ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нүүр хуудасны онцлох
2014.12.09 11:12

Фортуна дэмжээгүй ч С.Баярцогт сайд боллоо

УИХ-ын гишүүн, экс сайд "Фортуна" Н.Батбаяр согтуудаа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай үг хэлэх гээд буруудсан. "Н.Батбаяр аа, согтуу байна, харьж унт" гэж хурал даргалагч түүнд зөвлөсөн юм. Харин энэ удаа мань фортуна эрүүл саруул ч амьсгаа өндөртэйгээр сайдад нэр дэвшигч С.Баярцогтын тухай саналаа хэллээ. Тэрбээр үгээ эхлэхдээ оршил хийхээ мартсангүй. "Төр засаг сонгох хурлыг өдрийн цагаар, хуулийн дагуу, сайн цагийг сонгон хуралдаж байгаа нь зөв" гэлээ. С.Баярцогттой нэг танхимд сайд байсан, найзууд гэдгээ тэрбээр онцлов. Гэхдээ С.Баярцогтын тухай ярихад Оюутолгойн тухай ярихгүй бол болохгүй гэнэ. Оюу толгой ажиллах нь зөв ч ямар замаар, яаж явах нь асуудал. Оюутолгойтой адилтгах үйлдвэр Эрдэнэт. Оюутолгой ашиглалтанд ороод, нэг жилд зэсийн үйлдвэрлэлээрээ Эрдэнэтээс давж гарсан ч Эрдэнэтийн өгдөг өгөөжийг Оюу толгой өгч чадахгүй байна. Манай Монгол Улсад валютын ханш эмзэг асуудал. Дэлхийн зах зээлд эрдэс баялагийн үнэ буурсан нь үүнд нөлөөлсөн. Нөгөө талаар энэ бүхэн Оюутолгойтой холбоотой. Зэс гардаг ч мөнгө орж ирэхгүй байна. Тэрбум доллар Монгол Улсын төсөвт орж ирэхгүй байна. Оюу толгойд мөнгөө оруулж ир гэж болохгүй. Учир нь гэрээнд мөнгөө гадаадын банкинд байршуулж болно гээд зөвшөөрчихсөн. Бондын хүүнээс 50 хувь өндөр зээлээр Оюутолгой хөрөнгө оруулсан. Ийм байдлаар Оюу толгойг явуулж болохгүй. Африкийн олон оронд ийм маягаар хөрөнгө оруулалт хийгдсэн ч улс оронд нь өгөөж өгөөгүй. Энэ асуудалтай холбоотойгоор С.Баярцогтыг дэмжихгүй гэж Н.Баятбаяр гишүүн хэлсэн юм. Г.Уянга гишүүн мөн ширүүн шүүмжилсэн.

Шөнө дөлийн хуралдаанаар С.Баярцогтын тухай үг хэлэх олон гишүүн үлдсэн байсан ч зарим нь өглөөний хуралдаанаас хожимдсон тул "хүрд эргүүлэх" боломж олдсонгүй. Санал хураалт явахад С.Баярцогт 75 хувийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд боллоо.

Онцлох нийтлэлүүд