ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.06.03 06:06

Хепатит Д вирусийн эсрэг эм туршилтын шатандаа явж байна


Элгийг гэмтээдэг А, В, С, D, E зэрэг 10 гаруй вирус бий. Эдгээрээс С, В, D вирусийн халдвар өргөн тархалттай байдаг аж. Манай улсад С-г нь бүрэн эмчилж байгаа бол B, D вирусийн хувьд одоогоор бүрэн төгс эдгээх эмчилгээг хүн төрөлхтөн олоогүй байна. Монголд зөвхөн элэгний хорт хавдраар жилд 1600 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Үүний гол шалтгаан нь элэгний вирус юм. Эдгээр нь хүний биед цусаар дамжиж ороод элэгний болон бусад эсийг гэмтээдэг юм байна. Цөөнх тохиолдолд цочмог хэлбэрээр илэрдэг ч дийлэнхдээ нуугдмал байдлаар халдварладаг гэнэ. Д буюу дельта вирус нь В вирусээр дамжиж биед халдварладаг тул зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст зонхилон халддаг байна. Д вирусийн халдвар элэгний хорт хавдар болон хатууралд хүргэх хугацааны хувьд В, С вирусээс хамаагүй богино гэсэн эрсдэлтэй. Элэгний цочмог дутагдал буюу элэгний комд хүргэдэг гол вирус нь В болон дельта вирус гэж үздэг. Монголд 2016 онд уг вирусийн халдвартай 120 мянган хүн байсан бол 2018 оны байдлаар энэ тоо эрс өсч ойролцоогоор 140 мянгад хүрчээ.

В, Д вирусийн хувьд аль алийг нь бүрэн устгадаг стандарт, эмчилгээ одоогоор дэлхий дахинд байхгүй. В вирусийн хувьд тоог нь бууруулдаг, үрэвслийг нь дарангуйлдаг эмнүүд байдаг боловч таван жилийн турш тасралтгүйгээр эмээ уусан ч вирус нь арилах магадлал нэгээс хоёрхон хувьтай л байдаг аж. Өөрөөр хэлбэл, 100 хүнд таван жилийн турш В вирусийн эсрэг эм уулгахад түүний хоёрынх нь л В вирус арилах боломжтой гэсэн үг. Цаашлаад В, Д вирус хавсарсан тохиолдолд дангаараа илэрсэн В вирусээс ч илүү аюултай аж. Дельта вирусийн эмчилгээний хувьд дэлхийн шинжлэх ухаанд батлагдсан ганцхан төрлийн тариа бий. Тэр нь интерферон. Энэхүү эмчилгээ маш тойруу замаар үйлчилдэг байна. Тухайлбал, хүний дархлааны тогтолцоонд эхлээд үйлчилж, дархлааны систем нь эргээд Д вируст үйлчлэх замаар үр дүнгээ өгөх юм.

Дан В вирустэй тохиолдолд вирусийн эсрэг эмээ хэрэглэхэд тухайн хүний элэгний үйл ажиллагаа хэвийн явагддаг. D вирустэй хавсарсан тохиолдолд интерферон гэх тарианаас өөр эмчилгээ байхгүй аж. Мөн интерферон тариаг хийсэн ч вирусүүд арилах тохиолдол нь 30-хан хувь байдаг юм байна.

В, Д вирусийн гол уршиг нь ямар ч байдлаар хавдар үүсгэж, элэгний хатуурал болох эрсдэлийг дагуулдаг. Вирусийн халдвартай тохиолдолд вирусийн эсрэг эм уусан ч хавдар хэзээ ч илрэх магадлалтай байдаг. Вирусийн эсрэг эм таван жил уухад хавдар болох магадлалыг зөвхөн 61 хувь хүртэл бууруулдаг.Өөрөөр хэлбэл, вирусийн эсрэг эмчилгээ таван жил хийлгэхэд гурван жилийн өмнө үүсэх байсан хавдрыг дахиад гурван жилийн дараа үүсгэх гэх мэтээр хугацааг нь л уртасгах аж.

ХЕПАТИТ Д ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ГОЛ ЭМ НЬ ЛОНАФАРНИБ

Хепатит Д вирусийн халдварыг эмчлэхэд хэрэглэсэн лонафарниб эмийн талаар Lan­cet сэтгүүл онцолжээ. “Eiger” биоэмийн үйлдвэр нь 2015 онд ийм төрлийн халдвар авсан 30 өвчтөнд тус бэлдмэлийг туршсан нь амжилттай болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH) Мариланд, Бетезда дахь эмнэл зүйн төв дээр Д вирусийн халдвартай дээрх өвчтөнүүдэд 28 өдрийн турш лонафарнибыг 100 мг ба 200 мг-аар өдөрт хоёр удаа өгсөн аж. Туршилтаар уг эм нь хепатит Д вирусийн репликацийн пренилжих процессыг дарангуйлж, вирусийн үржих явцыг таслан зогсоож байж. Энэхүү бэлдмэлийг үйлдвэрлэх эрхийг “Merck Sharp & Dohme Corp” эзэмших аж. Уг эмийг мөн АНУ, Канад улсаас зарим орнуудад туршиж байгаа юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд