ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.11 11:09

Хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу?

Ирэх есдүгээр сард ОХУ, БНХАУ-ын хамтарсан томхон хээрийн сургуулилт зохион байгуулахаар болсон тухай мэдээлж байна. “Восток-2018” нэртэй хээрийн сургуулилтад Оросын талаас 300 мянган цэргийн албан хаагч, нэг мянга гаруй байлдааны онгоц, 36 мянган цэргийн зэвсэг техник, танк, байлдааны хуягт машинууд оролцоно гэсэн нүсэр тоо дурайж байна. Сибирьт болох энэхүү хээрийн сургуулилтад Хятадын талаас 3000 гаруй цэргийн албан хаагч, 900 гаруй цэргийн техник, 30 гаруй онгоцоо илгээх юм байна. Ийм хэмжээний том сургуулилт өмнө нь болж байгаагүй бөгөөд 1981 онд ЗХУ болон Варшавын гэрээний улсууд хамтран 150 мянган цэргийн албан хаагч оролцсон сургуулилт хийж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улс оролцоно гэсэн албан бус мэдээлэл байна.

“Восток-2018” хээрийн сургуулилтын гол зорилго нь тун тодорхой. Зохион байгуулагч хоёр улс болох ОХУ, Хятадын зүгээс Америк болон НАТО, барууны орнуудад цэрэг, зэвсгийн сүр хүчээ харуулах зорилготой. Бид хоёр нэгдэж нийлбэл та нарт дийлдэхгүй шүү гэсэн улс төрийн утгатай нь хэнд ч ил харагдаж байна. Хэрэв үнэхээр энэ сургуулилтад манай улс оролцвол Америк тэргүүтэй барууны холбоотон орнууд төдийгүй сүүлийн 30 жилийн турш бий болгосон өөрийн үнэт зүйлийнхээ эсрэг хөдлөх гэж буй хэрэг. Сүүлийн 30 жил Япон, Өмнөд Солонгос, Америк, Европын орнуудын тусламж дэмжлэгийн хүчинд бид өдий зэрэгт хүрсэн. Хүнд цаг үед тусалсан хамтрагчийнхаа тус дэмийг бид мартах учиргүй. Мөн сүүлийн жилүүдэд монголчуудад үзүүлж буй Япон, Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн тусламжийг анзаарахгүй байх аргагүй юм. Хүмүүнлэгийн тусламж гэдэг нь манайханд олгож байгаа гурван сарын виз. Япон, солонгосууд л мэдэхгүйдээ биднийг гурван сар аялж, зугаалаад ирэг гэж виз олгов гэж. Энэ бол биднийг мөнгөтэй болгох гэсэн хүмүүнлэгийн тусламж билээ. АНУ-ын Мянганы сорилын сангаас хэрэгжүүлдэг хэдэн зуун сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг бодит дэмжлэг гэхээс өөр юу гэхэв.

Энэ бүх тусалж дэмждэг улс орнууд болон, өөрийн сонгосон ардчиллын үнэт зүйлийнхээ эсрэг “Восток-2018” хээрийн сургуулилтад оролцох хэрэг байна уу. Яагаад энэ ажиллагаанд оролцох гээд байна вэ гэсэн асуултад олон янзын таамаг байна. Үүнээс хамгийн бодитой таамаг нь нь сүүлийн 20 жил ярьсан хийн хоолойн асуудал. Орос, Хятадыг холбосон хийн хоолой Монголоор дамжина гэсэн горьдлогыг монголчууд 20 жил тээсэн. Манай газар нутгаар хийн хоолойг дайруулж тавьчихмаар ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байсан асуудал сүүлийн нэг жилд албан бусаар сэргэсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндаогийн уулзалтад оролцохдоо хийн хоолойн асуудлыг ярихад Путин анх удаа сонсч байгаа мэт “Сонин юм байна. Наадахыг чинь судалж үзье” гэж байв. Гэтэл энэ нь бидний 20 жилийн турш тасралтгүй ярьсан асуудал. Одоо судалж үзэх гэж 20 жил болно гэхэд эргэлзэх зүйлгүй.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр Хятадын хоёр компани “Монголоор хийн хоолой дамжуулах боллоо” гэж мэдээлэл гаргасан. Хятадын Гадаад хэргийн сайд нь албан ёсоор хэлээгүй ч “танайхаар хийн хоолой дамжуулахыг Орос зөвшөөрсөн” гэж манайханд албан бусаар хэлсэн байхыг үгүйсгэх газаргүй. Ийм л горьдлогыг Монголд төрүүлээд байна. Гэхдээ хийн хоолойг Монголоор дамжуулж тавилаа гэхэд бидэнд тавих шаардлага нь хэтэрхий өндөр байна. Эдийн засгийн ашгийн хувьд бол маргах зүйл байхгүй. Ном журмаараа, аль аль талдаа ашигтай хувилбарыг санал болгох юм бол Монголоор хийн хоолой дайрах нь олон талын ач холбогдолтой. Харин хоёр улстай үзэл бодол, үнэт зүйлээ ойртуулах, барууны орнуудаас зай барих, ардчиллын үзэл баримтлалаасаа ухрах шаардлага тавьж байгаа бол асар эрсдэлтэй юм. Бид хийн хоолой тавихын тулд Оюу толгойгоос хөрөнгө оруулагчаа хөөх, Эгийн голын цахилгаан станцаа барихаа болих, Оросын нүүрсэнд боломж олгох, нэг хүний засаглал тогтоох, барууны өндөр хөгжилтэй орнуудаас бүрмөсөн харилцаагаа зогсоож таг харанхуй болж магадгүй гэх мэт эрсдэлтэй. Ингэж цатгалан муур шиг явснаас өлөндүү ч гэсэн барууны маягаар амьдарч, ард түмэн нь эрх чөлөөтэй байсан нь дээр гэдгийг олон улс орны жишээ бидэнд баталж байна. Хуучин Оросын бүрэлдэхүүнээс салсан “стан”-уудыг ч бид өнөөдөр харж байна. Нэг хүн нь баяжиж, нийтээрээ ядуу амьдардаг тэр нийгмийг сонгохгүй гэж бид 30 жил хичээлээ шүү дээ.

Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг нь нөгөө талаасаа зүгээр сууж байгаад мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээний маань л нэг хэлбэр юм. Зүгээр олдож байгаа мөнгө хоол болохоосоо хор болох нь их. Бид жаахан тэсч болдоггүй юм уу. Хойд, урд хоёр хөршийн дэглэм, улс төрийг “нэг их удаан тэсэхгүй” гэж улс төр судлаачид үздэг. XXI зуун гарч, хүн төрөлхтөн, шинжлэх ухаан ингэж хэт хөгжиж байхад нэг нам, нэг хүний эрхшээлд нэг улс үндэстэн баригдаад байхааргүй болно. Дэглэм өөрчлөгдөнө.

Монгол Улсын гадаад бодлого 1989 оноос хойш саяхныг хүртэл маш зөв зарчмаар явж ирсэн гэж судлаачид онцолдог. Хоёр хөрштэйгөө холдох ч биш, ойртох ч биш яг голыг нь олоод ойлголцож чадаад байж. Сүүлийн үеийн мунхаг удирдагч нар “байгаа үедээ өөрийн гэсэн гавьяа байгуулна” гэж хэт хөөрснөөс болж хоёр хөршийнхөө суганд өөрсдөө гүйж орсон. Энэ хоёр аварга хөрштэйгөө хэт ойртож ч болдоггүй, холдож ч болдоггүй зовлон байдаг. Үүнийг монголчууд дээр үеэсээ мэддэг байсан. Хөршүүдийн тэврэлт удах тусмаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх, дэглэмээ тогтоохыг шаарддаг. Түүх ийм. Ийм бодлого буруу гэдгийг бид түүхээрээ туулаад ирсэн улс.

Манай эрх баригчид хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу? Америк болон барууны хамтрагчдаа толгой сэгсрүүлэн байж, үнэт зүйлсийнхээ эсрэг Орос, Хятадын хамтарсан хээрийн сургуулилтад цэргээ оруулах гэж байгаа нь үнэн бол Монголын дэвшилтэт хүчин, тэргүүний сэхээтнүүд, барууны чиг хандлагыг баримтлагчид манай нийтлэлийг дэмжин, дээрх бодлогогүй алхамыг эсэргүүцэн болиулах шаардлагатай байна.

Онцлох нийтлэлүүд