ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.07.13 11:07

Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас Нагоя башёог орхилоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё буюу зуны тэмцээн энэ сарын наймны өдөр эхэлсэн билээ. Өнөөдөр барилдааны зургаа дахь өдөр юм.

Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаан эхэлснээс хойш тасралтгүй гурван өдөр дараалан давсан ч дөрөв дэх өдрөөс эхлэн Нагоя башёог орхилоо. Учир нь барилдааны дараа Хакүхо хувцасны өрөөндөө халтирч унасан бөгөөд ингэхдээ баруун өвдөгний бэртэлээ сэдрээж, хоёр долоо хоног эмчлүүлэхээр болсон байна.

Одоогийн байдлаар, Нагоё башёог Гүржийн бөх Озэки Точиношин таван даваатай тэргүүлж байгаа бол Озэки Такаясү дөрвөн даваа, нэг унаатай удаалж байгаа юм. Ижил даваатай долоон бөх башёод барилдаж байна.

Харин Аварга Какүрюү М.Ананд гурван даваа, хоёр унаатай бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров хоёр даваа, гурван унаатайгаар башёог үргэлжлүүлсээр байна.

Манай улсаас дээд зиндаанд барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан нэг даваа авсан бол Араваши Э.Дөлгөөн одоогоор таван өдөр дараалан унажээ.

Өнөөдрийн барилдаанд башёог нэг ч унаагүй тэргүүлж буй Гүржийн бөх озэки Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой учраа таарч, аварга Какүрюү М.Ананд Чиёонокунитэй барилдахаар оноолт таарчээ.

З.СУВД

Онцлох нийтлэлүүд