ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.06.02 09:06

Хог дээр ажиллах эцэг эхээ хүлээн хоосон өнждөг ч гудиггүй тоглон хөөцөлдөх хүүхдүүд

- ОЙ ГАРАНТАЙ ХҮҮ АРХАГ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИНД ШИЛЖЖЭЭ-


Уулын өөдөө мацсаар Т-гийн гэрийн гадаа очлоо. Бөмбөг, дугуй байтугай ер нь юу ч байсан доошоо дунгуйлдахаар эгц газарт тэднийх гэрээ барьжээ. Гэрийнх нь ойролцоох жалга хог хаягдлаар дүүрсэн бол хойхно талд нь айлын шатсан туурь байх аж. Т-гийн хүүхдүүд гаднаа тоглон хөөцөлдөнө. Тэд хэрэндээ л шуугилдан хүүхдийн шингэн дуу тэр хавиар дуулдах нь аргагүй л урин цаг иржээ. Биднийг очих үед хүүхдүүд гайхан харах бөгөөд тортой хүнсний зүйл рүү нүд салгахгүй харцгаана. Хүүхдүүдтэй мэндлээд гэрт нь орлоо. Гялгар тор шажигнан дуугарах бүрт хүүхдүүд нүдээ том болгон шүлсээ гүдхийн залгина. Асуусан асуултад хариулахаас илүү тороо хурдан задлаасай гэсэн мэт. Ингээд хүүхдүүдэд тараг, боорцог, сүү, хиам гаргаж өглөө. Хүүхдүүд “Бид хиам идээгүй их удсан, анай”, “Таны торонд өөр юу байна” гэх. Томчууд нь жимстэй боов, хиам идэж байх үед хоёр ой гарантай хүү амандаа боорцог зуусан мөртлөө ах, эгч нарынхаа идэж буй хиам руу гараа зангаж нэхнэ. Хүүхдүүдийн хувьд гаднаас хүн ирсэн, сурвалжлагч явж байгаа талаар огт сонирхохгүй, харин идэх юм л тэдний хувьд хамгийн сонин байгаа нь илт. Есөн настай Б охин саяхан даахиа үргээлгэжээ. Багад нь үсийг нь хусаагүй учир саяхан ийн ёслол үйлдэж үсийг нь энд тэндээс нь хайчилж, алаг цоог болгосон байлаа. Б охин “Миний үсийг авсан. Толгойд сүү дусаагаад” хэмээн боорцог идэх зуураа ярилаа.

Б-гийнх Баянзүрх дүүргийн 17 хороо, Шар хадны эцсээс нэлээд зайдуу, энэхүү өндөрлөг газарт ийнхүү амьдардаг. Эднийх найман хүүхэдтэй. Отгон хүүхэд нь ой найман сартай бол ууган хүүхэд нь 26 настай. Гурван охин, таван хүүтэй айл. “Хоёр агаа, анай маань ажил хийхээр гэрээсээ явсан. Гэртээ ирэхгүй байгаа” гэж багачууд ярилаа. Эндхийнхэн Цагаан давааны хогийн цэг дээрээс хог түүж, тэндээс амьжиргаагаа залгуулдаг айлууд. Хүүхдүүд ах, эгч нараа “Ажилд явсан” гэдэг нь хог түүхээр явсныг хэлээд байна уу гэж бодлоо. Харин 14 хүртэлх насны таван хүүхэд нь аав, ээжтэйгээ гэртээ амьдардаг юм байна.

Бага дүү нь эмнэлэгт байгаа учир гурав, долоо, ес, 14 настай дөрвөн хүүхэд гэрээ сахиад үлджээ. Аав, ээж нь өглөө үүрээр 05, 06 цагийн үед гарч яваад, гэгээ тасрахад сая нэг гэрийн бараа харна. Хүүхдүүд өдөржин эзэнгүй, өлөн зэлмүүн өнждөг бололтой. Өөрсдөө хоол ундаа хийж идэцгээнэ. Өчигдрөөс хойш хоол идээгүй гэцгээв. “Махгүй учраас хоол хийж идэж чадаагүй” гэлээ. Гэтэл хоолны шүүгээ нь хов хоосон. Будаа, гоймонгийн үртэс байтугай давс байна уу гэлтэй. “Хэр их өлсдөг вэ” гэхэд толгой сэгсрээд “Үгүй” гэж хариулах ч харц нь гунигтай.

