ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.06.20 01:06

"Хас"-ын Ч.Ганхуягийн зөвлөгөө

Хятадын банк манайд салбараа нээж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаад МАН-ынхан дургүй байгаа. Тэгвэл МАН-ын залуу лидерүүдийн нэг болох "Хас"-ын Ганхуяг ингэж айлджээ. "Хятадын банк Монголд орж ирэх нь нэг талаар банк хоорондын өрсөлдөөнийг эрчимжүүлж, агаар мэт хэрэгтэй байгаа гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл байдлыг бий болгох замаар манай хүндрээд байгаа эдийн засагт сэргээш өгөх талтай. Манай банкуудын ч үйлчилгээ энэ нөлөөгөөр сайжирч, дунд хугацаанд үйл ажиллагаа нь чамбайрч, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх боломж харагдана. Харин дунд хугацаанд манай бүх өөдтэй, өнгөтэй бизнесүүдийг бага хүүтэй, үлэмж их хэмжээний зээлээр тэтгэснээр нэг талаас бид нэг банкны барьцаанд бүхлээрээ орж, тэдний бидэнд үзүүлэх нөлөө, шахалт ихсэж, нөгөө талаасаа манай үндэсний гэх банкууд сайн харилцагчгүй мухардмал байдалд орон бүхлээрээ унах эрсдэл бий. 

Тэр үед тэдний зүгээс хэрэглэж болох нэг аюултай арга бол яах аргагүй зөвхөн Хятадын оролцоотой, Хятад эзэнтэй, Хятад технологи ашигласан төслүүдийг дэмжиж манай үндэсний гэх тодотголтой бизнесүүдийн өрсөлдөх чадварыг сулруулж, улмаар үгүй хийх бодлого барих боломжтой. Иймд бид энэ асуудалд туйлын нухацтай, болгоомжтой хандах нь үндэсний эрх ашигт нийцнэ. Би энд заавал хориг тавих тухай санасангүй. Бид зөвшөөрөл өгвөл эдгээр хүчин зүйлсийг тооцоолж, анхнаасаа алсаа харсан зөв хязгаарлалт, нөхцөл бүхий, нарийн хяналтын дор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгон ажиллулах боломжтой юм" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Э.ЭНХ


Онцлох нийтлэлүүд