ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.01.09 03:01

"Утгын чимэг" наадмын тэргүүн өгүүллэг

Нийтлэлч: Өдрийн сонин

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж өнгөрлөө. МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлсэн байна. Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ, гуравдугаар байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэг "Булангийн зогсоол" өгүүллэгээрээ тус тус шалгарчээ. Харин тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээжээ.

Тус наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгийн толилуулж байна.

ГУРВАН ХЭМЖЭЭСТ

Дорнын тооллоор зул сар барагдах шөнө Загар хачин их гэрэл туяатай зүүдлэв. Тэнгэр нь гүн цэнхэр, моносны цагаан цэцэгс малгайлсан цас бударсан мэт цагаан, үнэр бал бурам шиг анхилам. Ганганд шургасан харанхуй ширэнгийн хөвд мөчрийг санагдуулам үзэсгэлэнт хавцлын ирмэгт Загар шав шар дээлтэй сууж байх аж. Хачирхалтай нь өмссөн тэр гоёмсог шар дээл бол түүний тэрслэгч анд Сугарынх байх юм гэнэ. Хажуугийн булагийн эх довцог дээр саяхан идшэнд нядалсан хоёр жилийн сувай хар халзан үнээ нь сарлагийн боодой шиг цасан цагаан тугал хөхүүлэн зогсож байв. Хурц тод зүүднээс салж чадахгүй гайхах баясах зэрэгцэн, Загар сэрж гар чийдэн тэмтрэн ханын том цаг руу тусгавал дөрвөн цаг дөчин хормыг зааж байв. Энэ цагт үнэгэн харахуйд сэрдэг болоод уджээ. Тэгээд ёс юм шиг жимсний шилэнд давсагаа суллаад орчлонг эргэцүүлэн хэвтдэг заншил тогтжээ. Яг үүр цайхын алдад эргээд нойр хүрэх авч морь малын ажил монгол хүнийг ямар унтуулж хэвтүүлэх биш. Сайхан зүүд хэмээн билэгшээх сацуу, “Энэ муу Сугар зүүдэнд орохоос ч бас хоцрохгүй шүү” гэж унтууцав.

Загар нэг удаа малын эрлээр Сугарынд хонохдоо нохой унталтаар унтаж, эхнэртэйгээ яах нь вэ? гэж саваагүйтэн чагнаж байгаад нам унтаж, харин Сугар өглөө эртлэн босоод алдуул хэдэн адууг нь хөөгөөд ирсэн байж билээ. Сугарт хордсондоо “Надад олдохгүй байсан мал Сугарт олддог нь ч юув” гэж адгуус малд уур нь хүрч байжээ. Энэ мэтийг нэхэн санахдаа “Үргэлж нэг алхмын урд яваад байж шүү” гэсэн бодол гялсхийн орж ирэв. Тэр бодол даамжирч, Сугараас болж хорссон анхны хайрын зурвас зөрөг руу хөтлөн аваачив.

Жүрхин овгийн Зүсэм гэгч алаг нүдэн охин амьсгал зүрхнээс салахаа байж алтан бумба мэт ариунаар мөрөөдсөн гэрэлт үедээ зүрхэндээ гүн шарх авсан юм. Нэгэн насны шарх авсан тэр өглөө Зүсэмын гадаа Сугарын морь уяатай хоносон байж, Загарын үйлийн лайтай хоёр нүд түүнийг өөрөө олж үзсэн юм. Сугар, Зүсэм дээр хоноод үүрээр мордохыг, хацар нэвт туяарсан Зүсэм хйарын нүдээр энхрийлэн үдэхийг Загар цээжээ хорсгон харсаар хоцорч билээ.

Цас ороод хоножээ. Эхнэр нь өрх татах үед хэсэг цас шархийн зуухан дээр унав. Загар “Энэ амьтныг би шөнө бүхэн тэвэрч, шүр болтол ханилж дээ. Эмс эхнэрүүд анхныхаа эрийг мартдаггүй юм гэсэн. Боддог л байлгүй” гэж эхнэрийнхээ тухай олиггүй юм бодно. Загарын дотор хорсон, Зүсэм бүсгүйн аньсага буулган хар цагаан дуугүй ширтдэг алаг нүдийг санахаараа ингэж шалтгаангүйгээр эхнэртээ хорсдог байлаа. Өөрийгөө бодсон ч, эхнэрээ харсан ч Сугарт дургуй нь хүрч, “Сугар анхнаасаа л миний өмнө явж ирж” гэсэн дүгнэлт өөрийн эрхгүй орж ирсээр.

Сугарыг мэргэн түргэн гэлцдэг байлаа. Загарын аазгай нь хөдөлж өөрийн эрхгүй ярвайна. Сэтгэлийн мухарын чулуу мэт хатуу хорслоо тайлж болох мэргэн арга бодож олжээ. Загарын үгнээс зөрдөггүй, сэмхэн Сугараар мал хуйгаа мэргэлүүлдэг дорой ноомой залуу бий. Түүнд урьдаас бэлдэж хадгалсан хоёр чулууг өгч,

-За чи Сугар дээр очоод энэ хоёр чулууг үзүүл. Та энэ хоёр чулууг үзээд аль нутаг нь надад өлзий буянаа өгөх вэ, хэлж өгөөч ? гэж гуй. Тохиролцох нэг юм байна. Би одоо мордоод тэднийд сууж байя. Чи миний араас удалгүй очиж миний дэргэд асууна шүү.

-Ямар учиртай чулуу юм бэ?

-Хариулт нь надад сонин байна.

Тэр хоёр чулууны нууц гэвэл нэг нь Дунд булагийн эхээр давдаг давааны оройн овооны чулуу. Нөгөө нь гэвэл Дэрстийн худаг ухахад ёроолоос нь гарсан чулуу байжээ. Залуу үүнийг сонсоод бас л догдлон дотор нь загатнажээ. Загар “Үүнийг тааж мэднэ гэж юу байхав, барьц алдан тагжирч суухад чинь бахаа ханатал даапаалах юм шүү” гэж бодож байлаа.

Хар бага насны анд Сугар, Загар хоёр тамхилангаа нутаг усны сонин сайхныг хуучилж суутал, Загарын захиастай залуу орж ирэв. Мэнд ус мэдэлцээд, даалингаа ухан хоёр чулуу гаргаж, чин сүжиг илэрсэн нүүрний хувиралгүй харцаар Сугарын өөдөөс чулууг барьж асуув. Загар ханцуйдаа инээж байв. Сугар сэрдхийн, Загарыг нэг, чулууг нэг харлаа. Нэг нэгээр нь эргүүлж тойруулан сонжиж дуусаад бах нь ханасан янзтай инээвхийлэн хамрын тамхиа овоолоход Загарын бие зарс гээд явчихав. Сугар торох ч үгүй,

-За залуу минь тогтвол энэ нь зүгээр юм гэж овооны чулууг имрээд өгөв. Харин багтвал энэ нь ч зүгээр юм гэж худагийн чулууг буцааж барив. Загар балмагдахдаа хамаг шар үс нь бослоо.. Ам руугаа алгадуулсан залуу год үсрэн гарч одов. Өөрийг нь хүндлэн бишрэх сэтгэл төрж эхэлсэн Загарт, Сугар аминчхан яриа дэлгэж

-Зүүн баруунгүй хатгуулж өвдөхөөр, хааяа би хоёр зүрхтэй юм биш байгаа гэж дэмий юм бодох юм. Ямар балдуушийн хоёр зүрх байхав дээ. Титэм судасны нарийсал гэнэ дээ хө. Ханат гэр нь холдож хадан гэр нь ойртож байгаа юм даг уу даа гэв.

Эрүүл саруул Сугарыг өвчин ярьсанд урамшив уу. Ямар ч байсан Сугар өөрөөс нь нэг алхмын өмнө явж ирсэн. Бас өөрөөс нь нэг алхмын өмнө үхэж магадгүйм байна гэж бодсон уу. Хоёр чулуунд гартуулж чадаагүй ч, үл мэдэгдэх ялалт байгуулсан шиг санагдаад явчихжээ. Эсвэл хүлгийн нуруунд гарвал санаа нь амардаг морьтны халуун цустайн шинж юм уу. Ямар ч байсан Загарын сэтгэлийн мухар дахь хар хорын бодол салхинд хийсэх мэт цэлмэж, магнай тэнийтэл бах нь ханаад шувуу мэт давхин оджээ.

Орон зай гурван хэмжээстэй байхад цаг хугацаа яагаад ганцхан хэмжээстэй байдаг юм бол доо, хөөрхий ..