ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.03 07:06

Ухаалаг ба тэнэг

Ухаалаг гэж ямар хүнийг хэлдэг юм бол. Сүүлийн үед гарч байгаа ном зохиолоос харвал товчхондоо Ж.Самбуу гуай шиг хүнийг хэлэх юм шиг байна. Олон таван үггүй, шулуун шударга, ноён нуруутай, дотроо бодолтой, дороо суурьтай. Улааныг дагаж улцганахгүй, шарыг дагаж шарвалзахгүй тийм л хүнийг ухаантай гэх болов уу гэж бодогдоно. 

Гэхдээ манай төрийн яам тамгын газрын залуучууд бие биеэ ухаантай ба тэнэг  гэдэг хоёр ангилалд хуваачихсан тухай хөгжилтэй яриа сонслоо. Тэдний үнэлэмжээр тэгвэл ухаантай хүн гэж хэн бэ. Даргынхаа цүнхийг барьж гүйдэг, элдэв арга заль, маапааныг мэдрээд тендер зохицуулалтад орчихдог,  хов жив базаж, худал үнэн аргаар ажлаа хийдүүлдэг, хор найруулж суудаг амбицтай, хөдөлгөөнтэй нөхдүүдийг ухаантай хэмээн ангилдаг. 

Харин юм болгон дээр шударга царайлж, бүгдийг үнэнчээр хийх гэж хичээдэг, аливаа арга заль маапаан дээр ямар ч найраагүй, ажлаа тасалдаггүй, цагаа барьдаг, улаан хэнхэг нөхдүүдийг тэнэгүүд хэмээн нэрлэдэг гэнэ. Тэгэхээр  орчин цагт ухаантай ба тэнэг хоёрын үнэлэмж ийм л болсон бололтой. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд