ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.12.02 01:12

Уулсын уулсаас өндөлзөх азын цэнхэр уул

Хүний сэтгэлийн хойморт хүндэт суудал эзлэн заларсан эрхэм хүмүүн орчлонг гэнэт орхилоо гэсэн гашуун мэдээ сонсоход өр зүрх өмөрч, ухааны чагтага мултрах шиг болдог юм байна. Ухаан санааны орон зайд олбог түшлэгтэйгээ заларсан Пүрэв баавай минь миний хувьд тийм л хүний нэг. Тэсгим өвлийн жавар тачигнасан тэр орой муу сураг сонсоод, дөнгөж өчигдөрхөн бид инээлдэж суугаагүй билүү гэж бодохоор үнэмшихэд бэрх санагдавч хуурамч хорвоогийн овлигогүй араншинтай эвлэрэхээс өөр яах ч билээ. Монголын их утга зохиолын эрдэнэсийн өв санг манлай бүтээлүүдээрээ арвижуулж ирсэн үргэлжилсэн үгийн зохиолын үнэт хүдэр олборлогч, өгүүлэхүүн уран дархан Санжийн Пүрэв эх орны аугаа их дайны түймэр дүрэлзсэн жилийн өвөл цаг дор Алтайн их уулсын салбар өндөрлөгт дуугаа хадаан төрсөн байдаг. Жирийн малчин ардын аргалын утаа бургилсан эсгий гэрт өсч торнин, хурга ишигтэй хөөцөлдөж, унага даагатай ноцолдон эрийн цээнд хүрсэн тэрбээр бичээч, нягтлан бодогч, слесарь, байлдагч, нүүрс малтагч, эвлэлийн ажилтан, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч гээд хийж үзээгүй ажилгүй, амьдралын урт замыг туулжээ. Нэрт зохиолч болтлоо өсөж өндийсөн Монголын утга зохиолын нэгэн ноён оргилд ийнхүү цасан нурлага болсноороо ажилчны алхны тогшилт, уурхайчны өрөмний нүргээн, байлдагчийн бакалийн чимээ, усны гудамж дахь хашгираан, усаа дагаж жаргах хонгор бүсгүйн инээмсэглэл, азын цэнхэр уулаа зүглэх малчны нүүдэл зогслоо гэсэн үг биш, харин ч уншигч түмний сэтгэл зүрхэнд улам бат хоногшин үлдлээ гэсэн үг юм.

Баавай бид хоёр нэг нутаг усны хүмүүс гэж би бардамнан ярих дуртай байлаа. Алтайн ноёлог уулсын үргэлжлэл Даривын хөндлөн хөх нуруу, тэр их хөглөгөр уулсын дунд орших Майханы хөндий бол бидний хүй цөглөсөн тоонот билээ. Манай Алтайчууд дандаа л Даривын цэнхэр нуруу гэж нэрлэдэг тэрхүү хөх уулсдаа Баавай минь дэндүү хайртай байв. Бага насны гэрэлт өдрүүд нь тэнд өнгөрсөн болохоор тэндээс л уран бүтээлийн урам зоригоо олж, ундарга арвин мөрөн шиг уншигчдынхаа сэтгэлийг цэнгүүлсэн, жинхэнэ монгол ахуй амьдралыг тагнайд амтагдаж, нүдэнд харагдтал урласан уран яруу бүтээлүүдээ хөврүүлдэг байсан юм шүү дээ. Баавайн олон зохиолд тэрхүү цэнхэртэн харагдах Дарив сумын минь миний мэдэх, сонсож дуулсан олон уул усны нэр дурдагдаж, таньж мэдэх олон хүний дүр төрх санагддаг нь хуучин танилтайгаа уулзах мэт сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов “Уулын хүн уулаа л дуулдаг юм” гэж хэлсэн байдаг. Үнэн ажээ. Гамзатов, Баавай хоёр адилхан уулын зохиолчид юм. Том улсын найрагч болохоор эрхэм Гамзатов дэлхийд нэр нь түгсэн болохоос бус Санжийн Пүрэв авьяас билгээрээ юу дутах байсан юм гэж би мунхагланам.

Уран зохиолын олон төрөл зүйлээр урлан бодож, ухааран сэтгэж бичих төрмөл онцгой авьяастай, Монголын уран зохиолын том төлөөлөгч энэ эрхэм бол ард түмэндээ азаар заяасан зохиолч байв. Түүнийг Монголын уншигчид хэрхэн хүндлэн хайрладаг нь зовохын цагт нөхрийн чанар танигдана гэгчээр гадагшаа явж эмчлүүлэх болоход нь илрэх шиг болсон доо. Алтайчуудаас эхлээд алс холын Америк, Австрали, хажуу дэргэдийн Япон, Солонгост суугаа монголчууд, өвөрлөгч нар гээд хэдэн зуун хүн өглөгийн гараа сунгаж, хайр халамжийн халуун алгаа дэлгэсэн юм. Монголын зохиолчдын хороон дээр Баавайн олон ном зохиолыг борлуулах ажил зохиогдоход мөнгөөр тусалж чадахгүй ч номыг нь худалдаж авъя гэсэн хүмүүс олноороо ирж байв. Энэ бүгдийн буянд эмчилгээний зардал нь амархан бүрдэж, урд хөршийг зорьсон ах минь удсан ч үгүй эрүүл сайхан болоод эргэж ирэн бичгийн ширээнээ суусан сан. Явахаас нь өмнө болон ирснийх нь дараа Гачуурт дахь гэрт нь өдөр бүхэн зочид гийчдийн хөл тасрахгүй байж, хэрхэн эрхэмлэн хайрлаж, энгүй ихээр хүндэтгэж байсныг нь ойр дотно байсны хувьд мэдэх болохоор эргэн санахад сайхан байна. Энэ бүхэн бол төрөөс олгоогүй гавьяа шагнал, алдар цолноос илүү эрхэм дээд хүндлэл байв.

Энэ сайхан хүнтэй би хувь заяаны төөргөөр мянган бээрийн аяллыг хэдэнтээ хамт хийжээ. Эрхэм ах минь намайг бараа болгож дагуулан олон ч удаа төрсөн нутгийн замд гарч, тэр бүхэнд хийморь заяатай, хоймор суудалтай явсан билээ. Хамт явахад ханилгаатай хүн сэн. Илүү дутуу зангүй, энгийн, хүн голно шилнэ гэж байхгүй, өнөөх л Баавай минь яг л байгаагаараа, хааяа ялимгүй халамцуу байхдаа тогоо нэрэхэд эхний ус авсан жалавч шиг тос даан хөлрөөд, зүлгэмэл хүрэн царайнд нь хөлс шууран, тугалынх шиг тунгалаг хар нүд нь эргэлдээд, тослог сайхан яриа өрнүүлж суух нь бахтай сан. Цагаан сүүний ундарга мэт санаа цагаан, хүнд гэмгүй, мөрөөрөө, өгөөмөр тусч, алсын ханилгаатай, монгол жудагтай эр хүн бол Баавай минь байсан даа. Монголын их утга зохиолд хоёрхон эрхмийг Баавай хэмээдэг. Тэр нь агуу их Сэнгийн Эрдэнэ, Санжийн Пүрэв хоёр юм. Энэ нь Баавайд минь оноосон хэр их үнэлгээ болох нь тодорхой. Хэнтийд болсон зохиолч-уншигчдын уулзалт дээр хөтлөгч нь: –Төрийн шагналт зохиолч Пүрэв үг хэлнэ гэжээ. Тэгэхэд нь Баавай: -Ээ базарваань, тэр чинь би биш “Зүрхний хилэн” роман бичсэн Жамбын Пүрэв шүү дээ хэмээн сандран өгүүлсэн гэдэг юм. Тийм л сайхан эгэл даруухан хүн байв.

