ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.04.02 09:04

Хавар тариа тарьж, намар ургац хураадгийг сануулдаг хүн байдаг л байгаа даа, энэ засагт!

Попууд эрх мэдэлд хүрэхээрээ яадгийг яруу тод харуулж байна, энэ засаг. Наадам хүртэл манийгаа ямар ч гэсэн уйдаахгүй нь бололтой. Уул уурхайн бизнесийг төрд хурааж авна л гэнэ. С.Зоригийн алуурчныг суллана л гэнэ. Сүүлдээ бүр Их тэнгэрээс алга болсон зурагны эрэлд мордоцгоосноо сүр дуулиантайгаар зарлав. Попуудын дэмийрэл ингээд зогссон бол яахав гэхсэн. Гэтэл улам л ахих янзтай. Одоо бүр эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайнхантай ахиад ч үзэлцэнэ гэж баатрын дүр эсгэцгээж сууна. Хатуухан хэлэхэд суусан мөчрөө хөрөөдөх гэж яарах муйхар тэнэгээс ялгаа алга, дээр суугаа хэд маань. Дахиад буу шийдэм агсаж “Тусгай ажиллагаа-3, “Тусгай ажиллагаа-4” гэх мэтээр үргэлжлүүлэх юм байх. Эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг том салбартаа дайн зарлах нь хэнд хохиролтой болоод ямар хүмүүст ашиг өгөх вэ? Асуултын хариу тов тодорхой. Уул уурхайн компаниудын өгсөн татварын мөнгөөр хүүхэд нь сургууль цэцэрлэгт явж, өөрсдөө цалин хөлсөө авч, эмнэлэг, сувиллаар үйлчлүүлж яваа энгийн иргэд хамгийн том хохирогчид болно. Сургуулиуд цалингаа тавихаа больж, эмнэлэг хаалгаа баривал иргэн Бат, Дулмаа л хохирно.Уул уурхайн бизнесийг төр булааж авснаар хожих хүмүүс нь цөөхөн. Товчхондоо төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа цөөхөн хүний л халаас түнтийнэ.

Попуудын элийрэл “Өмч хувьчлалыг дахин шалгана” гэх балайрлаар үргэлжилж байна. Нэгдлийн малыг буцааж төлүүлнэ л гэнэ. Энэ хадуурлыг нь алга ташиж дөгөөгөөд байвал хувьчилсан орон сууцнуудыг хураана гэж дөвчигнөж ч мэднэ. Тэглээ гэхэд гайхах юм үнэндээ алга. 7000 ам.долларын өртэй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэнгүүт нь хилээр гаргахгүй л гэнэ. Өнөө хөрөнгө оруулагчид нь байсхийгээд өөрчлөгддөг хууль, бодлогын тогтворгүй орчин, поп голдуу улстөрчдөөс залхаад аль хэдийнэ гараад явчихаад байхад шүү дээ. Том мөнгө хийж, их бүтээн байгуулалт өрнүүлчихсэн тулдаа Оюу толгой л тэсч үлдээд байгаа. “Рио”-гоос өөр гар сунгах том хөрөнгө оруулагчгүй өчнөөн оныг үдэж байж “Хөрөнгө оруулагчдыг ингэж, тэгж шийтгэнэ” гэж хөмсөг зангидсан шигээ суугаа нь бас л том муйхарлал шүү.

Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд, Т.Аюурсайхан тэргүүтнүүд сүргийн манлай болж попорч давхилдаад, Хүүк араас нь гуугалж дөгөөсөн зураг сүүлийн хэдэн сар үргэлжиллээ. Харамсалтай нь энэ дүр зураг цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой байна. Улстөрчдийн попролтыг фэйсбүүк, сошиалын хар масс давалгаалж түрээд өнгөн талдаа бол жигтэйхэн сүртэй харагдаж байна л даа. Цаад шалтгааныг нь ухаад харвал хөгжилд дэм болохоосоо тээг тарьсан хандлага. Товчхондоо орондоо ч орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна, манай попууд.

Гэхдээ улс орон зөвхөн попролтын давлагаагаар амьдардаггүй гэдгийг шаргал ордонд тухалсан хэдээс ойлгож ухаарсан нь хэд бол. Өнөө ид өрнөж буй популизмын халуурлаас анзаарахад лав улс орныхоо амьдралд санаа зовж суугаа хүн алга. Улс орны эдийн засаг гэж том ойлголт бий. Бүтээн байгуулалт өрнөж байж эдийн засаг өнгөтэй өөдтэй, амьтай сэхээтэй урагшилдаг. Том төслүүд хөдөлж, хэрэгжиж гэмээнэ иргэд ажилтай, орлоготой, амьжиргаа дажгүй аж төрдөг. Ингэж байж улс орны тусгаар тогтнол амь бөхтэй оршдог. Манай попчдоос энэ үнэнийг ойлгож, сэхээрч суугаа хүн өнөөхөндөө харагдахгүй байна. Ядахдаа хавар тариа тарьж, намар хурааж авна гэдгийг сануулж хэлэх хүн энэ засагт байдаг л байгаа даа.

Бидний авсан мэдээллээр бол өнөө жил 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм билээ. 10 мянган тонн үр дутагдана гэсэн мэдээллийг ХХААХҮЯ-наас өгөөд хэд хонолоо. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэх яриа хөөрөө өрнөж байгаа дуулдсан.

Улстөрчдийн дунд лав хаврын тариалалтын тухай сөхөж ярих сөхөөтэй хүн алга. Жилийн жилд тариалалтад ашиглах техник хэрэгслийн засварын асуудал яригддаг. Энэ хавар ч техник хэрэгслийн засварт шаардагдах мөнгөний хэмжээ яригдаад эхэлчихэж. Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 24.5 сая ам долларын үнэ өртөгтэй текникүүдийг 10 хувийн урьдчилгаатайгаар олгож эхлэх яриа хөөрөө яамны хүрээнд өрнөж байна. За тэгээд хаврын тариалалтын үеэр хэрэглэх шатахууныг халаас нимгэн, бэлэн мөнгөөр дутмаг тариаланчдад яаж, ямар нөхцөлөөр, хэдэн төгрөгөөр олгох вэ гэдэг том асуудал бий. УИХ-ын гишүүд, Засгийн сайд нар, үгүй ядах нь ээ салбарын сайд нь өнөөдөр ийм зүйл яриад суух учиртай.

Ч.Улаан сайдын хувьд өдийд ягаарсхийгээд попорч яваа нь тодорхой. Хэтээсээ ч поп улстөрчдийн жагсаалтад дээгүүр давхидаг нөхөр л дөө. Попорч яваа ч гэлээ насаараа сайд хийсэн юм байна, эрхбиш дутуу үрийн будаагаа яаж нөхөх тухай бодож суугаа байлгүй дээ. Ядаж попроод завгүй яваа өнөөдүүлдээ “Та минь ээ, энэ улс орны чинь ажил хэцүүдлээ. Хаврын тариалалтаа яах тухай ярья” гэж сануулах байгаа.


Онцлох нийтлэлүүд