ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.10 08:09

Хойд хөршөө нүүрсний зах зээлийн өрсөлдөгч гэж хармаар байна

- ОРОС УРД ХӨРШИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫГ ОНИЛЧИХООД БАЙХАД БИД НҮҮРСЭЭ ТЭЭХ ТӨМӨР ЗАМ Ч ҮГҮЙ СУУЖ БАЙНА -


ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Энэ онд манай улсын нүүрсний экспорт 200 сая тонн давна. Мөн нүүрс олборлолт 420 сая тоннд хүрч, 1988 он буюу хуучин ЗХУ-ын үеэс хойш анх удаа түүхэн дээд рекорд амжилт тогтоож байна” гэж мэдэгдэв. Кемеровт болсон форумын үеэр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Сүүлийн 20 жилд манай ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадлаа” гэсэн үг унагана лээ. Өнгөрсөн онд ОХУ нийт 190 сая тонн нүүрс экспортолж, дэлхийд экспортын хэмжээгээр дээрээсээ гуравт бичигдсэн юм. Александр Новакийн мэдэгдлийн дараахан ерөнхийлөгч В.Путин “Бид энэ боломжоо ашиглаж, дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа улам бүр баталгаажуулна. Манай дотоодын нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлж, дэлхийд, ялангуяа Азийн зах зээлд илүү хүч түрж орж, зах зээлд эзлэх хувиа бүр их нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай Оросын нүүрсний уурхайнуудад асар их боломж байгаа” гэлээ. Хятадын нүүрсний дата мэдээллийн хамгийн том бааз, олон улсад мэдээлэл түгээдэг гол эх сурвалж болох sxcoal.com-д нийтлэгдсэн мэдээлэлд энэ тухай онцолсон байсныг тодотгоё.

Хойд хөрш бол нүүрсний салбарт манай аварга том өрсөлдөгч. Бүр тодруулаад хэлбэл нүүрсний зах зээлийн дарангуйлагч гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байна. ОХУ одоо гол зах зээл болох Хятадаас гадна зүүн өмнөд Азийн орнууд руу ч экспортоо хүчтэй тэлж буй. Хятадын зах зээлд байр сууриа тэлэхийн тулд оросууд маш эрчтэй бодлого явуулж байна.

Гэтэл манай улс Азийн гол зах зээлийн хаяанд байж жилдээ 30-хан сая тонн нүүрс гаргаж чадвал дээд амжилт хэмээн бахархан ярьж, тэрнийгээ гаргах гэж улаан шороотой замаар зүдэрсэн хэвээр 2018 онтой золгочихлоо. Ядаж ганц экспортын төмөр зам тавьчихъя гэхэд “Заавал манайхаар дайруулж, 5000 км тойрч зарвал зар” гэж хойд хөршийнхөн даапаалдаг нь бодитой үнэн. Хятадын хаяанд байгаа хамгийн гоё байрлалтай Монгол гэсэн өрсөлдөгчийг хөдөлгөхгүй хашиж байж оросууд өөрсдөө зах зээлээ бүрэн ашиглахыг хүсч байгаа нь зах зээл гадарладаг хэнд ч тодорхой асуудал. Энэ нь жил ирэх тусам улам тод харагдаж, батлагдаж нотлогдох болсныг дээр онцолсон мэдэгдлүүдээс харчихаж болно.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард гэхэд Оросын урд хөрш рүү хийсэн нүүрсний экспорт 83 хувиар өссөн юм. Хойд хөршийн коксжих нүүрсний нөөц Кузнецийн сав газарт байдаг гэдэг. Путин нүүрсний олборлолтоо 2030 онд 410-460 сая тоннд хүргэнэ гэж төсөөлж байна. Үүнээс 205 сая тонныг нь экспортолно гээд төлөвлөчихсөн. Бүр тодруулж яривал Азийн орнууд руу 120 сая тонныг нь нийлүүлнэ гэж буй. Ази гэдэгт нь бидний ганц зах зээл болох БНХАУ гол байр суурь эзэлнэ. Оросууд энэ зорилгоо биелүүлэхийн тулд Ази Дорнодын боомтуудын хүчин чадлаа 155 сая тоннд хүргэнэ гэсэн том тоо тавьчихсан байгаа.

400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэгддэг Элегест, хоёр тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй Элга, Азийн зах зээлийг аль хэдийнэ онилсон Межегей, Тувагийн Улуг, Улуг хэм гэж ирээд жагсаавал хойд хөрш коксжих нүүрсний баялаг нөөц бүхий олон ордтой.

Маргааш болох “Coal Mongolia” чуулга уулзалтад манай гол зах зээл болох Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны компани, нүүрсний зах зээлийн тоглогчид ирнэ. Тэднээс гадна Оросоос ч төлөөлөл ирэх сураг дуулдсан. Коксжих нүүрсний зах зээл дээр хэрхэн яаж өрсөлдөх арга зам, гарц шийдлээ ярих цаг мөн үү гэвэл мөн. Ядаж л нүүрсээ ахиухан зөөж их мөнгө олох төмөр зам дээрээ гарц шийдэл гаргаад авах хэрэгтэй.

Австралийн өндөр чанарын угаасан коксжих нүүрсний үнэ өнгөрсөн гуравдугаар сард 220 ам.долларт хүрсэн юм. АНУ-д цаг агаарын нөхцөл таагүй байсан гэх мэт шалтгаанаар коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд дунджаар 190 ам.долларт хүртэл уруудна гэсэн “Блүүмбэрг интеллежинс”-ийн тооцоо бий. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ бууна гэж байгаа ч хамгийн багадаа 174 ам.долларт хэлбэлзэнэ гэж буй. Харин ирэх жил үнэ тонн тутамдаа дунджаар 148 ам.доллар байна гэсэн зураг гарчээ. Хамгийн ихдээ 165 ам.доллар, хамгийн багадаа 126 ам.долларт хэлбэлзэнэ гэж “Блүүмбэрг”-ийн шинжээчид онцолж байна. Харин 2020 онд 152 ам.долларт хэлбэлзэх нь. Эндээс харахад нүүрсний зах зээл дэх асуудлуудаа шийдчихвэл ирэх жилүүдэд овоо доллар олж мэдэхээр байна.


Онцлох нийтлэлүүд