ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.26 10:05

Хийн хоолойг Монголоор дайруулахгүй байх нь тийм ч харамсмаар зүйл биш юм байна

Украйнд дэгдсэн асууд­лаас болж Европ, Аме­­риктай харилцаа нь хүйтэрсэн ОХУ байгалийн хийгээ Европоос өөр зах зээл рүү буюу Хятад руу ний­лүүлэхээр болж бай­на. Хятад, Оросын дунд тавигдах хийн хоолой Монголоор дайран өнгө­рөх үү, үгүй юу гэсэн асуултын эцсийн ха­риу га­раагүй байгаа. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш С.Баясгалантай энэ сэдвээр ярилцлаа.

 -Шанхайн уулзалтаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  В.Путин, Си Жиньпин хоёр­той уулзсан. Орос, Хятадын  төрийн тэргүүнүүд  уулзаж хийн хоолой тавих шийдвэр гаргалаа. Уулзалтуудын  үеэр хийн хоолойг Мон­голын нутгаар дайруулж тавих талаар хөнд­сөнгүй. Ийм яриа албан бус хүрээнд өрнөсөн байх боломжтой юу?

-Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй  уулзахдаа Орос, Хятадын харилцааны асуудлыг л ярьсан. Хийн хоолойг Монголоор дайруулж тавих талаар хөндөөгүй. Манай Ерөнхийлөгч ч тэр талаар юу  ч дурдаагүй. Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгчийн хамгийн бодитой ярьсан зүйл нь транзит тээвэр. Хийн хоолойг хаагуур дамжуулж тавих нь тийм ч нууцлаад байх асуудал биш гэж бодож байна.

-Ерөнхий сайд Санкт­Петербург руу эдийн засгийн чуул­ганд оролцохоор явсан. Тэр үеэр  хийн хоолойг Мон­голоор дамжуулан татах асуудал яригдаж магадгүй гэсэн таамаг байна?

-Ерөнхий сайдын айлч­лалын үеэр ямар үр дүн гарахыг хэ­лэхэд эрт байна. Хийн хоо­лой дамжуулах асуудлыг В.В.Путин, Си Жиньпин хоёр гэрээ байгуулаад шийдчихлээ. Төрийн тэргүүнүүд нь гэрээ байгуулангуут “Газпром”, Хятадын газрын тосны компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дараахнаас л бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлэх нь тодорхой болж байна. Энэ бүх процессын явцад Медведев гэсэн нэр огт сонсогдсонгүй.

Эндээс хэн Оросыг атгаад байна вэ гэсэн асуултын хариу гарч ирж байна.

-Гэхдээ л Монгол руу хийн хоолой тавих магадлал өндөр, Оросын талын ашиг сонирхол тэр зүг рүүгээ хандсан гэх таамгийг судлаачид хэлж байгаа шүү дээ?

-Нааштай байх боломжтой гэсэн байр суурийг хэд хэдэн судлаач хэлж байгаа. Оросын хувьд  манайхаар дамжуулан хийн хоолой тавих боломж­той гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Гэхдээ Оросын ашиг сонирхол юу вэ гэдэг нь таавар хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Орос, Хятадын хувьд Мон­го­лоор дамжуулан хийн хоолой та­вих нь хамгийн дөт гарц гэж ярьж байна. Энэ хэр бодитой вэ?

-Газар зүйн байрлалын хувьд давуу тал байтугай ямар ч тал байхгүй. Алс Дорнодоор явж байгаа хийн хоолой нь хүртэл Манжуураар явдаггүй. Хэрвээ  дөтийг нь бодсон бол Манжуураар явж таарна. Гэтэл Манжуураар явахгүйгээр  Владивостокоор  тойрч байгаа. Энэ нөхцөлд Монголоор дамжуулна гэдэг үндэслэлгүй хэрэг. Учир нь Оросын дэд бүтцийн байршил  хэвтээ чиглэлтэй. Тэгэхээр Владивосток илүү ашигтай хувилбар.

-Яг ямар ашигтай гэдгийг тодруулаач?

-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт нутаг дэвсгэр дээр нь хийн хоолой байгаа учраас энэ хувилбар ашигтай.  Нэмж зардал гаргахгүйгээр хуучин дэд бүтцээ сунгах маягаар асуудлыг шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт ганц Хятад руу гарахгүй. Владивостокоор явбал Хятадаас гадна Япон, Солон­гос гэсэн хоёр том зах зээл бий. Азийн том зах зээлүүд рүү шууд орчихож байна гэсэн үг.  Украйнд “Та нараар бид дутахгүй” гэсэн маш том дохиог өгч чадах маршрут. Хятад гэж  эрчим хүчний хэрэгцээ маш өндөр, тэрбум 400 орчим сая хүнтэй зах зээл байна. Владивостокоор явсан тохиолдолд  Япон, Солонгос руу усан онгоцоор хийгээ зөөчихнө. Тэгэхээр яаж ч бодсон манайх газар зүйн байршлаараа давуу талтай биш. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бид өөрсдөө л гуйж байгаа.

-Эдийн засаг талаасаа ашиггүй юм байна. Тэгвэл Монголоор хийн хоолой дайруулах өөр шалтаг, шалтгаан Орос, Хятадад бий болов уу?

-Ямар ч шалтаг, шалтгаан байх­гүй. ОХУ-ын хувьд  геостратегийн талаасаа чухал байж болох юм. Бид Орос, Хятадын хооронд жийргэвч улс байсаар ирсэн. Өнөөдөр Орос, Хятадын харилцаа түүхэнд тохиогоогүйгээр  ойр болж байгаа учраас жийргэвчний үүрэг хэрэггүй. Харин хоёр хөрш сөргөөцөлдөөд ирэхээр бид жийргэвч улсын үүрэг гүйцэтгэдэг юм. Газар зүйн асуудал дээр яривал Орос, Хятад хоёр стратегийн түншлэлтэй, бүх юмаа харилцан хийж байгаа одоо үед Монголоор дайруулах ашиг сонирхол Орост байх уу, үгүй юу гэдэг нь асуултын  маш том тэмдэг. Монголын талаас байгалийн хий дээр ганцхан ашиг сонирхол бий. Тодруулж хэл­бэл дамжин өнгөрүүлсний хөлс авна гэсэн түрээсийн маягийн зүйл ярих гээд байгаа. Ач холбогдлыг нь биш валют хараад байна л даа. Манай­хаар дайрууллаа гэхэд байгалийн хийн трубаг Хятад руу 55 тэрбум ам.доллараар тавина. Оросуудын хувьд асар том зах зээл өмнө нь байгаа учраас ийм өндөр өртгөөр хийх гэж байна. 30 жилийн турш 400 орчим тэрбум ам.доллар олох маш том төсөл. Үүний хажууд 55 тэрбум ам.доллар их мөнгө биш. Манайхаар дамжуулж тавилаа гэхэд хэн санхүүжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бид лав санхүүжүүлж дийлэхгүй. Тэгэхээр дахин хэлэхэд эдийн засгийн ашиг талаа харвал Оросууд Монголоор дамжуулан хийн хоолой тавих ямар ч үндэслэл байхгүй.

-Онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд магадгүй юм биш үү?

-Өнөөдрийн хувьд онцгой ашиг сонирхол харагдахгүй байгаа.

-Уул уурхайн нөөц ихтэй ор­дуу­даа ашиглуулах ч юм уу Оросуу­дад ашигтай байж мэдэх өөр хувилбар байж болно шүү дээ?

-Тийм хувилбар байхгүй. Дайны байдал, цэрэг батлан хамгаалах асуудал, Украйн шиг сөргөлдөөд ирвэл тийм юм үүснэ. Энхийн цагт ямар ч  орон өөрсдийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг. Энэ бол зайлш­гүй бодож үзэх өнцөг. Гэтэл сүүлийн үед “Манайхаар тавибал гоё юм байна” гэсэн хөөрөл давамгайлаад байна л даа. “Улаанбаатар төмөр зам”-ын тал нь Оросын мэдлийнх. Америкаас хөрөнгө оруулалт хийе гэхэд Орос үгүй л гэсэн. Жижиг юман дээр хүртэл “зөвшилц” гэдэг. “Бид хөрөнгөний хагасыг эзэмшигч учраас гуравдагч талын асуудлыг тийм амар шийдэхгүй”  гэсэн байр сууриа төмөр замын хөрөнгө оруулалт яригдах үеэр тодорхой хэлсэн. Гэтэл хийн хоолой үүнээс ч том асуудал. Манайхаар дамжуулан хийн хоолой тавибал Орост Монгол чухал байна гэдэг нь харагдана. Тавихгүй гэвэл эдийн засаг, бизнесийн хувьд л ашиггүй гэж үзсэнийх.