Б: ААВ ШИЛ АРХИ, ТАМХИ, УНДАА, ЗАЙРМАГ АВЧИРДАГ

Хүүхдүүд тараг, сүү ууж, боов боорцог идэж, гэдэс гарч хацар нь ягаараад ирлээ. Энэ үеэр есөн настай Б охинтой ийн ярилцлаа.


-Аав, ээж нь орой хэдэн цагт ирдэг вэ?

-Орой зургаа, долоогийн үед ирдэг.

-Юу авчирдаг вэ?

-Аав шил архи, тамхи, ундаа, зайрмаг авчирдаг. Ээж, гурил мах авчирдаг.

-Та нар өдөр хоолоо яаж хийж иддэг юм бэ?

-Би өөрөө хоолоо хийдэг. Гал түлээд л хийчихдэг.

-Ямар хоол хийх үү?

-Ямар ч хамаагүй.

-Өнөөдөр ямар хоол хийсэн бэ?

-Өнөөдөр хоол хийгээгүй.

-Яагаад?

-Мах байхгүй.

-Гурил, будаа байгаа юу?

-Гоймон байгаа, амтлагч байгаа. Төмс байхгүй.

-Өлсөж байна уу?

-Үгүй. Заримдаа л өлсдөг.

-Өглөөнөөс хойш юм идсэн үү?

-Юм идээгүй. Одоо ээж ирж байгаа. Өнөөдөр манайх хорооноос хүнсээ авдаг өдөр. Ээж дүүг маань эмнэлгээс аваад замаараа хороон дээр очиж хүнсээ аваад ирнэ.

-Ямар хоолонд дуртай вэ?

-Цуйван, будаатай хуурга, хуушуур.

-Аав, ээжийнхээ ажил дээр очиж үзсэн үү?

-Би очдог. Манай энэ хоёр дүү очиж үзээгүй. Сүүлийн үед аав, ээжийн ажил муу байгаа гэсэн. Өдөртөө 20 мянган төгрөгөөс буухгүй байдаг байсан чинь сүүлийн үед корона гараад юмны үнэ унаад хэцүү байгаа гэж ээж хэлсэн.

-Аав, ээжийнхээ ажилд туслахад хэцүү байдаг уу?

-Зүгээр ш дээ. Би очиж тусалж байгаад л хүрээд ирдэг юм. Цагаан даваан дээр зөндөө хүүхдүүд ажилладаг ш дээ.

-Танайх тог цахилгаанаа хаанаас авдаг бэ?

-Хажуу талын цагаан байшинтай айлаас авдаг. 20 мянган төгрөг сардаа төлдөг. Энэ тэнд нүүхдээ дандаа л 20 мянган төгрөгөөр л авдаг байсан гэлээ.

Охин ийн ярих зуураа хоёр дүүгээ байн байн гараараа нударч “Боль” гэнэ. Гадны хүн байхад томоотой бай гэж сануулаад байгаа бололтой.


НАР, САР ГЭРЭЛТСЭН...

Дөрвөн ханатай гэр нь дан дээвэртэй. Дээвэр нь цоорхой. Өнөө “Нар, сар гэрэлтсэн” гэдэг шиг. Шалгүй учир уулын хөрс шороо, чулуу, хад гэр дотор нь хаа сайгүй. Гэрийн хана, унь, хаалга гээд моднууд нь хуучирч муудсан гэхээсээ илүүтэй эвдэрсэн байлаа. Ор алга. Банзаар наар хийжээ.

Зурагт байдаг ч гардаггүй. Антен байхгүй. Харин DVD тоглуулагчтай. Хүүхэлдэйн ганцхан DVD-тэй, түүнийгээ өдөржингөө асаалттай орхидог аж. Б охин “Зурагт гардаггүй болохоор хичээлээ хийхгүй байгаа” гэж ярилаа. Гэрийнхээ хаяанд баахан хог новш овоолжээ. Хажуу талын байшингаас айлаас тог татсан цахилгааны утас нь газраар хөглөрч, хэзээ мөдгүй гал гармаар энд тэндээ шалбарсан харагдав. Хүүхдүүд тоглож байгаад хүрвэл аюул болж мэдэхээр юм.

Дан дээвэр, туургатай энэ гэрт хүүхдүүд олон жил амьдарчээ. Олон балчир хүүхэдтэй айл ийм гэрт жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг яажшуу өнгөрөөсөн бол гэхээс айдастай санагдана. Есөн настай Б охин л хүнтэй ийнхүү нүүрэмгий ярьдаг бол бусад нь юм дуугарахгүй, толгой сэгсрэх, мөрөө хавчих зэргээр хариулж “Үгүй” гэдэг л үг хэлж байлаа. Эднийх өмнө нь Шар хадны 24 дүгээр хороонд хоёр жил амьдраад наашаа нүүж ирсэн гэнэ.

ЭЭЖ НЬ ХОРООНООС ХҮНСЭЭ АВЧИРЛАА

Охин Б-г нэгэн эмэгтэй тээр доороос нэрээр нь дуудлаа. Хүүхдүүд ухасхийн босоод “Ээж ирлээ” гээд гараад гүйлдэв. “Ээж ээ, хар даа боов, хиам” гэсээр ээжийгээ тосоцгоов. Ээж нь “За ,алив энийг барь” гэлээ. Хүүхдүүд гурил, будаа бололтой ууттай хүнсний зүйлүүдээ дамжлаад гэртээ оруулав.

Хүүхдүүдийн ээж Э “За, та хэд маань ирчихсэн үү. Сонгууль дөхөөд сүүлийн үед манайхаар хүмүүс их орж гарч байна даа. Танайх аль нам бэ” гэж асууж байна. Хэрэг зоригоо дуулгавал “Манай хороо биднийг их харж үзэж байна. Өнөөдөр хүнс авдаг өдөр. Гурил, будаа, сүү, тараг өгч байна шүү. Амьдрал болоод л байна даа” гэсээр гэрийн эзэгтэй яриа дэлгэлээ.

-Та хичнээн жил Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж байна вэ?

-Арав гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Өглөө гараад шөнийн бор хоногт хэдэн хүүхдүүддээ хоол хүнснийг нь базаагаад л ирдэг юм. Манай энэ хэдэн хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идээд гэрээ сахиад л үлддэг. Сүүлийн үед корона гараад эдийн засаг эрс муудсан байна. Өдөрт хоёр шуудай хуванцар түүдэг байсан. Сүүлийн үед олдохгүй ховордоод байна. Өдөржин түүгээд нэг л шуудай олддог боллоо. Хүмүүс ажилгүй болоод ундаа авч уухгүй байгаа юм шиг байна шүү дээ. Яадаг юм бол бүр гайхаад л байж байна.

-Тэнд хичнээн хүн ажиллаж байна вэ. Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

-200, 300 хүн зэрэг уралдаад л хог ухдаг шүү дээ. Та хэд тэр хогийн цэг дээр очоод бодит байдлыг үзэж болно ш дээ. Нэг кг хуванцар 150 төгрөг, нэг кг төмөр 100 төгрөг ханштай байна. Уг нь хуванцар 250 төгрөг байсан сүүлийн үед үнэ нь унаад 150 төгрөг болчихоор өдөрт 20 мянган төгрөг олдог байсан бол 10 мянган төгрөг арай гэж олж байна. Манай хоёр ченж их сайн хүмүүс байдаг юм. Намар хүүхдийн хичээл сургууль орохоор мөнгө зээлээд их тус болно оо. Мохдой, Бөөбэй гээд хоёр ченжээс очиж яриа аваарай. Энэ муу жижиг гэрээ би ченжээс арваад жилийн өмнө 250 мянган төгрөгөөр авч байсан юм. Одоо энэ тэнд хөөгдөж нүүсээр байгаад унь, хана нь хугараад хэцүү болчихлоо. Хүчтэй салхинд нурчих дөхөх юм. Гэхдээ яах вэ гэргүй айлууд зөндөө л байна ш дээ. Манайх чинь харин ч гэртэй байгаа нь их юм даа. Сая манай хойд айл шатчихлаа. Одоо энэ хэд маань яана даа. Нөхөр нь Цагаан давааны хог дээр ажилладаг юм. Хоёр хүүхэдтэй айл. Манай энэ хавийн ихэнх айл тэнд цуг ажилладаг хүмүүс байдаг юм шүү дээ. Энэ урд нэг хөгшнийх байна. Ганц зээ охинтойгоо амьдардаг хэвтрийн хүн байдаг. Ээж нь Цагаан даваан дээр ажилладаг байсан юм. Одоо ирэхгүй удаж байна. Тэгээд хоол унднаасаа илүүчлээд өгчихдөг юм. Энэ хойно хоёр ч айл байна. Хажуугийн цагаан байшинтай айлынхан бас надтай цуг ажилладаг.

-Харин хороо хориноос танайхыг харж үздэг бололтой?

-Сүүлийн үед манай 17 дугаар хороо их анхаарч байна. Ойр ойрхон ирээд манай амьдралтай танилцаад байдаг болсон. Манайх саяхнаас хүнсний талон авдаг болсон ш дээ. Намайг чинь Ландтай, хоёр өрөө байртай, хоёр хүүхэдтэй гээд хасчихсан байсан (инээв). Үлдсэн зургаан хүүхэд нь хаашаа орсон юм байгаа юм. Тэгээд хөөцөлдөж байгаад дахиад хүнс авдаг болсон хэмээн ярилаа.

Гэрийн эзэгтэй Э болон хүүхдүүд нь өөрсдийгөө өлсөж байна, зовж байна, ядарч байна, хэцүү байна гэж огт ярихгүй аж.

Ээжээс нь “Өвөл та нар яажшуухан өвөлжив дөө. Шалгүй, дан гэрт олон нялх нойтон хүүхэдтэй хэцүү л байсан байх даа” хэмээн асуувал ”Манай хүүхдүүд даардаггүй юм аа. Өвөл, зунгүй л хөл нүцгэн гүйж байдаг. Ханиад томуу тусдаг ч үгүй. Бүр сурчихсан ш дээ. Тэгээд манайх чинь өвөл нүүрс түлчихдэг юм. Дулаахан байдаг ш дээ” гээд хээвнэг тоосон шинжгүй өгүүлэх. Гэрийн эзэгтэй Э харин өөрийнхөө амьдралыг боломжийн гэж дүгнэдэг бөгөөд “Манайхаас ч дор хэцүү айлууд энүүгээр дүүрэн байна. Олсон хэдээрээ архи уудаг хүмүүс байхад нөхөр биед хоёр хүүхдүүдээ хоолтой хонуулах гээд хичээж байна. Хөдөлмөрлөхгүй, улсаас үнэгүй хоол авч идчихээд, архидаад байж байдаг хүмүүс зөндөө. Миний хувьд зовж байна, хэцүү байна гэж хэлэх дургүй. Болж байна аа. Төр минь харж үзэж байна. Сайхан ажилтай л гэж боддог. Бодит амьдрал нэг иймэрхүү л байна даа” гээд инээмсэглэв.


ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХЭД НЬ ХҮНД ШАТНЫ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИД ОРЖЭЭ

Ээж нь амьдралаа болж байна, бүтэж байна гэж ярьж байгаа ч дэргэд нь зогссон хүүхдүүдийг нь харахад ерөөсөө тэгж бодогдсонгүй. Хүүхдүүдийнх нь гар хөл нь хир даахиндаа баригдаж, хоол хүнснээсээ аминдэм авах нь бүү хэл хоногтоо бор ходоодондоо хоол хийдэг эсэх нь эргэлзээтэй, үс гэзэг нь сэгсийж, нурах шахсан гэр нь дотор, гаднагүй хог новшиндоо дарагдаж, хүүхэд амьдрах, өсөж торних ямар ч боломжгүйг та бүхэн гэрэл зургуудаас харж байгаа байх.

Б охин “Манай бага дүү удахгүй хоёр нас хүрнэ. Ээж дүүг минь удахгүй авчирна гэсэн. Бид дүүгээ хараагүй зургаан сар болж байна. Одоо хөөрхөн болсон байх даа” хэмээн баярлан ярив. Отгон дүү Бондоолой нь зургаан сарын өмнө эмнэлэгт хэвтжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бие нь гэнэт муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад тэндээсээ Хүүхдийн төв сувилал руу шилжжээ. Хоол тэжээлийн дутагдалд орсноос арван кг шахам жинтэй манцгар бор хүү нь дөрөвхөн кг болтлоо турж, тураалд орсноос ийнхүү улс асрамждаа авчээ. Б охин аав, ээжийгээ орой ирэхэд нь “Ээж ээ, дүү нэг л биш байна. Хоолоо идэхгүй байна” гэж хэлж дүүгийнхээ амийг аварчээ. Дүү нь тэгэхэд ой гарантай хэрнээ өдөржингөө орон дээрээ хэвтдэг байсан бөгөөд сүүлдээ толгойгоо даахгүй болжээ. Та бид кино, интернэт орчноос Африкийн ядуу, тураалтай хүүхдүүдийн сэтгэл эмзэглэм дүр зургийг олж хардаг. Гэтэл Т-гийн бага хүүхэд яг л Африкийн тураалтай хүүхдүүд шиг дэрс шиг нарийн мөчтэй, хийлсэн мэт том гэдэстэй, нүд нь ухархай руугаа ширгэсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэнээр ачит хүмүүсийн гарт очоод байгаа нь тэр ажээ. Дүүгээ турж эцээд аймар болсныг эгч нь нүдэнд харагдтал хэлж байв.

Ээж нь хүүгээ тэвэртэл цаас шиг хөнгөн болсон мэт санагдсан гэнэ. Босч өндийж чадахгүй, тамир тэнхээгүй болсныг гэнэт анзаарснаа ярьж байлаа. Эмч “Архаг рахиттай, хүнд шатны тураалтай” гэж оношилж яаралтай хэвтүүлсэн байна.

Ээж нь “Тэрэн дээр бол миний жинхэнэ буруу болсон шүү. Би ажил ажил гээд өдөр шөнөгүй яваад анзаарсангүй. Энэ хэдийг өлсгөхгүй, гэдэс цатгалан байлгах гээд их л ажиллах юм. Гэхдээ одоо санаа зоволтгүй. Миний хүү жин нэмээд хөөрхөн болсон байна лээ. Өнөөдөр хүүгээ авах гээд очсон. Эмч өгсөнгүй. Хорооны ажилтан залуу “Хүүгээ есдүгээр сард ав” гэсэн. Дахиад хоол ундгүй байлгаж байгаад тураалд нь оруулчихна гээд өгсөнгүй шүү. Одоо хүү минь хэлд, хөлд ороод гүйж явна гэсэн. Уг нь би өөрөө лхагва гариг бүр эргэж очдог юм. Тэгсэн одоо корона гараад эргэлт оруулахгүй байгаа. Өмнө нь бас эргэх гэсэн салхин цэцэг гараад оруулаагүй” хэмээлээ.

ХҮҮХДИЙН 500 МЯНГАН ТӨГРӨГ АВААД 250 МЯНГААР НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ УНАДАГ ДУГУЙ АВЧ ӨГЧЭЭ

Хүүхдийн мөнгө нэмэгдсэнд үнэхээр баяртай байгаа гэдгээ Э дахин дахин илэрхийлж байлаа. Өнгөрсөн сард эднийх таван хүүхдийнхээ 500 мянган төгрөг авчээ. Аав, ээж нь хүүхдүүдээ баярлуулах гээд Хүүхдийн мөнгөнийх нь талаар нь унадаг дугуй авч өгсөнөө хэллээ. Үлдсэнээр нь хоол хүнсээ базаагаад дууссан гэж байлаа. Э “Нөөцийн мах авсан, яс ихтэй юм. Ясыг нь чанаад шөлөнд нь бантан хийж өгөөд байгаа” гэв. Эднийх сардаа хүүхдийн мөнгө 500 мянган төгрөг авахын сацуу хороо хориноосоо хүнсний талоноор хүнсээ базааж, хажуугаар нь Цагаан давааны хогийн цэг дээрээс өдөрт 10-20 мянган төгрөг олдог гэвэл эднийх нэг сарын хугацаанд нэг сая гаран төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой болж таарч байна. Дээрээс нь цахилгаантай, бас зурагттай гээд бодоход бараг 250 ам.долларын орлоготой болоод явчихаж байна. Гэтэл Э-гийн ярьж байгаа нь түүний бодит амьдрал, үр хүүхдийнх нь байгаа төрх, эрүүл мэнд, ахуй амьдралаас нь зөрж байгаа нь илт. Хэрвээ тэр бүгдийг хүүхдүүдийнхээ төлөө зарцуулдаг бол яалаа гэж хүүхэд нь хүнд шатны тураалд орох билээ. Хороо хориныхны ярианаас анзаарахад энэ хавьд хог түүж амьдардаг иймэрхүү амьдралтай айлуудын эцэг эхчүүд бараг бүгд шахуу архины хамааралтай ажээ. Эцэг эх нь мөнгө олох нэрийдлээр хогийн цэг рүү явж, олсон хэдхэн төгрөгөөрөө уух архиа бариад ирнэ. Үр хүүхдийнхээ өдрийн турш юу хийж, юу идэж ууж, яаж амьдарч байгаад анхаарал тавьж чадаж байгаа гэхэд хэцүү харагдлаа. Яаж энэ байдлыг өөрчлөх вэ гэсэн бодол байнга төрж байлаа. Энэ хүмүүсийг иргэншүүлэх, ажилтай байлгах, боловсролтой болгох, дээрээс нь хариуцлагатай байж сургах л хамгийн гол ядуурлаас гарах хэлбэр юм болов уу. Ингэхийн тулд тэднийг даргалах хэрэгтэй. Даргалах төр засгийн гар тэдэнд өдөр бүр хүрч байх хэрэгтэй юм болов уу даа.


ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРЖ ЯСАНДАА ТУЛТАЛ ТУРСАН ӨСВӨР НАСНЫХАН

Т-гийнхээс гараад уруудаж явахдаа бас нэгэн айлаар орж хүнсний хэрэгцээний зүйл, ундаа, сүү, тараг зэргийг өглөө. Өсвөр насны 14, 17 настай хоёр хүү хоймрын орон дээрээ сууж байна. Нуруулаг ч юм уу гэмээр харагдсан ч үнэндээ хэтэрхий туранхай, эцэнхийгээсээ болж ийн харагджээ. Нүдний гал нь буусан, хөдөлгөөн нь удаан. Цамцаа сөхвөл хэрзийсэн хавирга, нуруу харагдаж, тохой, өвдөгнийх нь яс товойж, гарын шуу, хөлийн шилбэ нь нарийхан харагдана. Гэхдээ эдний эцэг эх нь хоёулаа хэрэндээ л ажил эрхэлнэ. Аав нь ТҮК-д ажилладаг бол ээж нь Хархорин зах дээр ногоо ялгадаг ажил хийж хоолоо залгуулдаг юм байна. Гэр орных нь тавилга бүрэн бүтэн харагдана. Эцэг эхийнх нь олж ирсэн мөнгө хоол хүнсэндээ л арай гэж хүрдэг болов уу гэлтэй. Биднийг ороход хөвгүүд хоолоо хийж байлаа. Газар шалан дээр халуун тогоо залгаад цэлийсэн дүүрэн ус хийгээд хэдэн ширхэг гэдэс хөвүүлчихэж. Хоёр том ах нь дүү нараа хараад гэртээ ийн сууж байгаа аж. Дөрөвтэй, хоёртой, долоон сартай гурван жаахан хүү торойгоод сууж байв.

Долоон сартай жаахан нь бас л нэлээд жин багатай нь харагдана. Ах нарынхаа өвөр дээрээс буудаггүй, байнга тэврүүлдэг гэнэ. Хоёр том ах нь сургуульд сурдаг учраас зургаа авахуулахыг хүссэнгүй. Найзууд шоолно гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захын хорооллуудын нэг болох Шар хадны хойгуур байх уул, толгод дээр амьдардаг нэн ядуу айл өрхүүдээр орж бодит байдлыг ийнхүү сурвалжиллаа. Төр засаг, хүүхдийн байгууллагууд нь хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө олон зүйл хийж байгаа гэдэг ч жинхэнэ бодит амьдрал дээрээ ийм л байна. Тэнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох нөхцөлийн тухай ярихаас илүүтэй өдөртөө хоёр удаа хооллодог хүүхэд алга. Таарсан хүүхэд бүр өлссөн харцаар харж, идэх юм горьдож зуны урт өдрүүдийг гэрийнхээ гадаа гунигтай өнгөрүүлж байна. Алс холын Африк тивийн хүүхдүүдийн зураг, бичлэгийг хараад харамсал илэрхийлээд “Туслах юмсан, эх орондоо авчраад тэжээх юмсан” гэж шогширцгоодог. Тэгвэл яг тэр тивд амьдардаг ядуу айлуудын, тураалдаа орсон хүүхдүүд шиг хүүхдүүд хэдэн зуугаараа энэ нийслэл хотод бидэнтэй цуг ингэж л амьдарч байна. Уулын цаана, уулын орой дээр байгаа болохоор л харахгүй байгаа бололтой. Очоод хар. Одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Түүнд зориулсан хүүхдийн баярын сурвалжлага ийнхүү өндөрлөж байна...

Онцлох нийтлэлүүд