ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.03.23 08:03

У.Хүрэлсүх ядахдаа хэлээ хазаад өнгөрч болно доо

Монгол Улсыг тэжээдэг хоёр том уурхай байдаг нь “Эрдэнэт”, “Оюу толгой”. Энэ хоёр уурхайгаас орсон орлого нийлээд улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд тэнд л үйлдвэрийн дуу тасралтгүй хүнгэнэж, ажил өрнөж, амьдрал буцалж байна. Харин “Эрдэнэт” аль хэдийнээ байхгүйтэй адил болжээ. Улсын энэ том үйлдвэрийг олигархууд нүднээс далдуур 51, 49 хувиар нь хувийн өмч мэт хуваагаад авчихсан байх юм. Юун улсын үйлдвэр, юуных нь ард түмний өмч байх вэ. Хэдхэн хүний түрийвчийг түнтийлгэх хэрэгсэл болчихож.

Байдал ийм байхад ганц үлдсэн “Оюу толгой”-гоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд сайд Д.Сумъяабазар, дэд сайд Загджав гээд албан тушаалтнууд сүүлийн үед элдэв муугаар зүхэж, буруутгах нь эрс нэмэгдлээ.

“Оюу толгой”-н уурхай бол барууны хөрөнгө оруулалттай, бүр тодруулбал манай гурав дахь хөрш Хойд Америкийн компанийн хөрөнгө оруулсан Монголын уурхай. Оюу толгойн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бөгөөд Рио Тинто компанийн эзэмшлийн компани билээ. Уул уурхайн салбарын толгой компаниудын нэг болох “Рио Тинто” бол дэлхийд нэр нөлөөтэй, цар хүрээ нь том компани юм. Монголчууд уг нь геополитикоо харж л гурав дахьч хөрштэйгөө хамтарсан. Оюу толгой бол манай өмнөд хил дээр оршдог эдийн засаг, геополитикийн маш зөв байрлалтай уурхай. Оюу толгойд ажиллагсдын 97 хувь нь монголчууд. Үүнээс гадна туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчид гээд хэдэн мянган монгол хүнийг ашиг орлоготой байлгаж байгаа ганц компани. Ийм л эдийн засаг болон геополитик, стратегийн асар өндөр ашигтай ганц уурхайгаа зүхэцгээж байгаа нь Монгол Улс руу нулимж байгаатай адил харагдах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн захиралтай уулзахдаа “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм...” гэх мэтээр ярьжээ. Хичнээн ч хэвлэл үүнийг нь дөгөөж нийтэд цацав. Эзэн нь юмаа мэддэг ч гэх шиг. Бид эзэн нь болоод “Эрдэнэт”-ийг юу болгоод хаясныг бүгдээрээ л харж байгаа биз дээ. “Эрдэнэт” үйлдвэр энэ олон жил гайгүйхэн шиг ажиллаад ирсэний цаад учир нь орос эзэнтэй байсны гавьяа. Түүн шиг Оюу толгой канад эзэнтэй байхгүй бол удахгүй хэдэн авлигач, олигарх дарга нарын хөрөнгө болоод алга болно. Монголын эрх баригчид өлөн, шуналтай, ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг, сэтгэлгүй. Ийм хүмүүс яаж ажилладгийг Эрдэнэтээс бид хангалттай харж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маш олон удаа Оюу толгой руу хэвлэлээр нулимав. "Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Дубайн гэрээ"-гээр зургаан тэрбум ам.долларыг олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авч байгаа. Ингэснээр Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашгийг 16 жилээр ухрааж, Монгол Улс ачуулсан баялгийнхаа 5-хан хувийг авч үлдэх болсон. Гэтэл одоо Ерөнхий сайд гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээлээ гэчихсэн баяр хийгээд явж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Энд баярлаад байх зүйл байхгүй" гэж мэдэгдэж байсан. Дараа нь мөн л “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд туйлын хохиролтой зүйл заалтыг өөрчилж чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой” гэсэн байна. Түүний Оюу толгойг зүхсэн энэ мэт хэдэн арван ярилцлага нийтэд цацагджээ.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө.

"Оюу толгой" компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү” гэж ярьжээ.

Уул уурхайн дэд сайд Д.Загджав "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тиймээс бид "Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаасаа эхлэн салбарын чиг үүргийн сайд нар, дэд сайд нь хүртэл зогсоо зайгүй Оюу толгой руу дайрч, мэдэгдэл хүртэл гаргасан байна. Энэ хүмүүс амаа мэдэж бурж баймаар юм. “Даяар монгол” иргэний хөдөлгөөнийхөн хятадын жижиг уурхай руу дайрч байгаа мэт л жижигхэн харагдаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн болон энгийн шүүмлэгч нар бол Оюу толгойг яаж ч шүүмжилж болно. Тэгсний төлөө буруутгаад байх шаардлагагүй. Харин Засгийн газар нь тэдэн шиг хашгиралдахаа болих хэрэгтэй. Та нар элдэв гоё шүүмжлэл хэлж, мэдэгдэл гарган ард түмнээс оноо авах гэж жүжиглэх хэрэг байхгүй. Та нарыг сонгосон ард түмнээ хоолтой байлгах нь үүрэг чинь юм шүү. У.Хүрэлсүх сайд Оюу толгойг хаагаад “Хүрээ” төвөөрөө ард түмнээ тэжээж дийлэх юм уу. Эзгүй арал дээрээс эрдэнэс олсон дээрэмчид л ингэж олз омгоо булаалддаг байх. Нэг тиймэрхүү л харагдаж байна шүү.

Оюу толгойн гэрээг энд ямар нэгэн байдлаар өмөөрөх гэсэнгүй. Мэдээж, алдаа мадагтай заалтууд байдаг л биз. Яагаад гэхээр ажил хийж байгаа газар гэнэт өөр нөхцөл байдал үүсэх, анх төлөвлөснөөс өөр байх, тухайн үед нь шийдвэр гаргаад явах гэх мэт өчнөөн үйл явдал өрнөж байдаг. Анхнаасаа буруу хийсэн заалт ч байж мэднэ. Энэ бүхнийг ажил хариуцаж авсан нөхөд тухайн үед нь хэлэлцэн засаж залруулаад явдаг. Мэдээж, хоёр тал санал нийлэхгүй байх, хэрэлдэх, муудах, заамдалцах, бүр ширээ тойруулж нэгийгээ элдэх үе ч гарна. Аж ахуйн ажил ингэж л тасралтгүй үргэлжилж явдаг. Үүн дээр попорч улстөржөөд мэдэгдэл шидээд суугаад байх нь утгагүй. Гэрээг сайжруулах ажлаа зүгээр л хий л дээ. Ийм том гэрээ хийхэд байтугай дөрвөн ханатай гэрээ нүүлгэхэд хүртэл авгай нөхөр хоёр муудалдцах нь энүүхэнд. Эхнэрийн санаа нөхөрт таалагдахгүй байж болно, нөхрүүдийн байгаа байдал ч эхнэрийн уурыг хүргэж мэднэ. Гэлээ гээд орон гэр салдаггүй, нүүдэл болдогоороо болж, амьдрал үргэлжилсээр л байдаг.

Төрийн сайд нар өөрсдийнхөө хийх ажлыг чимээгүйхэн шиг хийчихэж болдоггүй юм болов уу гэж заримдаа гайхах юм. Асуудлыг шийдэх эрх ямбыг нь өгөөд, ажлыг нь хуваарилаад байхад хүртэл нэг муу хол явахгүй мэдэгдэл сэлтээр хөөцөлдөж өдөр хоногийг өнгөрөөх юм. Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэвлэлээр мэдэгдэж, дэлхий даяар цацаж суухын хэрэг юу байна вэ. "Олгой хагаравч тогоон дотроо" гэдэг шиг энэ бүхэн нууц байдаггүй юм уу. Ингэж дэлхийгээр нэг дэмий бурсаны үр дүнд олон улсын хөрөнгийн бирж дээр Оюу толгойн хувьцааны үнэ унах, Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид нүүрээ буруулах хэнд ашигтай вэ. Эцсийн дүнд өнөө муу ядарсан ард түмэн чинь л хоолгүй хоцрох болж байна. Дарга сайд нар бол яахав, хөрөнгө хогшилоо чинээнд нь тултал хураачихсан хүмүүс. Бидний амыг арчин арчин хоолыг маань булаах хэрэггүй. Яг ийм байдлаараа улс орноо ч сүйдэлж байна, та нар. Хэдхэн хоногийн өмнө Америк болон Канадын компаниудын Монгол дахь сонирхол буурсан учраас Хойд Америкийн Монголын бизнесийн зөвлөлийг татан буулгасан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ бүхнээс харахад эрх барьж буй сайд, дарга нар дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол энэ улсын хувь заяа хоёр хөршийн мэдэлд ороод дуусах нь байна шүү.

Онцлох нийтлэлүүд