ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.25 07:05

Хакухо М.Даваажаргал 29 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өчигдөр өндөрлөлөө. Уг башёг мэргэжлийн сумогийн их аварга хакухо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар тэргүүлсэн байна. Барилдааны сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргал Харүмафүжиг уватэнагэ мэхээр ялсан юм. Одоо тэрээр нэмж гуравхан түрүү авахад бүх цагийн үеийн дээд амжилтын эзэн Тайхо их аваргатай зэрэгцэж ирнэ. Тэмцээний сүүлийн өдрийн бас нэг сонирхолтой барилдаан какурюү М.Ананд болон озэки Кисэносато нарын хооронд болж Монголын 71 дэхь аварга Кисэносатогийн цукидаши мэхэнд дийлдэн уналаа. Какерюү Анандын тухайд тэрээр нацу башёг есөн даваа, зургаан унаатай дуусгаж байна. Харин ёкозуна цолны төлөө барилдаж буй Кисэносато 13 даваа, хоёр унаатай байгаа. Тэмцээний дараа М.Даваажаргал ярилцлага өгөхдөө “Аавын минь бие жаахан тааруу байсан учраас сүүлийн үед Японд ирж сумо үзэж чадахгүй байсан. Харин энэ удаа аав маань ирж, аавынхаа өмнө түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн Нацу башёд гурван их аварга барилдсан. Барилдааны турш их ч ядарлаа. Дараагийн башёд залуу бөхчүүдээ манлайлан барилдахын тулд улам их хичээнэ” гэжээ.
Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 3:12, Тамаваши 8:7, Терюнофүжи 9:3, Токитенкү 7:8, Таканойва 3:12, Кёкүшүхо 9:6, Сококурай 8:7, Араваши 7:8 даваатайгаар нацу башёг дуусгалаа.

С.АЛТАН

Онцлох нийтлэлүүд