ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.23 11:05

Хаврын тариалалт ид өрнөж байна


Төв аймгийн Угтаал­цайдам сумын Сан толгойн өвөрт тариалан эрхэлдэг “Чонос ЭМБО” компанийн талбай дээр очлоо. Эдний компани энэ сарын 17-ноос тариалалтаа эхэлжээ. Үрсэл­гээгээ хийгээд завгүй, тус компанийн захирал Н.Энхболд ажилчидтайгаа машин техник ярьж, ажил хэр явж байгааг нь шалгана.
Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Танайх хэдэн га эргэлтийн талбайтай вэ?
-Эргэлтийн 600 га-тай. Улаанбуудай тариалдаг. Зөвшөөрөгдсөн 20 га-даа заримдаа рапс тарина. Заримдаа тарьдаггүй юм.
-Тариалалтын ажил хэр явж байна вэ?
-Төлөвлөсний дагуу явж байна. Гэхдээ сая хэд хоног ойр ойрхон цас, бороо орсон нь тариалалтад саад болчихлоо.
-Та тариалан эрхлээд хэр удаж байгаа вэ?
-Би Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. 2007 онд газар аваад, дараа жилээс нь тариа тарьж эхэлсэн. Өмнө нь уурхайд ажиллаж байсан юм.
-Өнөө зун, намрын цаг агаар хэр байх бол?
-Зургадугаар сард их ха­лалт­тай гээд байгаа. Гэхдээ тэрийг сайн мэдэхгүй байна. Минийхээр тэгж их халах шинж мэдрэгдэхгүй байна шүү. Өнөө зуны цаг агаар өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байх болов уу. Өнгөрсөн жил айхавтар халуун, сэрүүн байгаагүй гэлээ.
Тэрээр “Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр хэрэг­лэдэг гэдэг. Тэрэн шиг төр засаг маань тариаланчдаа харж үзэх хэрэгтэй байна. Тариа­ланчдыг сөхрүүлчихгүйн тулд өнөөдрөөс эхэлж дэмжээд явах ёстой. Мах, тариа хоёр л стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн. Энэ хоёртойгоо байхад Монгол Улс тийм ч амар сөхрөхгүй. Тийм учраас тариаланчдаа улам сайн дэмжээсэй. Бидэнд зээлээр техник өгнө. Тэр болгоныг нь авах боломжгүй. Хэрэв авчихвал мөнгийг нь юугаараа төлөх вэ, дараа жил нь юугаа тарих вэ гээд асуудал гарч ирдэг. Ингэхээр хуучин техникээрээ л болгоод явж байна” гэж ярилаа. Н.Энхболд захирал үрэлгээгээ хийчихсэн талбай руу мал орж ирээд байгаа нь бас нэг саад болж байгааг учирлана.
“Би чинь тавь гарчихсан. Гэтэл талбай руу мал орчихоор хорь, гучин настай малчин залуустай барилцаж авахын наагуур юм болно. Үүнийг зохицуулдаг хуультай болчих юмсан. Тэгэхгүй бол малчин, тариаланч хоёр байнга дайсагналцах юм” гэнэ.
Энэ хавьд олон мянган га-д тариалан эрхэлдэг зарим компани хэдийнэ тариалалтаа хийгээд дуусчихсан гэсэн. Яагаад гэвэл техник нь бэлэн учир 12 цагаар буюу хоёр ээлжээр жолооч нараа шуурхай ажиллуулсан гэнэ.


Үрэлгээ хийхдээ тухайн жилийн газрын чийг, цаг агаарын хэм, газар нутгийн онцлогоос хамаарч үрээ суулгах гүн нь өөр өөр байдаг юм байна. Харин эдний компани 6-8 сантиметрийн гүнд үрээ суулгаж байлаа. Компанид нь агронимичийн орон тоо байдаггүй ч сумын агрономиосоо зөвлөгөө авдаг гэсэн. Н.Ганболд “Намар тариа халиураад аясын салхинд найгах нь сайхан. Гэхдээ тариаланч хүний жаргал бол тариа хураагаад дуусах. Үр соёолохоос эхлээд ургац хураах хүртэл тарианд ямар их эрсдэл, аюул байдаг гэж санана. Тэр бүгдээс харамлан байж ургуулсан тариагаа хураачихаад л санаа амарна даа. Тэр үед л сэтгэл минь тайвширдаг” гэж ярина.
Үрэлгээний бригад нь зургаан хүнтэй. Өглөө зургаагаас орой есөн цаг хүртэл ажиллаж байгаа аж. Энэ эрчээрээ ажиллабал хоёр хоногийн дараа тариалалтаа дуусгана гэж байлаа.
Л.Сүрэнжав газар тариалангийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа тракторчин. “Чонос ЭМБО” компанид ороод хоёр жил болж байгаа аж. Тэрээр “Би Завханых. 1971 онд л энд ирсэн. Тракторчин, комбайнч гэх энэ мэргэжил гоё мэргэжил. Тариагаа сайхан ургуулах нь бидний гол зорилго. Арвин их ургац хураах нь бидний ажлын үр дүн боловч цаана нь улс эх оронд минь ашигтай” гэж ярьж байлаа.
Угтаалцайдам сум 32 мянган га эргэлтийн талбайтай. Өнөө жил 12.3 мянган га-д улаанбуудай, 600 мянган га-д бусад үр тариа, 180 га-д төмс, 12-13 га-д хүнсний ногоо тус тус тариалахаар төлөвлөжээ. Энэ сарын 5-наас боловсруулалт хийж тариалалтаа эхлүүлсэн ч цаг агаарын саатлаас үүдэн 14-нөөс дахин ажлаа жигдрүүлсэн байна.
Одоогоор 3860 га-д үр тариа, 87 га-д төмс, 4.5 га-д хүнсний ногоо тус тус тариалаад байгааг тус сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнбямба дуулгалаа.
Харин Цээл сумын зарим компаниуд энэ сарын 1-нээс тариалалтаа эхлүүлсэн бөгөөд нэлээд олон компани тариалалтаа дуусчихсан гэнэ. 


Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай уулзаж ярилцсан юм.
-Тариалалт хэр явж байна вэ?
-Зарим компаниуд тавдугаар сарын 1-нээс тариалалтаа эхлүүлсэн ч манай суманд тариалалтын ажил энэ сарын 5-8-ны хооронд жигдэрсэн. Чийгийн хувьд таатай байсан ч ойр ойрхон хур тунадастай, цас, бороо холилдон орлоо. Тариалалтын явцад 8-9 хоногийн агаар саатал гарлаа гэж үзэж байна. Хугацааны хувьд алдагдал гарч байгаа ч монгол зурхайгаар хаврын адаг сар үргэлжилж байгаа болохоор цаг агаарын ийм нөхцөл байгаа юм болов уу гэж бодож байна.
Шөнөдөө хүйтэн хонож байгаа болохоор соёололт оройтох хандлага байна. Эрт тарьсан тариа соёолох үеэрээ хяруунд өртөх нь бий. Урьд шөнө гэхэд л цагаан хяруу уналаа. Соёолсон тарианд нөлөөлсөн болов уу гэж бодоод байна.
-Хэдэн га-д тариалалт хийх вэ?
-17 мянган га-д тариалалт хийнэ. Манай сум чинь Төв аймгийн үр тарианы дөрөвний нэг хувийг дангаараа тариалдаг. Одоогоор 6-7 мянган га-д тариалалт хийгдээд байна. Ерөнхийдөө тариалалт боломжийн хэмжээнд явж байгаа.
-Танай сум олон тариаланч өрхтэй гэгддэг?
-108 өрх айл, 64 компани тариа тариалдаг юм. Төв аймгийн хэмжээнд хамгийн олон тариаланчтай газар л даа. Манай сум аймагтаа хамгийн их үр тариа хурааж өгдөг. Бас хамгийн их хадлан бэлтгэдэг. Үүгээрээ аймагтаа төдийгүй улсдаа үр тариа бэлтгэдэг томоохон сум юм гэлээ.
М.Ганбат дарга мал аж ахуй газар тариалан хоёрын харилцааны талаар ярьж байлаа. Эдийн засгийн тооцоогоор Цээл суманд 50 орчим мянган толгой малтай байх ёстой гэнэ. Гэтэл өнөөдөр 110 мянга гаруй толгой малтай болчихоод байгаа аж. Үүнээс үүдээд бэлчээрийн даац хэтрэх, газар тариалангийн бүс рүү мал орох зэрэг хүндрэл ихээр гарч байгаа юм байна. Нэг га-гаас авах ургацын хэмжээ багасч байгаа нь малтай шууд холбоотой байдаг гэнэ. Иймээс тус сумынхан малын тоо толгойг цөөрүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьжээ.
Цээл сумын иргэн, хувиараа тариалан эрхэлдэг Д.Үржинсүрэн гэх залуутай тариан талбай дээр нь уулзлаа. Тэрээр 150 трактороороо газар хавж байлаа.
-Та Цээлийн уугуул уу?
-Тийм ээ, уугуул хүүхэд нь. Бага байхаасаа л тариа тарьж, трактор комбайнч хийж яваад 2005 оноос хувиараа тариалан эрхлэх болсон минь энэ.
-Эргэлтийн хэдэн га-тай вэ?
-100 га-тай.
-Энэ жилийн тариалалтаа хэзээ эхлүүлэв?
-Сая л эхэллээ дээ. 18, 19-нөөс эхлүүлсэн маргаашнаас л дуусгачихна. Улаанбуудай тариална.
-Хувиараа тариалан эрхлэхэд ямар хүндрэл учирдаг вэ?
-Хувиараа тариа тарьдаг иргэдээ дэмжих хэрэгтэй байна. Бид чинь нэг кг үрээ 1000 төгрөгөөр авч байна. Тэгэхээр 10 сая төгрөгөөр үрээ авсан гэсэн үг. Тариалантай холбоотой сан, газрууд чадлынхаа хэрээр дэмжиж л байна. 


