ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.12.08 05:12

У.Хүрэлсүх: Авлигын эсрэг бүх үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн Зөвлөмжийг гардуулан өглөө.

Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд Авлигатай тэмцэх газар энэ долоо хоногийг авлигын эсрэг өдрүүд болгон сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохиож байна. Авлигатай тэмцэх газар 21 аймаг, 13 яам, 27 агентлаг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх авлигын эрсдэлийн байдалд хоёр удаа шалгалт хийсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэв. Тэрээр авлигын эсрэг явуулж байгаа аливаа үйл ажиллагааг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.

Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтын үеэр хэлэв.


Онцлох нийтлэлүүд