-Оросуудын хувьд  манайхаар дамжуулан  хийн хоолой тавих нь ашиггүй байлаа гэхэд Хятадад ямар нэг сонирхол байж болох юм?

-Бид өмнөд хилийн дагуу  өчнөөн цахилгаан станц байгуулж урд хөрш рүү эрчим хүчээ экспортолно гэж яриад байгаа.  Аливаа улсын эрх ашигт өөрийн улсын аюулгүй байдал гэж чухал юм бий. Хятад эрчим хүчээрээ хараат бус байхын тулд 21 цөмийн цахилгаан станц ажиллуулж байна. 28 цөмийн цахил­гаан станц нэмж барина гэж байгаа. Ийм улс манайхаас эрчим хүч авах нь маш эргэлзээтэй. Хятад Улс хүнд үйлдвэрлэлдээ ашиглах гэж л манайхаас нүүрс авдаг. Эрчим хүчтэй ямар ч хамаагүй. Ингээд анзаараад байхад ямар нэг ашиг сонирхол харагдахгүй байна.

-Манай улсын хувьд гуравдагч орон гэж онцолж харилцаад оросуу­даа гомдоосон талтай гэж хэлэх судлаач цөөнгүй бай­даг. Хойд хөршийн бодлогын шийд­вэрүүдэд энэ хандлага нөлөөлөөд байна уу?

-Харилцааны хувьд  бидний буруу байхгүй. Зөвлөлт холбоот улс задарсны дараа Оросын бодлого, анхаарал өндөр хөгжилтэй  Европ, Америк руу хандсан. Тэдэнтэй л харилцаа тогтоохыг бодож байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулж хэл­бэл Украйны хэрэг явдал хүртэл Оросын бодлого тийм байсан юм. Алс Дорнод, Ази руу нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Харин Украйны дараа Америк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. Ийм үед оросууд Ази гэж тив бийг санаж байна л даа.

-“Роснефть”-ийн Ерөнхийлөгч  өнгөрсөн хавар нефтийн хоолой тавина гэж хэлээд буцсан. Энэ алхам оросуудын эерэг хандлагын илэр­хийлэл, Украйнд үүссэн нөх­цөл манайд ашигтайгаар эргэж бай­­гаагийн нэг жишээ биш гэж үү?

- Нефть, хийн хоолой хоёр бол өөр асуудал. Нефтийн хоолойн хувьд байж болох асуудал. “Газпром” бол өөр.  Газаар үйл ажиллагаа явуулдаг, газаар Европыг сүрдүүлдэг, газаар хяналтаа тавьдаг компани. Монгол, Орос гэдгээ мартаад цэвэр бодлого, эдийн засаг талаас нь ямар ашигтай вэ гээд харахаар юу ч харагдахгүй байна.

-Украйны хямрал даамжирвал Оросын талаас гэж ярихад  бидэнд ямар давуу тал байж болох вэ?

-Ази руу чиглэсэн бодлого нь манайх руу тусвал худалдааны эргэлт сайжирч таарна.

-Шанхайн уулзалтын үеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Оросын талтай ярьсан транзит тээврийг хэлж байна уу?

-Оросын хувьд нааштай хандаж байгаа нэг зүйл нь төмөр зам дээр ажиглагдаж байгаа. Транзит тээврийн асуудлыг Оросын тал маш сайнаар хүлээж авч байна. Өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх зүйл л дээ. Нэг жишээ хэлье. Путин саяхан стратегийн төлөвлөгөө гэж гаргахдаа Алс Дорнод руу төмөр замын дэд бүтцийг хөгжүүлнэ гэж төлөвлөсөн. Бүр хойшоо Якут  хүртэл төмөр зам тавих төсөл хийгдэж  ажил болоод эхэлчихсэн.  Тэр хүрээнд Монгол руу төмөр зам татах асуудал яригдаж байгаа. Энэ бол цэвэр бодлого, ашиг сонирхлын асуудал. Тэр нь манай бодлоготой нийцэж байгаа. 

-Транзит тээврийн асууд­лыг шийдсэнээр дамжин өнгөрүүлсний төлбөр гэж овоо доллар олох боломж бүрдэж таарна. Бидэнд өөр ямар давуу тал байна?

-Бээжингээс Европ, Европоос Бээжин рүү явахад манай дээр гацахгүйгээр шууд  экспресс явна гэсэн үг. Дамжин өнгөрүүлсний төлбөр, экспортын төлбөр авахаас гадна бид өөрсдөө реэкспорт хийж болно. Оросоос юм худалдаж аваад Хятад руу, Хятадаас худалдан авалт хийж Орос руу зарж болно. Одоогоор Орос, Монгол хоёрын дунд яригдаж байгаа хамгийн бодитой, ажил болохоор шийдэл гэвэл энэ байна. Үүн дээр Хятад, Орос хоёр манайхыг олж харж байгаа нь ёстой нөгөө газар зүйн байршил. Гэхдээ газар зүйн байрлалын хувьд Казахстан манайхаас өрсөх талтай. Учир нь Казахстан газар зүйн байрлалаараа манайхаас дөт. Тэд биднээс илүү идэвхтэй байвал өрсөх магадлалтай. Монголын тухайд төмөр зам, агаарын зам, авто замын ложистикоо маш сайн хөгжүүлбэл хөгжөөд явчихна.

-Хийн хоолойг манайхаар дайруулахгүй байсан ч ложистикоо хөгжүүлчихвэл бид алзахгүй юм байна. Гэхдээ Орос, Хятадыг холбосон хийн хоолой манай улсын нут­гаар дайрлаа гэж бодоход бидэнд ямар ашигтай вэ, мэдээж өмнө ярьсан шиг дам­жин өнгөрүүлсний түрээс авч таарна?

-Ажлын байр бий болно. Крантан дээр нь хэдэн хүн хяналт тавиад сууж таарна. Аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн үг. Монголын нутаг дэвсгэрээр татсан трубаны галын аюулгүй байдлыг хангах,  хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас хамгаалах үүрэгтэйгээр ажиллах юм. Өмнөд хилээс хойд хил хүртэл труба татна гэхээр нэлээд олон ажлын байр гарах болов уу. Мөн газын компаниуд газ авах байх.

-Бас байгалийн хий ашиглах боломж монголчуудад нээгдэх байх?

-Байгалийн хийг өөрсдөө ашиг­лана гэвэл труба татахаас эхлээд газар ухаж дэд бүтцээ байгуулахад их хөрөнгө зарна. Хэрэглэж чадах уу гэдэг асуудал бас бий. Украйн манайхаас илүү хөгжсөн,  аж үйлд­вэрж­сэн хэрнээ сүүлийн таван сарын байдлаар байгалийн хийн төлбөрөө төлөөгүй. Гурван тэрбум ам.долларын өртэй  байна. Гэтэл бид өнөөдөр цахилгааны төлбөр нэмнэ гэхэд л бөөн асуудал босгодог. Тэгэхээр тал талаас нь судлах л хэрэгтэй.

-Байгалийн хий ашиглахад экологи талаасаа сөрөг  нөлөөлөл байх уу?

-Шууд газар дээр труба татчих учраас ямар ч нөлөө байхгүй. Труба нь газар дээгүүр могой шиг мушгиралдсан маягаар явчих юм. Аюулгүй байдлын стандартыг сайн мөрдөх шаардлага бий. Нэг аюул нь дэлбэрэх. Гэхдээ өчнөөн талбайг хамарсан том дэлбэрэлт болохгүй. Шатахуун түгээх станц дэлбэрэх хэмжээний дэлбэрэлт бол үүснэ. Ойр явж байгаа хүнд хор хөнөөлтэй болохоос хол амьдардаг хүнд нөлөө­гүй гэсэн үг. Байгалийн хий учраас байгальд үзүүлэх хор нөлөө гэж байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Онцлох нийтлэлүүд