Нийгэм
2021.03.03 09:03

Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлжээ


2021 оны хоёрдугаар сард хилийн 13 боомтоор 40 орны 58 мянган зорчигч, 14 орны 182 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд 38 боодол утасны флат, 1 хөлдөөсөн хярс, 60 кг махан бүтээгдэхүүн зэрэг гурван удаагийн зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, гарсан зөрчлийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгсэл 44.6 хувиар өсч, зорчигч 45.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн он гарснаас хойш Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дахь хилийн 0151, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр хуш модны самар түүх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэсэн.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн хэсгээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан 8940 тооны малыг хилчид улсын хил дээр тогтоон, иргэдэд учирч болзошгүй 5.4 тэрбум төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн.

Гадаад улсаас эх орондоо ирсэн 870 монгол иргэнийг хилийн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ, царай/-ийг авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд