ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.29 09:01

Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын дүнг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Монголын 21 аймгийн аль нь өнгөрсөн онд чадал чансаатай байсан бэ гэдгийг гаргасан хэрэг. Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дорноговь аймгууд удаалжээ. Эд бол эдийн засгийн хувьд тамир тэнхээтэй, засаглал болон бизнесийн үр ашиг өндөр, дэд бүтэц хамгийн сайтай аймаг. Харин 21 аймгаас өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлд Булган, Архангай, Говь-Алтай орсон байна. Эд бол юм юмаараа бусдаасаа хамгийн доогуур үзүүлэлттэй, ядруухан аймаг юм. Өрсөлдөх чадварын энэхүү жагсаалтаас хаана хүмүүс ашиг орлого багатай амьжиргаа тааруу байгааг, ажилгүйдэл, ядуурал аль аймагт их байгааг харж болно. Ажилгүйдэл, ядуурлын ард архидалт, хулгай дээрэм гээд гэмт хэрэг ч өндөр байдаг. Нутаг орон нь уруу дорой байгааг дарга, удирдлагуудынх нь зохион байгуулалт, арга барилтай холбоотой л байх. Хамгийн гол нь өрслдөх чадвараараа сүүл мушгисан аймгууд эдийн засгийн суурь үндсээ буруу ойлгож, попролыг дэмжиж, амьдралаас тасарсны гай юм. Эдийн засгийн суурь нь буруу болохоор яаж хөгжих билээ.

Энд нэг зүйлийг анзаарч, анхаарч байна уу. Уул уурхайтай аймаг л өрсөлдөх чадвараараа дандаа түрүүлж байна. Тэнд амьжиргаа сайн байна. Ард түмэн нь аз жаргалтай амьдарч байна. Харин уул уухайгаа ад үзсэн аймгууд уутаа гөвдөг гэдэг нь бэлээхэн харагдаж байгааг анзаарав уу. Өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан дээрх аймгуудын Засаг дарга нар саяхан “Бид уул уурхайгүй жишиг аймаг болно” хэмээн мэдэгдэж байсан. Тэгж хэлснийх нь төлөө попууд эхэр татах нь холгүй нулимс унаган алга ташиж, хаа сайгүй зургийн аппаратны гэрэл гялсхийж, сүйд болон баярлалдаж байв. “Бид анхдагч” гэлцээд л.

Тэгвэл одоо хар даа, яг ингэж зарласан Булган, Архангай, Говь-Алтай Монголын бүх аймгийн сүүлд орлоо. Булган аймаг Сайханы айргаа зараад амьдрал нь дээшилж байна уу. Говь-Алтай замбай гурилаа, Архангай цагаан идээгээ зараад эдийн засаг нь өөдлөв үү. Үгүй байна. Хамгийн сүүл мушгисан хэвээрээ байна. Уул уурхай муухай хэмээн мунхарсаар байвал улам л хойно үлдэх нь тодорхой юм.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадсан нь л дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэнэ гэдгийг түрүүлж ойлгосон аймгууд эдийн засаг болон бусад үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Өнөө жил Орхон аймаг түрүүллээ. Булган сүүл мушгисан. Энэ хоёр аймаг хоорондоо 70-хан км зайтай. Өрсөлдөх чадварын хоёр туйл болсон аймаг. Нэг нь түрүүнд, нөгөө нь бөгсөнд. Түрүүлж, удаалсан аймгуудын Засаг дарга нарын менежмэнт, удирдан зохион байгуулах чадвар бусдаасаа тэнгэр, газар шиг ялгаатай гэж би огт бодохгүй байна.

Орхон аймаг уул уурхайгаа унагана гэж яваагүй. Эрдэнэт үйлдвэр жамаараа ажиллаж байгаа учраас л Орхон бусдаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Булган аймаг ч мөн жамаараа, уул уурхайгүй болно гэж зүтгэсээр яваад сүүлдэж хоцорч байна. Уул уурхайтай аймгуудын улсад өгдөг татаасаар л Булган, Архангай, Говь-Алтай өдий зэрэгтэй амьдарч байгаа юм.

Цаашид бид бүгдээрээ зүгээр л жамаараа амьдармаар байна. Завсрын үед бий болсон “уул уурхайг эсэргүүцнэ” гэдэг тэнэг үзлээсээ салах хэрэгтэй болжээ. Улс гүрэн яаж амьдардаг тэр жамаар л амьдрахаас өөр арга байхгүй. Уул уурхай ажиллаж л байдаг, хараа хяналт, дэмжлэг туслалцаа нь хамт явдаг. Ус гол нь урсаж л байдаг, харуул хамгаалалт, арчилгаа тордлого нь нэгэн цогц байдаг. Улс гүрэнд юу хэрэгтэй байна, тэр бүхэн нэг нэгэнтэйгээ харилцан хамааралтай зэрэг хөгжиж байдаг. Дэлхий ертөнц ингэж л хөгжиж байна.


Онцлох нийтлэлүүд