ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.23 06:06

Ус суваг ашиглалтын товчооны баг хөлбөмбөгийн тэмцээнд аваргалав

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд жил бүр нээлттэй тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гарагт тус дүүрэгт боллоо. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой энэ нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, МоАХ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс бүрдүүлсэн долоон баг оролцсон юм. 

Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож, хагас шигшээд МоАХ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч, Ус суваг ашиглалтын товчооны баг шалгарав. Шигшээ тоглолт Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний багийн хооронд өрнөж, 2:0 оноогоор Ус суваг ашиглалтын товчооныхон хожсоноор үүрд хадгалах “Алтан дагина” цом, алтан медаль, 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Эрчим хүчний баг мөнгөн медаль, 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин МоАХ, Онцгой байдлын хэлтсийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 0:1 оноогоор Онцгой байдлын хэлтсийнхэн хожив. Онцгой байдлын хэлтсийн багийн н.Бат-Эрдэнэ тоглолтын явцад дөрвөн гоол уруулснаар шилдэг тоглогчоор тодорсон бол шилдэг хаалгачаар Ус суваг ашиглалтын багийн тамирчин Ш.Балдорж шалгарсан юм. 

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээний талаар Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Жил ирэх тусам хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцогч багийн тоо нэмэгдэж, тэр хэрээр тоглолтууд өрсөлдөөнтэй болж байна. Нээлттэй тэмцээн гэдэг утгаараа зөвхөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдүүлсэн багууд биш хотын төвийн дүүргүүдээс багууд ирж оролцлоо. Цаашид тэмцээний хүрээг улам тэлэх зорилготой болно. Энэ жилийн нээлттэй тэмцээнээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлог байлаа” хэмээн ярив.


Онцлох нийтлэлүүд