдана билээ. 

Сул тал

Мэдээж нөгөө дээр ду¬рьдсан өндөр нас. Нэн ялангуяа хамгаалалтын шугаман дээр зогсох хөлбөмбөгчид бүгд шахуу 30 хол давсан настай, 90 минутын ачааллыг даах уу, үгүй юу гэдэг нь асуудалтай болчихсон нөхдүүд бий. Хэт хэвийсэн нас, хагас хамгаалалтын хэсэг дээр ч яригдана. Эгидио Аревало, Диего Перес, Горгано гэхчлэн гучин настангууд хамгийн их гүйдэг хэсэг дээр тоглох бөгөөд үнэхээр сайн бэлдэж очихгүй бол тоглолтын бүтэн хугацааг хэмнэл алдалгүй өнгөрөөнө гэж даанч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл хагас хамгаалагчдын ухаалаг тоглолт, хурц хараанаас довтлогчдын хувь заяа ихээхэн шалтгаалдаг болчихсон энэ цаг үед байг гэхэд Лэмпардын хэмжээнд тоглохоор хагас хамгаалагч яг одоогоор Уругвайд алга байна. Хэдийгээр Суарес нэлээн хойш татаж өөрийн талбайгаасаа довтолгоонд оролцдог ч гэлээ Кавани мэтийн бусад нь зөвхөн дамжуулалт хүлээгээд, төвийн шугамаас хэтрэлгүй зогсож байдаг муу зуршлыг тооцоолох хэрэгтэй. 

Энэ удаагийн ДАШТ өчнөөн олон жилийн дараа Латин Америкт болж байгаа. Латин Америкт зохиогдсон зургаан ДАШТ-ий хоёрынх нь түрүүг авсан Уругвайн шигшээ багийнхныг товч танилцуулахад иймэрхүү байна. Өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн уналтад орж нэг хэсэг дэлхийн шилдгүүдийн эгнээнээс чимээгүйхэн сугаран үлдэж байсан энэ шигшээ баг харин сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд огцом сайжирч аль ч насны ангилалд дэлхийн шилдгүүдийн эгнээнд эргэн ирж байна. Бразилд зохиогдох ДАШТ гэдэг нь бараг л Уругвайд зохиогдож байна гэхээр ойрхон тул хөгжөөн дэмжигчид ч гэлээ боломжийн их цугларна гэсэн үг биз дээ. Бид Бээжинд болсон олимпийн үеэр бокс, бөхийн танхимыг хоёр биш хорин сая хүнтэй улс мэт дүүргэж байсантай адил юм болох нь ойлгомжтой билээ. Суарес “Ливерпүүл” хоёр энэ жил азтай байгаа. Суарес Уругвай хоёр бас азтай байх ч юм билүү хэн мэдлээ. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд