ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.03 08:05

У.Доёд: Зах зээлийн нийгэмд юм бүтээдэг математик сэтгэлгээтэй хүн л хэрэгтэй байна

-У.ДОЁД БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН УЛСЫН ОЛИМПИАД ДОРНОГОВЬ АЙМАГТ БОЛНО-


Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, математикч Увшийн Доёд багштай ярилцлаа. Математикийн 54 дүгээр улсын олимпиад ирэх тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод профессор У.Доёдын нэрэмжит болон зохион байгуулагдана. Тэрбээр Дорноговь аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн физик математикийн факультет дүүргэж, Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн Монголын тэргүүний математикчдын нэг. МУИС-ийн математикийн факультетьд 50 жил математикийн багшаар ажилласан тэрээр 1983 оноос Дидактикийн төвийн суурийг тавьж, 1990 оноос мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвийг байгуулалцаж, 2008 он хүртэл уг төвийг удирдаж байсан билээ.


-Та бага дунд сургуулиа хаана төгссөн бэ. Их сургуулиа төгсөөд анх хаана томилогдон ажиллаж байв?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумынх. Сумынхаа бага сургуулийг төгсөөд дараагаар нь Хөвсгөл сумын долоон жилийн дунд сургууль, дараа нь Сайншандын 10 жилийн сургуулийг дүүргэсэн. Ингээд МУИС-ийн физик математикийн салбарт элсэн суралцсан. 1951 онд их сургуульд ороод 1955 онд сургуулиа төгссөн юм. Тухайн үед төгсөгчдийг төв хорооноос аймгууд руу ажиллуулахаар хувиарладаг байлаа. Би Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуульд багшаар ангийнхаа Баатартай хамт хуваарилагдан очиж ажлын гараагаа эхэлж байлаа. Өвөрхангай бол говь, хангай хосолсон сайхан нутаг. Анх багшаар ажиллахад миний дааж авсан 10 дугаар анги есөн хүүхэдтэй байлаа. Тиймээс тухайн үеийн Өвөрхангай аймгийн дарга дуудаад, намайг аймгийн цөөн хэдэн хүүхдэд багшилж байхаар Ардын боловсролын эрх ашгийн үүднээс ажиллаж, боловсролын хэлтсийн байцаагч бол гэсэн. Тэндээ байцаагчаар ажиллаж байтал тухайн үеийн Гэгээрлийн яамнаас дуудаад, 1956 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг байгуулна, чамайг томилж байгаа гэсэн бичиг явуулсан байлаа.

Тиймээс тушаалын дагуу Улаанбаатар хот руу шилжин ирж, Гэгээрлийн яаманд ажиллаж байгаад, бусад долоон хүний хамт наймуулаа багшийн мэргэжил олгох Институтад ажиллаж эхэлсэн түүхтэй. Дараагаар нь Багшийн дээд сургуульд долоон жил багшлаад, тэндээсээ МУИС-ын математикийн багшаар томилогдон очоод 50 гаруй жил багшилсан юм. Би 1989 онд тэтгэвэртэй гарсан ч 2010-аад оныг хүртэл МУИС-ын Дидактикийн төвийн үйл ажиллагааг удирдаж, боловсролын шинэчлэлийн асуудлаар нэлээд ажилласан хүн.

-Боловсролын салбарыг хэрхэн шинэчилж, хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

-Аливаа нийгмийг өөрчлөхийн тулд боловсролын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Маргааш юм бүтээж чадах чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх нь боловсролын үүрэг. Өнөөгийн хүүхдүүдийг бодит чадвартай бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ер нь хүнд дөрвөн зүйлийн эрч хүч байдаг юм. Тухайлбал, бие мах бодийн эрч хүч, сэтгэл санааны эрч хүч, оюун ухааны эрч хүч, амин орны эрч хүч гэж бий. Хүн арддаа энэ дөрвөн зүйлийн эрч хүчийг л бий болгочихвол ямар ч улс орон бие даан хөгжих боломжтой юм. Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнууд хүн төвт бодлого гэдгийг баримталж байна. Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн зүйлийн эрч хүчийг хүмүүст төвлөрүүлж чадсан аль ч улс хөгжөөд явчихдаг. Хүн төвт хөгжлийн бодлого барьдаг нь ийм учиртай. Нийт ард түмний шавхагдашгүй баялаг нь гэсэн үг. Энэ байдлыг харгалзан үзээд, нийгмийн шинэчлэл боловсролын салбар дээр төвлөрөх ёстой.

-Тэгвэл энэ бодлого, чадварыг хэн хэрэгжүүлэх ёстой вэ?

-Энэ зорилгыг өнөөгийн багш нар л хэрэгжүүлэх ёстой. Багш нар хүүхдүүдэд яаж ийм дөрвөн зүйлийн эрч хүчийг олгох вэ, хэрхэн яаж бодит чадвартай бүтээлч иргэд болгон хүмүүжүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой. Багш нар бодит чадвартай, бүтээлч иргэдийг бэлтгэж чадвал улс хөгжинө.

-Манай боловсролын салбар ингэхийн тулд хэрхэн яаж өөрчлөгдөх хэрэгтэй байна вэ?

-Манай орны боловсролын систем мэргэжил, мэдлэг олгох талаар хангалттай ажиллаж байгаа. Гэхдээ бодит чадвартай иргэн бэлтгэхэд учир дутагдалтай байна. Үүнээс болоод л манай улс хөгжлөөрөө хоцрогдоод байгаа юм. Иргэдээ бодит чадвартай бүтээлч иргэн болгосон улс орнууд л хөгжлөөрөө дээгүүрт ордог. Тиймээс багш нарын өмнө шинэ зорилго тавих хэрэгтэй. Зүгээр нэг мэдлэг дамжуулснаараа бүтээлч иргэдийг бэлтгэж чадахгүй. Бүтээлч иргэн болгох асуудал их хурцаар тавигдах шаардлагатай байна. Үүнд багш бэлдэж байгаа сургууль маш их үүрэгтэй. Тухайлбал, МУБИС хамгийн том үүрэгтэй гэсэн үг. Мөн боловсролын системдээ уламжлалт онцлогоо барих хэрэгтэй. Манай нийгэм суурин соёлгүй. Угаас нүүдлийн соёлтой ард түмэн. Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин байсан. Нүүдлийн соёлын гол чанар нь хөдөлгөөн ихтэй, хоорондоо харилцаа ихтэйгээрээ онцлог. Ертөнцийн жам ёсны дагуу байгальд дасан зохицож хойч үеэ сургадаг онцлогтой. Өвөл өвөлжөөндөө бууна, хавар хаваржаа руугаа нүүнэ, зун зусландаа гарна. Сэрүү ороод ирэхээр намаржаандаа бууна гэх мэтээр байгаль цаг ууртайгаа зохицон амьдардаг. Нүүдлийн соёл гэдэг бол ихэд онцгой.

Гэтэл сүүлийн үед бид нүүдэлчин ч биш, суурин ч биш болчихлоо. Хот суурин юм уу гэхээр нүүдэлчин соёлтой, нүүдэлчин соёл иргэншилтэй юм уу гэхээр суурин байдалд орчихсон ч юм шиг байгаад байна. Ийм нөхцөлд байгаа үед багш бэлдэж буй сургуулиуд хамгийн их анхаарах шаардлагатай. Боловсролын системээр л нийгмийг шинэчилнэ.

-Багш хүн наад зах нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ. Сүүлийн үеийн багш нар юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Багш гэдэг чинь монголын уламжлалаар бол хүнээр хүн хийх мэргэжилтэн гэсэн үг. Хүн хийхдээ зүгээр нэг адгуусаар амьтан хийж байгаагаас өөр зүйл. Хүнээр хүн хийх урлаг бол хамгийн дээд урлаг. Бодит чадвартай иргэдийг бүтээж байж нийгмийн шинэчлэл хийгдэж, зөв голдрилдоо орно. Тэгэхээр хүнээр хүн хийх чадвартай байх ёстой юм. Багш нарын ажил бол мэдлэг дамлах биш, мэдлэгийг олдог, олсноо хэргэлдэг, хэрэглэснээрээ юм бүтээдэг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүнийг хүнээр хүн хийх гэж ярьдаг. Багшлах гэдэг бол мэдлэг дамжуулах мэргэжил биш. Багшлах урлагийг эзэмших ёстой юм. Ийм онцгой зорилго багш нарт тулгарч байна. Мөн сонирхуулж ярихад ажлаар Японд очоод гайхаж байлаа. Хирошимагийн их сургуулийн захиралтай ярьж байхад Токиод байгаа гэртээ харилгүй 11 жил болж байна гэж байсан. Харих зав байхгүй, нэг л удаа гэртээ очиж гурав хоносон гэж байлаа.

Их сургуулийн чанарыг сайжруулах, сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд тэгж ажиллаж байна. Ажлыг ингэж тэргүүнд тавьдаг. Боловсролын салбарыг тийм өндрөөр үнэлдэг юм байна гэсэн үг. Японд бага сургуулийн хүүхдийн бүх зардлыг эцэг эх нь гаргана. Дунд сургуульд сурахдаа тодорхой зардлаа өөрсдөө олж чаддаг болсон байна, их дээд сургуульд суралцахдаа сургалтын төлбөр, хоол байр хувцас гээд бүх зардлаа зуун хувь өөрсдөө олох ёстой. Олох боломж зохицуулалтыг нь төрөөс нь шийдээд өгчихсөн. Ингээд их сургууль төгссөнөөсөө хойш 40 хүртлээ их ажиллаж баяжих ёстой. 40 хүрсэн хүн найман өрөөтэй том хаустай болсон, хадгаламждаа хангалттай мөнгө хуримтлуулсан байна. Ингээд 40-өөс дээш насныхны дэлгүүр байдаг. Тэр нь өндөр үнэтэй. Тиймээс 40-өөс дээш настай бол тэр дэлгүүрээр үйлчлүүлэх ёстой. Төр нь бүх зохицуулалтыг хийсэн байдаг юм билээ.

-Математикийн шинжлэх ухааны ач холбогдлын талаар хэлж өгөөч. Олон математикчид төрвөл улсын хөгжилд илүү нэмэртэй юу?

-Мэдээж нэмэртэй байлгүй яахав. Гэхдээ XX зуунд мэдээллээр хөгжиж байлаа. Харин XI зуунд мэдлэг олдог, олсноо хэрэглэдэг, хэрэглэснээрээ юм бүтээдэг байх шаардлага хурцаар тавигдаж эхэлсэн. Математикийн мэдлэгийг ихээр тогтоосноороо онцгой сайн хүн болчихно гэсэн зүйл байхгүй. Математикаар ч зогсохгүй аливаа мэдлэгийг өөрөө бүтээдэг аргад л хүнийг сургах нь чухал байна. Мэдлэг мэдээллийг дамжуулах биш бүтээх асуудал чухал болж байна. Ялангуяа зах зээлийн нийгэмд юм бүтээдэг математик сэтгэлгээтэй хүн л хэрэгтэй байна.

-Таныг оюутан байхад ямар багш нар байсан бэ. Боловсролын систем тухайн үед хэр байв?

-1942 онд их сургууль байгуулагдсан. Түүнээс өмнө нээгдсэн Багшийн сургууль монгол хүмүүсийг мэдлэг боловсролтой болгоход асар их үүрэг гүйцэтгэсэн. Мөн МУИС- төгссөн дээд мэргэжилтнүүд аймгуудад хувиарлагдан ажиллаж, мэдлэгийг түгээж байлаа. Тухайн үед математикийн салбарт Дашиймаа, Содном, Жигжиддорж, Цэрэн, Санжмятав гээд бидэнд багшилж байсан математикийн салбарын мундаг багш нар байлаа. Тэд жинхэнэ дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүмүүс.

-Нэг л багшаар заалгасан, адилхан онц сурч байсан хүмүүс амьдрал дээр гараад, их өөр өөр замаар явах нь элбэг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ. Хүний суурь хүмүүжил чухал уу?

-Ямар хүн болох вэ гэдэг нь төрсөн өссөн нутаг байгаль, тэр байгальдаа ямар уламжлалын үр сад байна вэ гэх мэт олон зүйлээс шалтгаалж байна. Ер нь хүнийг хөгжүүлье гэвэл ямар уламжлалын ямар үндэстний ямар ахуй нөхцөлд ямар уламжлалаар өсч хүмүүжсэн гэдгийг нь харж онцлогт нь тохируулан хөгжүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Манай одоогийн боловсрол мэдлэг мэргэжил олгох талаар хангалттай ажилаж байгаа боловч бодит чадвартай, бүтээлч иргэн төлөвшүүлэхэд төдийлөн сайн ажиллахгүй байна. Тиймээс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орны тоонд орж чадахгүй байна.

-Та маш олон шавьтай байх. Онцгой сайн бүтээлч, амжилттай яваа шавь нараасаа нэрлээч?

-Тоймгүй олон шавь бий. Ихэнх оюутнууд хичээлийг сурч, тэмдэглэж явдаг бол онцгой шавь нар мэддэг зүйлийг нь хэлж байгаа мэт хүлээн авч, харилцан ярилцаж, мэдлэгийг бүтээлч байдлаар эзэмшдэг. Гэхдээ ийм оюутнууд ховор байдаг. Анги болгонд нэг хоёр онцгой хүүхэд байна. Миний дээр үеийн ийм шавь нарын нэг бол Энхболд. Одоо өөд болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж мөн л маш бүтээлч байдлаар мэдлэгийг хүлээн авдаг, онцгой хүүхэд байсан. Мөн Ёндон, Дэнсмаа гэж нэг ангийн хоёр байлаа. Ренчинбазар, Хадхүү хоёр байна. Миний хамгийн дотны шавь Далайжамц мөн л тийм онцгой оюутан байсан. Их сургуульдаа олон жил багшилсан. Миний шавь нарын ихэнх нь тэтгэвэртэй гарсан байна.

Одоо болох миний нэрэмжит математикийн олимпиадыг зохион байгуулах талаар Далайжамц улсын олимпиадын хороотой нэлээд ярилцаж, зохицуулалтууд хийж байгаа байх. Мөн Жадамбаа, Дашдорж гэж хоёр онцгой шавь байлаа. Дашдорж мөн л гавьяат багш болсон. Жадамбаа одоо багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллаж байгаа. Үүнээс гадна миний найз, хамгийн дотны хүмүүсийн маань нэг бол Хандын Гэндэнжамц. Бид хоёр бага дунд сургуульд нэг анги, их сургуульд нэг анги, мөн МУИС-д насаараа хамт багшилсан хүмүүс. Хамгийн сайн найз минь байлаа. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөж, дуулж хуурддаг. Янз бүрийн хөгжмийн зэмсгийг өөрсдийн гараар бүтээчихдэг. Молоконы лаазаар хүртэл хуучир хийж явлаа.

-Таны хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Манайх таван охин, нэг хүүтэй. Бага охин маань математикийн мэргэжилтэй. Одоо олон улсын байгууллагад ажилладаг. Харин том охины хүү АНУ-д сураад, тэндээ ажиллаад, АНУ-ын дотоод яаманд мэргэжилтэн болсон, тэндээ албан тушаал дэвшээд олон жил ажиллаж байна. Гадны хүнийг чухал яамандаа ажиллуулж байдаг ямар сонин улс вэ гээд гайхаж байлаа. Нэг талаараа АНУ үнэхээр ардчилсан эх орон юм байна гэж бодсон шүү. Мөн хар арьстан Барак Обама Ерөнхийлөгч болоход ардчилсан орон ийм байдаг юм байна гэж бодож байлаа.


Онцлох нийтлэлүүд