Баавай бид хоёр ярилцаад Алтайн хэсэг зохиолчдыг манлайлан нутаг явж, улмаар аймгийн зохиолч нөхөдтэйгөө нийлэн цөөнгүй суманд очиж, зохиолч-уншигчдын уулзалт цэнгүүн зохион байгуулж аялсан нь 2014 он бөгөөд энэ аялал маань амжилттай болж, миний бие “Алаглан харагдах Алтай” хэмээх замын тэмдэглэл бичиж,”Өдрийн сонин”-д нийтлүүлсэн түүхтэй. Тийн явахдаа аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүстэй нүүр тулан ярилцаж, сэтгэлээ нээлцсэний буянд зардал мөнгө нь шийдэгдсэнээр Говь-Алтай аймгаас төрж гарсан зуу гаруй зохиолчийн намтар түүх, шилмэл уран бүтээлээр “Тэнгэрийн мөнгөн Алтай” гэдэг жар гаруй хэвлэлийн хуудас бүхий тоосго лугаа том боть бүтээж, орон нутагт түгээсэн нь уншигчдын хүртээл болж, талархал хүлээсний дээр энэ ном одоо олдохоо больж, эрэл сурал ихтэй эрдэнэ болсонд баярлаад баршгүй. Энэ бол Баавайгийн минь нэр нүүрийн буян, алдар хүндийн нөмөр нөөлөг байсан юм. Дараа жилийн хавар нь бид хоёр дахин Алтайгаа зорьж, яруу найрагч, орчуулагч соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж агсны 85 насны ойд уригдан оролцож, энэ ойд зориулан бүтээсэн миний “Алтайн хөх салхи” номын нээлтийг ташралдуулан хийж, энэхүү арга хэмжээний талаар “Утга зохиол,урлаг” сонинд материал бэлтгэн өгч нийтлүүлж байв. Бид хоёр төрөлх Дарив сумынхаа түүхт ойн номыг бичих хүндтэй даалгавар хүлээсэн байсан тул энэ явалтаараа цэнхэр нутгийнхаа зүг хөлгийн жолоо залсан юм. Сумаа бүтэн тойрч, Баавайнхаа төрсөн бууц Их гашууны өвөлжөө хүрч, нутаг усны олон хүнтэй уулзаж, олон арван зураг дарж, сумын дарга нараас бэлтгэж өгсөн зочид буудалд хэдэн өдөр тухлан, биднийг зорьсон нутгийн хүмүүсийн хөлд дарагдаж, бичих номынхоо ноён нурууг босгож, тэр бүхнийхээ хүчинд “Цэнхэр нутаг” хэмээх уран нийтлэл, намтар судлалын томоохон ном бүтээж, нутгийн зон олондоо их ойгоор нь өргөн барьсан билээ. Баавай бидэн өмнө нь сумынхаа сургуулийн ойн номыг “Даривын сургууль” нэртэйгээр бүтээснээ тэмдэглэх ёстой. Манай Дарив хэзээнээс бичгийн мэргэд олонтой. Баавайгаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч С.Лочин, сэтгүүлч зохиолч Р.Чулуун, радиогийн нэрт сэтгүүлч, яруу найрагч М.Цагаан гээд гавьяатуудын араас зөгнөлт зохиолч Ярвааны Чулуун, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Шаравын Энхбаатар, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Шунхайн Цоодол гээд шүлэг зохиол туурвидаг олон хүн жагсана. Бидэн хоёр эд нарынхаа шилмэл бүтээлүүдийг сорчилж “Цэнхэр нутгийн эгшиглэн” хэмээх утга зохиолын эмхтгэл бэлтгэн хэвлүүлж нутгийн түмэндээ өргөн барьсан юм. Энэ ном өдгөө манай Даривчуудын нэрийн хуудас болж, айл бүхний хойморт залаатай байгаа.

Бидний хамтдаа аялах зам бас л үргэлжлэх учиртай байжээ. Алтай нутгийн суут хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойг Алтайчууд өргөн тэмдэглэх ёслолд Алтайгаар овоглосон зохиолчдын хамт оролцох завшаан өчүүхэн бичгийн хүн надад тохиосон билээ. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Ч.Лодойдамбатай холбоотой материалуудыг нэгтгэн миний бие “Сайхан хайр” гэдэг ном бүтээснийг минь Баавай бусдаас түрүүлэн уншиж дуусгаад “Сонирхолтой сайхан ном болсон байна” гэж надад урам хайрлаж байв.

...Аугаа их авьяас билигт, эрдэмлэг энэ зохиолчийн “Цэрэг эрийн тууж”-ийг аль далаад оны эхээр олж уншсанаас хойш түүний “Эх газрын чулуу” роман, “Айлын бүсгүйг мартахгүй” тууж тэргүүтнийг амтархан уншиж, энэхүү бичгийн их хүнийг өчүүхэн би далд сэтгэлдээ бишрэн шүтэж явлаа. “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн “Айлын бүсгүйг мартахгүй” хэмээх уянгалаг гэгээн туужийг уншаад зохиол гэж ийм л байдаг аж. Яаж ингэж бичдэг байна аа хэмээн гайхан биширч, гүн бодолд автаж байснаа одоо хэр мартдаггүй юм. Гэтэл эрхэм зохиолчийн Москвад оюутан байхдаа бичсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг, “Уулын намар” тууж нь хэвлэгдэж, өөрийг нь бишрэн шүтэгч миний зүрх сэтгэлийг бужигнуулж орхисон билээ. Нэг нутгийн хүмүүсийн хувьд нутаг усныхаа олон жилийн уламжлалт амьдрал ахуйг торойтол дүрсэлсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг надад дэндүү ойр байсан юм.

Хол газраас нутаг усаа, нутгийнхаа хүн ардыг санан гэгэлзэхдээ тэднийхээ энгүүн хэрнээ ёс жудагтай монгол амьдралыг уран сайхнаар дурайтал зурж үзүүлсэн нь уг өгүүллэгийн амин сүнс билээ. Тус өгүүллэгийн багахан хэсгээс дурдахад:

...Ханд нөхрөө гайхан харснаа:

- Чи чинь өнөөдөр юу болчихоо вэ гэв.

- Яачихсан байна. Ингэхэд чи санаж байна уу, Хандаа. Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. Сайхан байжээ, бид хоёр. Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хэрнээ:

-Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж, нөгөө л ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илбэв... гэсэн нь бий. Эндээс харахад аливаа нэг үйл явдал, үзэгдэл юмсыг оновчтой мэргэн үгээр урнаар хэлдэг нь харагдаж байна. Энэ сайхан өгүүллэгийг би одоо ч ахин дахин унших дуртай. Энэ гэгээн өгүүллэг бичигдсэнээсээ хойш 40 дэх жил дээрээ эзнээ орхиж буурал зохиолч минь номын агаар сэлгэжээ.

Ийн зохиол бүтээлд нь шунан дурлаж, эчнээ бишрэн шүтэж, хүндэтгэн хайрлаж явсан хүнтэйгээ олон сэжмээр ойртон нөхөрлөж, ах дүү шиг ижилдэн, хол ойрын олон аянд дөрөө нийлж, буурал ахынхаа үг сургаал, яриа хөөрөөг сонсон бэлгэшээж явсан минь их хувь заяа юм. Миний өгүүллэгийн анхны түүвэр “Будрах цасны гэгээ” номыг өлгийдэн, өмнөх үг бичиж, гар дээр ирэх хүртэлх бүх ажилд замчлан тусалж, “За, нутгийн дүү минь бичээд бай даа” хэмээн урам хайрлаж байсан нь хориод жилийн өмнөх явдал агаад түүнээс хойш олон ч номыг минь шүүн тунгааж, хянан нягталсан билээ. Над мэтийн олон хүний зохиол бүтээлд анхаарч, тусалж дэмжин, өгөөмөр сэтгэлээ дэлгэж байсан ч тэрээр хэзээ ч “тэр миний шавь” гэж сайрхаж байгаагүй билээ. Даруу гэхэд даанч даруухан, өгөөмөр гэхэд дэндүү өгөөмөр, Даривын нурууныхаа хөх уулс шиг бусдад нөмөр нөөлөгтэй сайхан л хүн явсан даа.

Дутуу насалсан ч дүүрэн амьдарсан эрхэм ахын минь туурвисан арван хэдэн роман, зуу гаруй тууж, хэдэн зуугаар тоологдох өгүүллэг, уран сайхны олон кино, олон арван дурсамж, хөрөг нийтлэл, яруу найргийн ном зэрэг үй түмэн бүтээл нь Монголын уран зохиол дахь нэгэн сүрлэг сайхан сүмбэр оргил болон үеийн үед дурсагдан, монгол уншигчиддаа сэтгэлийн цэнгэл хайрласаар байх биз ээ.

Нутгийн минь хөх уулс шиг нөмөр түшигтэй зохиолч ахын минь гайхамшигт сайхан зохиол бүтээлийг үе үеийн уншигчид уншсаар байх болно, олон сайхан уран сайхны кино нь үе үеийн үзэгчид сонирхон үзсээр байх болно... хэмээн бодохуй уран бүтээлч хүн хэзээ ч сэрүүн тунгалаг гэдгийг мэдэрнэм. Оюун билигт ахын минь бүтээсэн алсын алсаас өндөлзөх “Азын цэнхэр уул” үеийн үед хөхрөн цэнхэртсээр байх болно.

А.МОЛОМЖАМЦ

Онцлох нийтлэлүүд