ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.07.07 04:07

Хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г танилцууллаа

Дэлхий нийтэд тархан суурьшсан Монгол туургатны өв соёл, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий “Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын 200 гаруй уран бүтээлч болон үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Уг их наадмын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 06-нд “Монгол өв соёл - Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Харин өнөөдөр Монгол туургатны соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна.

Eric Taichar-н зураг.

Мөн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талд Монгол уран хатгамлчдын авъяас билгийг харуулсан “Монголын нууц товчоо”-ны хоёр хувилбарыг байрлуулжээ. Баруун талд “Монголын нууц товчоо судлалын хүрээлэн”-гийн бүтээсэн 180 метр урт торгонд зээгэн хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г байрлуулсан байна. Уг бүтээлийг хийхэд нийт 5 жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд Монголын нууц товчооны бүх бүлэг, 18 түүхэн зургийг зээгэн хатгамлаар оёсон байна.

Сүхбаатарын талбайн зүүн талд Хэнтий аймгийн иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын санаачилгаар 21 аймгийн 5000 гаруй уран хатгамалч хоёр жилийн хугацаанд хамтран бүтээсэн 108 метр урт эсгийн зээр зурган өгүүлэмжээр ширсэн “Монголын нууц товчоо”-г байрлуулжээ. Энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

Талбайн гол хэсэгт Монголс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бол хойд хэсэгт байрлах Монгол гэрүүдэд уран хатгамал, уран бичлэг, Монгол хөгжим зэрэг түүхийн болон соёлын өвийг танилцуулж байна.

“Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам өнөөдөр орой “Монгол Костюмс”-ын 15 жилийн ойн театрчилсан загварын тоглолт, “Этно хөгжмийн үдэш” арга хэмжээгээр үргэлжилнэ.

Онцлох нийтлэлүүд