ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.16 09:02

Хариуцлагатай аялж чадвал Америк үүдээ нээхэд бэлэн болжээ

эрх чөлөөний хөшөө зурган илэрцүүдӨнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын Засгийн газраас АНУ-д хандан “Н2 түр ажилчны визний хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах хүсэлт гаргасан. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам ч уг хүсэлтийг дэмжсэн бөгөөд Вашингтон дахь Төрийн департамент үүнийг баталснаар монголчууд Америкт албан ёсны визтэй ажиллах эрхтэй боллоо. Энэхүү түр ажиллах визний хөтөлбөр нь дотроо хоёр янз. H2A ангиллын визээр хөдөө аж ахуйн салбарт ажиллах бөгөөд ажиллах хүчний тоо хязгааргүй. Мөн хэлний шаардлага тавьдаггүй. H2B ангиллын визээр хөдөө аж ахуйн бус ажлыг эрхлэх бөгөөд ажиллах хүчний тоо хязгаартай.

Ийн холын Америк монголчуудад илүү ойртож байна. Хуучин бол Америк явах тухай ойлголт энгийн хүмүүст мөрөөдөл байсан юм. Дарга нар, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд л ардчиллын өлгий оронд очдог байлаа. Тэгвэл одоо Америк явна гэдэг мөрөөдөл байхаа больж, жирийн малчин залуу ч тэнд очоод албан ёсоор ажиллах боломж нээгдэж байна. АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголын Засгийн газрын хүсэлтийг манай ЭСЯ АНУ руу дэмжиж санал болгож явуулсан. Тиймээс H-2 визний зөвшөөрлийг олгохдоо Монголын Засгийн газрын манайхтай хамтарч байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үндэслэж дэмжсэн. Тэдгээр ажлуудын нэг Америкт хараар үлдэж байгаа хүмүүсийн тоог багасгахад Монголын засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд дөрөв дэх орондоо Консулын алба хашиж байна. Монголын Гадаад харилцааны яам манай Элчин сайдын яамтай сайн хамтарч ажиллаж байгаа явдал бол надад тохиолдож байгаа анхны орон гэж хэлж болно. Иймд Монголын төр засгийн зүгээс одоогийнхоо хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Монголын Засгийн газар “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудын ухамсарт нөлөөлөхөд маш сайн хамтарч ажиллаж байгаа. Гэнэтхэн нэг өдөр визний зөрчилгүй иргэдийн тоо тэг болно гэж байхгүй. Энэ ажлыг тасралтгүй алхам алхмаар урагшлуулах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Манай Гадаад харилцааны яамнаас АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг уриалсан “Хариуцлагатай аялцгаая” аян эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд баримтат кино хүртэл хийсэн бөгөөд визний хугацаандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэн, эх орондоо ирж амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг оруулсан байна. Хэрвээ монголчууд Америк явахдаа хариуцлагатай аялж сурвал бүр илүү өргөн боломж бидэнд нээгдэх юм. Харамсалтай нь “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн бидний хар амиа бодсон араншин Америкийн визний бодлогод ч нөлөөлдөг. Америк явсан хүмүүсийн дийлэнх нь тэндээ харлаж, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа болохоор америкчууд бидэнд виз олгохдоо харам байдаг. 2016 онд АНУ-ыг зорьсон монгол иргэдийн талаарх таагүй статистик мэдээ байна. Түүнд дурдсанаар АНУ-д ажил болон аяллаар зорчигсдын найман хувь нь хугацаа хэтрүүлэн үлдсэн. Оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчигсдын 20 орчим хувь нь хугацаагаа хэтрүүлэн үлдсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны тооцоолсноор 2016 онд цагаачлалын бус визээр Америкт зорчсон Монгол иргэдийн гуравны нэг хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн гэжээ. Зөвхөн амин хувиа хичээж, өөрийгөө бодсон энэ хүмүүсийн балгаар Америкийн виз хүссэн бусад нь татгалзсан хариу авч байна. Тэгэхэд Хятад улсын иргэд визний хугацаа хэтрүүлдэг тохиолдол 0.9, Солонгос гэхэд 0.46 гэсэн хувьтай гарчээ.

Тиймээс Америк явж байгаа монголчууд маань хар амиа бодож, харлаж үлддэгээ болих хэрэгтэй. Монгол Улс ч гэсэн иргэнээ бүртгэж, хэн хаашаа хэзээ явж байна. Хэзээ эргэж ирэх ёстой гэдгийг мэддэг байх ёстой. Ялангуяа Америк явж байгаа хүмүүсээ мэддэг, ар гэр, амраг садантай нь харилцаа холбоотой байдаг болъё. Гадаадад гарч хараар амьдарна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал байдгийг жаахан ч болов цэгцэлмээр санагддаг. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг биш бөгөөд Монгол Улсын нэр хүнд, монголчуудын хувь заяанд ч эергээр нөлөөлөх бодлого болох учиртай. Монголын төр гадаадад, ялангуяа Америкт хууль бусаар амьдарч байгаа монголчуудаа бүртгэж, бүгдийг нь биш юм гэхэд заримыг нь эх орондоо авчрах гэх мэт ажлаа тасралтгүй хийж байх ёстой. Мөн Америкт зорчиж байгаа иргэддээ визний хугацаагаа хэтрүүлэхгүй, хууль бусаар ажиллаж, амьдрахгүй байх талаар зөвлөж, ухуулж сэнхрүүлж байя. Үүний үр дүн бол монголчууд АНУ-ын виз авах нөхцөл хөнгөрөх, улмаар ирээдүйд Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах бодит нөхцлийг бий болгоход чиглэгдэх ёстой. Америк руу визгүй зорчих эрхтэй болохын тулд улс орнуудад үүнээс өөр олон шалгуур тавьдаг. Тухайлбал, аялал жуулчлалын “В” ангиллын визний татгалзал гурваас доош хувьтай байх, Терроризмын эсрэг, хууль сахиулах, хилийн хяналт, мөн бичиг баримтын аюулгүй байдлын өндөр стандарттай байх гэх зэрэг шаардлагууд багтдаг. Энэ бүхнийг бид бодлогоор зорилго, дэс дараалалтай аажим аажмаар хэрэгжүүлж эхэлбэл Америкт визгүй зорчих өдөр холгүй байна. Тэгвэл тэнд хараар амьдарч байгаад ирсэн монголчууд ч эргээд албан ёсоор очих эрхтэй болно.

Аль юм болгонд бид хар амиа хичээж, өөрийгөө бодож амьдрах билээ. Нэг хүний хугацаа хэтэрсэн визний ард нэлээд олон хүний виз гарахгүй үлдэж байна. Нэг монгол Америкт харлаж, хууль бусаар ажиллаж амьдарч болоод байгаа мэт. Тэгвэл яг тийм хүмүүсээс болоод нэлээд хэсэг хүн тэнд сурах, аялах, бизнес хийх боломжоо хаалгаж байна. Энэ бүхнийг ойлгож, хаана хаанаа жаахан хариуцлагатай байя. Ингэж чадвал Америк орон бидэнд хаалгаа нээхэд ойрхон л байна даа.

Онцлох нийтлэлүүд