ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.11 10:06

Уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж эхэллээ

Яг нэг сарын дараа наадам болох нь. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завхан аймгийн бөхчүүд нутагтаа бэлтгэлээ хангаж байгаа сураг дуулдсан. Харин уяачид уржигдраас наадамд уралдах хурдан морьдоо барьж эхэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Долоон гэх газар бий. Хотоос 60 гаруй км-ийн зайтай. Тэнд ихэнх уяач зусландаа буужээ. Өчигдөр гахай өдөр байсан болохоор уяачид хурдан мориныхоо ёслогоог хийсэн юм. Долооноос баруун урагш аймгийн алдарт уяач Н.Алтанхүүгийн уяа байв. Өглөө эрт очиход адуу руугаа явчихаж. Гэрийн эзэгтэй хүүхдүүдийнхээ хамтаар үлдсэн байв. Ёслогооны үеэр идээ будаа засдаг болохоор охид нь цай чанах, хоол хийх, сүүгээ хөөрүүлж өрөм загсаах гээд ажил ихтэй байлаа. Удалгүй Н.Алтанхүү тэргүүтэй залуус адуугаа туугаад хүрээд ирэв. Эдний уяа аль нэг галд хамаардаггүй ажээ. Тиймээс бие даан хурдан морио уядаг юм байна. Өнөө жил азарганаас бусад насны арав гаруй морь уяж байгаа гэсэн.


Ихэнх нь улсын наадамд уралдах битүү морь. Бас энэ жил Төв аймгийн олон сумын тэмдэглэлт ой тохиож байгаа болохоор тэдгээрт очиж уралдахаар төлөвлөж буй гэнэ.

Н.Алтанхүү морь уях эрдэм ухааныг ааваасаа өвлөж авсан гэнэ. Түүний аав Нанжид нутаг усандаа нэртэй уяач байж. 1997 онд улсын наадмын их насанд хонгор морь нь түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан түүхтэй. Бас 1998 онд хонгор даага нь улсад түрүүлж байжээ. Улсын наадамд түрүүлж байсан хонгор дааганы үр төл одоо уралдаж байгаа юм байна. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүдээ өөрийн морь уях арга ухаанаасаа зааж өгсөн, бас багаасаа хурдны морь унадаг байсан болохоор наадам дөхөөд ирэхээр нойр хоолоо умартдаг болоод удаж байгаа гэнэ. Тэрээр адуугаа хурааж ирээд энэ жил уях арваад морио барьж уялаа. Эднийхийг морио ёсолж байгаа сургаар тэр хавийн эрчүүд цуглажээ. Уяан дээр байгаа морьдыг шинжсэн шигээ тойроод алхаад л байх юм. “Их эмнэг байна шүү” гэлцэнэ.

Морин цагт эхлэх байсан ёслогоо хойшлоод л байв. Учрыг асуувал хотоос лам ирэх байсан ч автомашины дугаар нь явдаггүй байж таараад ирэх боломжгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн хийдээс лам залахаар болов. Ингээд хонь цагт ёслогоогоо эхэлсэн юм. Лам моринд ээлтэй ном уншаад, Н.Алтанхүүгийн адууны хурдыг хангай дэлхийд даатгалаа. Мөн уяан дээрээ хийморийн дарцаг хийсгээд уяагаа, уралдах морьдоо арцаар ариулах ажээ. Харин унаач хүүхдүүд наадмынхаа хувцсыг өмсчихөж. Цэнхэр, улаан өнгөтэй өмд цамц өмсөж, эмээлээ бариад гэрээсээ гараад ирэв. Аавынхаа хоёр талд гарч гүйгээд “Би өнөөдөр ямар морь унах юм бэ” гэж шална. Ингээд цугласан хүмүүс уяаны дэргэд зассан идээ будаанаас идэж, хүүхдүүд мориндоо мордон уяагаа тойрон морины тарни аялгуулан уншаад гийнгоолж гарав. Хүүхдүүдийн ч хийморь сэргэсэн бололтой уяагаа тойрох тусам хоолой нь цээл болж чангаар гийнгоолох ажээ. Үүний дараа идээ, будааныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь аюулгүй наадахыг сүслэн бодож залбираад ёслогоо өндөрлөв.

Н.Алтанхүүтэй уулзахад “Гахай өдөр морио барин ёсолж байна. Ер нь уяачид нохой, гахай өдөр морио барьдаг. Гахайг сүмбэр уулын оройд гарсан ганц амьтан гэдэг. Тэр ч үүднээсээ хүчтэй гэж бэлгэшээдэг. Тиймээс гахай өдрийг сонгон морио барьж байна. Ёслогооны гол бэлгэдэл нь адууныхаа хийморь сүлдийг сэргээж уралдах мориныхоо хурд, унаач хүүхдээ хангай дэлхийдээ даатгаж байгаа юм” гэлээ. Тэрээр сүүлийн хэдэн жил аймагтаа уралдаж байгаа ажээ. Айраг, түрүү олон удаа авч байсан юм байна. 1998 оны улсын наадмын дааганы түрүү алтан медаль, Төвийн бүсийн “Дүнжингарав-2013” уралдааны айргийн дөрвөөс эхлээд энд тэндхийн аймаг, сумын наадамд түрүүлж айрагдаж байжээ. Бас “Их хурд-3” уралдааны мандат гээд амжилтыг нь илтгэх медалиуд ярайтал өрөөтэй. Гэрийнх нь хойморт улс, бүс, аймгийн чанартай уралдааны хорь гаруй медаль байсан. Уяачдын тухайд хурдан морио уяад л байдаг. Гэтэл наадам дөхөх тусам унаач хүүхэд олдохгүй хэцүү байдаг гэнэ. Уралдаад сурчихсан хүүхдүүд тогтмол цалинтай байдаг болохоор барагтай бол олддоггүй ажээ. Тиймээс уяачид хурдан морио уяхаас гадна сайн унаач хүүхэд олох гэж санаагаа чилээдэг юм байна.

Төв аймгийн Долооны хөндий Цагаан хөтөлөөс тийм ч хол биш учраас уяачид энэ хавиар зусдаг юм байна. Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Ц.Батсайхан тэргүүтэй уяачдын гал Долооны хөндийн урд руу гарсан гэнэ. Удахгүй Д.Онон тод манлай Дорнодоос адуугаа аваад ирэх сураг дуулдаж байна. Өнгөрсөн жилийн улсын наадамд их насны морио түрүүлгэсэн “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн гал Цагаан хөтөлд буужээ. Уяачид одоо наадам гээд тун ч завгүй. Долдугаар сар дөнгөж гараад сунгаанууд эхэлнэ. Тэр болтол уралдах мориныхоо уяа сойлгыг тааруулах, хүүхэд морь хоёроо дасгах гээд ажил ихтэй байгаа аж.

Д.ДОРЖДЭРЭМ

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд