ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.01.09 10:01

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам өнөөдөр болно

Өнөөдөр Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн өдөр. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрөөр МЗЭ оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаа зохион байгуулдаг уламжлалтай. МЗЭ-ийн үндэсний төвүүд өнгөрсөн оны 11-р сарын 20-ноос буюу их зохиолч Д.Нацагдоржийн ойг тэмдэглэж дууссан өдрөөс эхлэн “Алтан өд”-ийн бүтээлүүдийг авч эхэлсэн байна. 12-р сарын 16 хүртэл бүтээлүүдээ аваад, дараа нь үндэсний төвүүд хэлэлцэж 2-3 бүтээл шалгаруулж үлдээсэн байна. Шалгарсан бүтээлүүдийг МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлдэг аж.

“Алтан өд” наадмыг анх 2001 онд МЗЭ-ээс санаачлан зохион байгуулж байсан. 2001 оноос МЗЭ-ийг 1990-ээд оныхон гэгддэг залуучууд удирдаж эхэлсэн. Х.Чилаажав найман жил, Г.Мөнхцэцэг долоон жил,нийт 15 жил удирдсан байна. “Алтан өд” наадам харьцангуй бодит шалгаруулалттай. Тухайн ондоо гарсан шилдэг яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолын номыг шалгаруулдаг наадам. Энэ жил яруу найргийн төрөлд 30-аад бүтээл, үргэлжилсэн үгийн богино хэмжээний 10 гаруй бүтээл иржээ. Орчуулга энэ жил нэлээд сайн иржээ. Тодруулбал 16 орчуулгын бүтээл ирсэн аж. Нийт есөн номинациар “Алтан өд”-ийн эздээ шалгаруулдаг.

Өнөөдөр 11.40 цагаас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр үйл ажилагаа эхлэх гэнэ. 13.00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрт МЗЭ-ийн 88 жил, “Алтан өд” наадмын маань 15 жилийн ой, оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолоо хийх юм байна. Манай зохиолчид хүрэлцэн ирж энэ жил ямар төрөлд ямар бүтээл шалгарч вэ, ямар бүтээлүүд ирж, аль нь шүүгдэж гарч вэ гэдгийг харах боломжтой юм.

Энэ жилийн “Алтан өд”-ийн яруу найргийн төрөлд л гэхэд олон сайхан залуусын ном орсон байна. Я.Баяраагийн “Таслал”, С.Начингийн “Ай” гээд л үргэлжилнэ.

Онцлох нийтлэлүүд