-Уулзсан хүн болгон л тариалангийн талбай руу мал орж хүндрэл учруулж байгаа талаар ярьж, халаглах юм?
-Тэрийг ярилтгүй. Дийлдэхгүй байна. Бид ингээд л тариалалтаа хийнэ. Хийгээд дуусчихаар мал нь ороод ирнэ. Малчид нь малаа туугаад л орхичихно. Тариан талбай дээр бэлчиж л явна. Үнэхээр хэцүү.
Зүдэрч тарьсан тариаг намар нь хямдхан авна. Тэгээд хавар нь стандартад нийцэхгүй, чанаргүй муу үр өгнө.
-100 га-д тариалан эрхэлж хэдэн ам бүлээ тэжээж байна гэсэн үг вэ?
-Ах, дүү, хамаатан садан гээд бүгд нийлж тарина. Талбайгаа өөрсдөө байнга манана. Байнгын манаач байлгахгүй бол болохгүй. Одоо ингээд тариалалтаа хийнэ. Тэгж байтал соёололтоо харна. Тариа соёолоод эхлэнгүүт мал харж эхэлнэ дээ. Трактороороо үрлээд өнгөрнө. Араас нь хонь, үхэр бэлчээд л ороод ирнэ. Нэг иймэрхүү л дүр зурагтай амьдрал өрнөж байна.
-Цаг агаар тарианд таатай байж магадгүй гэцгээж байна?
-Энэ жил ер нь гайгүй байх шүү, цаг агаар. Сайхан тариа ургах байх. Чийг ихтэй байна. Тариалангийн бүс нутагт малын тоо толгойг зохих хэмжээнд барих бодлого алдагдсан нь харамсалтай. Гэхдээ яах вэ, газар эхийн буян гэж байна. Хөдөлмөрлөөд л амьдралаа залгуулж явна гэлээ.
Д.Үржинсүрэн талбайгаасаа шороо атгаж үнэртсэнээ “Газар хаваад үрэлгээ хийхээр газрын чийг үнэртээд сайхан шүү. Та нар намар ирээрэй. Бид тариагаа өндөөр гэгчийн ургуулчихаад хүлээж байя. Намар яасан гоё гэж санана” гэснээ “Газар хавахаар хөвөн шиг зөөлхөн болчихдог. Тийм зөөлөн хөрсөнд үрээ суулгаж байна гэж бод доо. Үрээ суулгаад намар нь тариа хураах хүртэлх бүх ажил хоорондоо их холбоо, шүтэлцээтэй байдаг юм” гэж ярьсан юм.

Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд