ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.28 10:05

Хичээл зүтгэл л бэлэг болж ирнэ

Хэдэн жилийн өмнө хоёр хүүхдийнх нь нэг нөгөөгөө галаас аврахад ээж нь ухаантай,  зоригтой хүүгээрээ бахархахаас илүүтэй “Их эзэн л бидэнд тусаллаа” гэж  ярьсан байж билээ. Хүү нь зориг гаргаж дүүгээ авраагүй бол их эзэн хүүг галд шатахаас аварчих байсан гэж үү. Мөн бурхны шашин шүтдэг зарим нь ламаар ном уншуулаад л бүх нүгэл арилчихдаг мэтээр төсөөлдөг. Саяхан Гандангийн хажуугаар өнгөрч явтал  тэнд ном уншуулах гэж яваа оюутнууд хашаан дахь тагтаанаас нь олон байх юм. Шалгалтандаа гайгүй дүн авчих санаатай ном уншуулж яваа гэнэ. Хичээлээ л сайн уншвал болоо биз дээ. Бурхны ном хичнээн уншуулаад хичээлээ мэдэхгүй бол таагүй л дүн авна.  Шашин номонд ч авах гээхийн ухаанаар  хандаасай.  

   Аль ч шашинд энэрэнгүй сайхан сургаал ном их байдаг.  Будда сайтар нягтлан судалсны үндсэн дээр сургааль номоо дагахыг сургасан. Түүнээс биш арван хар нүглийг хийчихээд нэг удаа ном уншуулаад л нүглээсээ ангижирчихдаггүй  байх. Тэгээд ч  хийсэн нүглийг тарни мааниар цайруулахгүй. Бүгдийг бурханд бүү даатга. Зөв явах замыг чинь өөр өөрсдийн сургаалиар шашинд заасан ч аль мууг  үйлдээд түүнийгээ бурханд даатгаад  буян хийлээ гэж нэрлэх нь яавч зүйд нийцэхгүй. Таны хичээл зүтгэл л  хариу болж ирэхээс хоосон залбирал танд юу ч бэлэглэхгүй. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд