ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.08.04 09:08

У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?


Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар ажиллах нь гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Ийм яриа дуулдахтай зэрэгцэн нийгэм ихээхэн эсэргүүцэлтэй байна. Арга ч үгүй байх л даа. Хүү нь дэд сайд болж нийгэм даяар шуугьсан шуугиан, олны дургүйцэл бухимдал намдаагүй байтал аав нь Элчин сайдаар явах нь гэх яриа сонстохоор юу болох нь ойлгомжтой. “Монгол төрийн сэнтий цөөн хэдхэн хүний үе удмаараа дархлан эзэгнэдэг суудал биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг юм. Та нар монгол төрийг үе дамжин цусалж ханалаа, одоо болсон юм биш үү” гэх дайралт давшилтууд гарч байв. Ингэж Энхтүвшингийн хүү гэдгээрээ баалуулсан Золбоо нэртэй залуу Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд буюу Монгол төрийн сайдын сэнтийд ард түмний үзэн ядалт, хараал ерөөл дунд очсон. Тэгтэл даарин дээр давс нэмэр гэгчээр Энхтүвшин гуай маань өөрөө Элчин сайдаар залрахаар яригдаж эхэлдэг байна шүү.

Хамгийн сонирхолтой нь, хүү нь дэд сайд болох нь гээд ёстой амтай бүхэн цуурч, цахим сүлжээнд аав хүү хоёрыг эсэргүүцсэн, ад шоо үзсэн сэтгэгдлүүд зогсоо зайгүй давлагаалж байх үед хүүгээ сайд болохыг мэдээгүй, огтоос дуулж сонсоогүй байсан хүн нь Энхтүвшин гуай өөрөө.

Тэрээр “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй. Би хүүгээ дэд сайд болгоё гэж захиа бичээгүй. Би амьдралдаа захиа бичиж үзээгүй. Төр хэрэгтэй хүнээ өөрөө мэдээд татаад авчихдаг юм байна” гэж ёстой нэг жишим ч үгүй туусан. Нэгэнтээ УИХ-ын чуулган дээр, одоогийн Их хурлын дэд дарга Т.Аюурсайхан “Та МАН-ын даргаар ажиллаж байсан хүн. Улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй. МАН-аар яваад байна билээ. Хүүгийн чинь талаарх үнэлэлт дүгнэлтийг эцгээр нь хийвэл яах вэ. Та шантааж хийсэн, албан тушаалын наймаа тохироо хийсэн. Хэдий болтол Энэ засгийн газартаа ажиллах вэ. Та ичиж амьдрах хэрэгтэй, зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэж ёр юм шиг хэлж билээ. Тэр олон дэд сайдууд дундаас Ө.Энхтүвшингийн хүүг онцолж ирээд муу муухайгийн жишиг болгож байхад “Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй” гэсэн Т.Аюурсайхан гишүүний үг бодогдоод байв.

Монголын нийгэм яагаад таныг үзэж чадахгүй байгааг, ард түмэн олон нийт яагаад танд дургүй байгааг Ө.Энхтүвшин гуай та эрүүл саруул ухаанаар нэг бодож, өөртөө үнэлэлт дүгнэлт хийх цаг нь болсон юм биш үү. Ерөөс ард түмэн ч биш. Намын нөхөд чинь ялангуяа улс төрд яваа залуучууд чинь танд дургүй байгааг бодох цаг нь болжээ. Ардын нам өмнөх дөрвөн жил 65 суудалтай засагласан. Ганцхан жил болоод М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсоны маргаашаас л сандал ширээний төлөөх дайн тулаан эхэлсэн. У.Хүрэлсүхийн фракцийнхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулна гэж зүтгэсэн. 32, 33-ын бүлгээрээ хуваагдаад 33-ын бүлгийнхэн буюу Хүрэлсүхийн нөхдүүд санасандаа хүрч Засгийн газрыг огцруулж засгийн эрхийг гартаа авсан. Мэдээж шинэ засаг байгуулагдсан. Яг тэр үед Ө.Энхтүвшин та намын нөхдөдөө хамгийн их доромжлуулсан. Таныг Шадар сайдад дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ гишүүд хэлж байсан. “Та бол улс төрд байгаа хамгийн муу муухайгийн тод жишээ. Улс төрд бугшсан идээ бээрийн үлдэгдэл, хорт хавдар” гэж Их хурлын чуулган, монгол төрийн индэр дээрээс төрийн түшээд таныг цоллож байсан. Мөн шинэ Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн боловч маргааш нь таны байр суурь өөрчлөгдсөн гэдэг. Үүнийгээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Тэгэхээр таны нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөх юм байна гээд л залуу гишүүд тань руу дайрч давшилж байсан. Зөвхөн залуу гишүүд ч биш ерээд оноос хойш Монголын төрд дархлагдсан мэт яваа Ц.Нямдорж чинь таныг “Дорбинкдчихмоор” гэж хэлж байсан удаатай.

Тэгэхээр Ө.Энхтүвшин таны муу муухайг үзэх гээд байгаа юм биш ээ. Та бол одоо Их хурлын гишүүн биш, Засгийн газрын гишүүн биш. Үндсэндээ эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Энгийн нэг иргэн, ач зээ нараа эрхлүүлж суугаа хүн. Гэхдээ таны гар хөл Монголын төрөөс холдохгүй байна. Хүүгээ сайд болгоод ханахгүй өөрөө Элчин болох гээд зүтгэж яваа чинь хэрвээ үнэн бол та арай л дэндэж байгаа юм биш үү. Бусдын хэлдэгчлэн хийж үзээгүй ажил, хашиж үзээгүй алба, дуудуулж үзээгүй нэр төр биш. Ерээд оны эхэн үеэс хойш 30 жил төрд зүтгэлээ. Таны оронд Элчин хийчих дипломат албаны мэргэшсэн залуучууд хэдэн үеэрээ жагсаж байгаа. Ер нь тэгээд зөвхөн Ө.Энхтүвшин ч гэлтгүй дарга сайдуудын хүүхэд үе залгамжлан хунтайжаар тодордог энэ байдал Хүрэлсүхийн засгийн үед дахиад тогтлоо. Тухайлбал, Хууль зүйн сайдаар ажилласан он жилээрээ үнэмлэхүй дээд амжилт тогтоосон Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Нямдорж гуай өөрөө бас Ерөнхий сайдын зөвлөх нэртэй сууж байгаа, тэр бас саарал ордноос яваагүй. “Монголын төрийн ой санамжийн дархлаа нь ахмад гишүүд” гэж “Өдрийн сонин” бичиж байсан.

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нарыг намынх нь залуу гишүүд элдвээр хэлээд байхаар нь өмөөрч бичиж байсан.

Энэ хэд бол Монгол төрийн ой санамжийн дархлаа мөн үү гэвэл мөн, маргах юмгүй үнэн. Харин Монголын төрд энэ олон жил дархлагдаж суухдаа ерөөсөө албан тушаалын төлөө л хөөцөлджээ гэж харагдахаар. Тиймдээ ад шоо үзэгддэг байлгүй. “Энэ хэдэн егзгөрүүдээс салж байж монгол төр цэвэршинэ” гэж хэлэх хүмүүс байдаг. “Монголын нийгмийг та хэд сайн сайхан болгосон нь аль юм. Сайдын суудлын сураг сонсогдонгуут л хөл нь хөнгөрөөд хормойгоо өшигчөөд ордны хонгилоор гүйлддэг чинь үнэн биз дээ” гэж намын нөхөд нь улаан нүүрийг нь улалзтал хэлдэг. Ө.Энхтүвшин гуайн хүүгээ сайд болгосон шуугиан намжаагүй байтал өөрөө элчин болох нь гэсэн яриа хөөрөө дуулдсанаас ургуулаад бодоход намын нөхдийнх нь улаан нүүрэн дээр нь улалзтал хэлээд байдаг үг үнэний ортой ч юм шиг.

Шударга бус зүйлтэй тэмцэж байгаа У.Хүрэлсүхийн тэмцлийг ард түмэн дэмжиж, “энэ хүү л нэг зоримог шийдвэр гаргаж төрийг цэгцэнд нь оруулна, ажлыг нь үргэлжлүүлэх ёстой” гэж дахиад засаглах боломжийг өгсөн. Гэтэл ноён Ерөнхий сайд ард түмний итгэл найдварыг ийм маягаар хариулж байна. Монгол төрд аавтайгаа, хүүтэйгээ, ач зээтэйгээ хамт шургалж, төрийг мөлждөг энэ байдлыг зогсоож чадах зоримог хүн маань аавтай, хүүтэй нь төрийн сэнтийд залж суулгах нь энэ үү. Аавыг нь зөвлөхөөрөө аваад хүүг нь яамны төрийн бичгийн даргаар томилдог. Хүүг нь дэд сайд болгонгуутаа аавыг нь Элчин сайд болгохоор ярьж байдаг. Ингээд бодохоор Хүрэлсүх маань засаглаад байна уу, өнөө “егзгөр өвгөд” гэж ад шоо үзэгдээд байдаг Энхтүвшин гуайтангууд нь удирдаад байна уу. Хэдэн үеэр нь төлөөд бардаггүй яасан их өр вэ?

Онцлох нийтлэлүүд