ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.11.10 12:11

Уул уурхайн салбарт нэг үеийн төлөөлөл болсон нэг ангийнхан


Инженер гэж техникийн асуудлуудыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол, ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэнг хэлнэ. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй, зардал зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, улс орон инженерүүдийн бүтээлч байдал, шаргуу хөдөлмөрийн үрээр хөгжих гол сууриа засдаг гэсэн үг. Иймээс энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологийн 2011 оны төгсөлтийг урилаа. Тус анги 170 хүүхэдтэй. Бүгд нэг танхимд сууж хичээллэхгүй. Сонгосон хичээлүүдийнхээ дагуу лекцэнд сууна. Тиймээс мэргэжлийн ангийн кодыг нь харж нэг анги юм байна хэмээн бие биенээ таньдаг байсан тухай ярив. Уг ангийн залуус сургуулиа төгсөөд Монголын бүхий л томоохон уул уурхайн компаниудад ажиллахын сацуу хувийн аж ахуйн нэгж байгуулж амжилттай явж буй олон хүн байгаа аж. Тухайлбал, “Багануур” компанийн уулын хоёрдугаар хэсэгт ангийн гурван анд 2012 оноос хойш хамт ажиллаж байна. Тэд бол эксковаторын туслах машинч Д.Соёмбо, Э.Эрдэнэбаясах, ээлжийн мастер Ч.Чинбаяр нар юм. Мөн мэргэжлээрээ “Эрдэнэс Таван толгой” компанид ажиллаж буй Д.Мөнхжаргал нар цуглаж анги хамт олныхоо тухай хөөрөлдсөн юм.

170 хүүхэдтэй анги тул аливаа арга хэмжээ зохион байгуулахад бүрэн цугларах нь ховор. Ихэвчлэн хэсэг бүлгээрээ нийлдэг байсан аж. Харин танилцах дадлагаар бүгд хамтдаа явжээ. Энэ үеэр “Хүрз барьсан бахим гарт минь уул уурхайн аргыг заасан Ж.Ижилмаа багшдаа бид баярлалаа, балчирхан бид чинь инженерүүд боллоо” хэмээн ангийн сүлд дуу болгон дуулж явсан нь одоо ч сэтгэлд олон сайхан дурсамж үлдээсэн тухай тэд ярьсан юм. Тус анги сургуулийнхаа шилдэг ангиар 2011 онд шалгарч байжээ. Ер нь сахилга баттай, хичээлдээ хичээнгүй, төлөв төвшин оюутнууд байсан хэмээн тэд өөрсдийгөө “дөвийлгөсөн”. Амьхандаа хэвлэлд ангийнхныхаа “паян”-г ярихгүй гэж цээжээрээ хамгаалж байгаа хэрэг л дээ. Тус анги зургаан охин, 160 гаруй хөвгүүдтэй байжээ. Уул уурхайн ашиглалтын инженер гэдэг хүнд хатуу мэргэжил. Тиймээс охид тэр бүр сонгож суралцдаггүй байна.

“Авьяаслаг монголчууд” шоунд тун амжилттай оролцсон “Бөртэ чонын үрс” хамтлагийг анх ангийн анд Түвшинбаяр байгуулсан аж. Тухайн үед ангийнхан нь уг хамтлагт орж бүжиглэдэг байжээ. Мөн Монгол Улсын мэргэн Б.Ёндон энэ ангийн залуу. Үүнээс гадна сагсан бөмбөгийн дээд лигт тоглож байгаа Мөнхсайхан зэрэг олон авьяаслаг залуус тус ангийнхан аж. Ангийн дарга Ням-Очир байжээ. Тус ангийн андууд фэйсбүүкт ангийн групп үүсгэн хамт олныхоо тухай бичихээс гадна салбарынхаа тухай мэдээлэл солилцож, энд тийм инженер авна гэнэ, манайх ийм мэргэжилтэн хайж байна гэх зэргээр нэгнийгээ ажилд зуучлах, мэдээлэл өгөх байдлаар группээ үр өгөөжтэй ашигладаг байна. Ангийн багш Ж.Ижилмаа одоо ч оюутнуудаа уриалж, нэгдэн нийлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байдаг аж. Тус ангиас хос төрсөн нь Төгөлдөр, Анхбаяр нар юм. Тэд гэрлэж, охинтой болж аз жаргалтай сайхан амьдарч байгаад ангийн нөхөд нь баярлаж явдаг юм билээ. Мөн мэргэжлээрээ “Өсөх зоос” компанид ажиллаж буй ангийн охин Батгэрэлээр бахархаж явдаг тухайгаа дурдсан. Тус компанид ангийн хөвгүүд болох Эрдэнэбаяр, Дамдинсүрэн нар ажилладаг аж. Ер нь Монголын уул уурхайн бүхий л томоохон компанид манай ангийнхны төлөөлөл бий хэмээн тэд хэлж байлаа.

“Багануур” компанийн эксковаторын туслах машинч Д.Соёмбо “Цаашид уул уурхай хөгжих юм байна гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Улс орон уул уурхайгаа дагаад хөгжинө. Тиймээс улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ийм сайхан мэргэжил сонгож, уг салбарт нэг үеийн төлөөлөл болж яваадаа баяртай байдаг. Манай ангийнхан ер нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа. Зах зээлд эрэлттэй сайхан мэргэжил тул ажиллахаас ч аргагүй юм” хэмээв. Мөн ээлжийн мастер Ч.Чинбаяр “Би Хэнтий аймгийн Дадал сумын хүн. Манай аав хөдөө аж ахуйн инженерийн мэргэжилтэй. Бид гурав сургуулиа төгсөөд Багануурын уурхайн уулын хоёрдугаар хэсэгт хамт ажиллаж байгаа нь сайхан. Манай “Багануур” компани арван хэсэгтэй. Тэгвэл оюутны ширээний араас ажлын талбарт гарч нэг компани, бүр нэг хэсэгт хамт ажиллана гэдэг аз завшаан. Бие биеэ сайн ойлгоно” гэсэн юм. Мөн тэрбээр “Уурхайн ашиглалтын технологи гэдэг мэргэжлийг хүнээр зүйрлэвэл уурхайн толгой гэж ойлгож болно. Манай мэргэжил уг салбарыг базаж явдаг. Ямар технологиор хүдрийн биетийг хэрхэн олборлох уу гэж бодож, төлөвлөж технологио боловсруулна. Энэ бүхний үр дүнд хүний хүчийг хамгийн зөв хуваарилж, эдийн засгийн хамгийн үр ашигтай олборлолтыг явуулдаг. Тиймээс мэргэжлээрээ бахархаж явдаг. Мөн “Багануур” компанийн хамт олон нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх эрхэм үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. Иймд хамт олондоо баяр хүргэх нь зүйтэй юм” гэв. Түүнчлэн, Э.Эрдэнэбаясах “Манай аав уурхайчин хүн. “Багануур” компанид анхны илгээлтээр ирж 37 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Аавыгаа дагаад уурхайчин болсон доо. Манай анги зургаахан охинтой байлаа. Бусад нь дандаа харчууд. Би ангийнхаа 4-5 хүүхэдтэй оюутны байранд байсан юм. Өлсөж цангана. Нэгнийхээ хоолыг “буудна”. Оюутан цагийн олон хөгжилтэй зүйл бий. Эргээд бодоход хамгийн сайхан үеийн нэг бол яах аргагүй оюутан цаг юм” хэмээн ярилаа.

Ярилцлагын үеэр тэднээс уулын ашиглалтын инженер мэргэжлийн хэцүү нь юу вэ гэхэд “Нэгэнт эзэмшсэн, дур сонирхолтой тул хүнд хэцүү гэж бодохоос илүү ажлаараа бахархаж, улам шимтдэг. Багануур хэмээх нэгэн хамт олны дунд багтаж, Улаанбаатар хотыг гал алдуулахгүйн тулд өөрийн хувь нэмрээ оруулж яваа нь сайхан санагддаг” хэмээцгээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Онцлох нийтлэлүүд