ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.10.23 04:10

Францын бизнесмений онгоц осолдсон хэргийг шалгаж байна

Францийн газрын тосны "Total" компаний гүйцэтгэх захирал Кристоф де Маргери өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Москва хотод онгоцны ослоор нас барсан юм. Түүний сууж явсан хувийн онгоц цас цэвэрлэгч машиныг мөргөсний улмаас осолдсон бөгөөд уг хэрэг гарсны дараа цас цэвэрлэгч машины жолооч Владимир Мартненког саатуулан шалгаж эхэлсэн байна. OХУ-ын мөрдөн байцаагчид түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн болов ч ар гэрийхэн нь үгүйсгэсэн байна.Мөн түүний өмгөөлөгч Александр Карабанов үүнийг эрс няцааж, жолооч зүрхний архаг өвчтэй тул согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан хэмээн мэдэгджээ. Жолооч В.Мартненко осол болох үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан бөгөөд нислэгийн зурвасыг давсан байснаа анзаараагүй тухайгаа оросын телевизд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Кристоф де Маргери Францийн томоохон газрын тосны компаний тэргүүн байсан бөгөөд Москвад болсон гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтад оролцоод Парис руу буцах гэж байгаад осолдсон аж. Үүнтэй холбогдуулан Внуково олон улсын нисэх онгоцны буудлын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Б.Анужин

Онцлох нийтлэлүүд