ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.06.19 05:06

Францаас шилдэг үүлдрийн 657 хонь авчирлаа

Монгол Улсын Засгийн хэрэгжүүлж эхэлсэн “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон оруулж ирлээ. Тус яамнаас 2017 оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарлажээ. Эхний ээлжинд Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос үүлдрийн 657 хонийг онгоцоор тээвэрлэн авчирлаа.

Махны, түргэн өсөлттэй хонь болох суффольк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд зарим малчид Монгол хониндоо махны чиглэлийн дээрх үүлдрийн хониор хээлтүүлэн хавар гарсан хургаа бэлчээрээр нь маллаж, намар нь махны хэрэгцээнд борлуулж ажлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлсэн туршлагатай.

Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ хоёр ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг байна. Ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөдөг ажээ. Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажиллаж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.

“Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэхээр зорьж байна.

Дэлхийн шилдэг үүлдрийн хонь хүлээн авах ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой- Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, малын эмч, зоотехникч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, бусад албаны хүмүүс оролцсон юм. Малчид, мэргэжилтэн, эрдэмтэд өнөөдөр импортолсон 650 гаруй үржлийн хонийг хүлээн авах ажиллагааг хараад “Малын чанар сайжруулах ажилд манай улсад сүүлийн 25 жил хийгээгүй ажлаа хийж эхэллээ” гэж онцолж байв.


Онцлох нийтлэлүүд