ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.12.21 01:12

Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан

СУИС-ийн бахархал, тайз дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрсөн дүрээрээ, найруулсан уран бүтээлээрээ ард түмний эчнээ танил болсон эрхмүүдийг энэ удаагийн нэг ангийнхан буландаа урилаа. Тэд СУИС-ийн жүжигчний ангид 1998 онд элсэн суралцсан үеэсээ урлагийн амтыг мэдэрсэн нэг ангийнхан. Тиймдээ ч төдийгөөс өдийг хүртэл жүжигчид нь кинондоо тоглож, найруулагчид нь бүтээлээ найруулж, Монголын урлагийн салбарт өөрсдийн байр суурь, нэр хүндээ нэгэнт олцгоожээ. Мөрөөдлийн теат­­рын жүжигчин "Банш" Батаа, "Ийм нэгэн дурлал", "Сайн, муу, хэрцгий", "Ми­ний хөрш чөтгөр" зэрэг дэл­гэцийн олон бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулсан "Миеэгомбо" кино компанийн захирал, продюссер, найруу­лагч А.Миеэгомбо, "ТВ кок­­тейл"-ийн Өөскө, нэрт алиалагч Латиф агсны хүү, жүжигчин Нурбулан, "Чонон сүлд" хэмээх Холливудын кинонд тоглосон жүжигчин Р.Анхням,хөтлөгч, жүжигчин, дуучин Ч.Ундрал гээд яривал эдний ангиас төрөн гарсан алдартнууд олон. Эдний ангийн алдартнууд ингээд дуусахгүй. "ТВ-9", "ETV" телевизүүдэд ажиллаж байсан сэтгүүлч М.Бүжинлхам, "UBS" телевизийн найруулагч Б.Жаргалсайхан, "Янаг дур­лалын дууль", Тусгай салаа" зэрэг уран бүтээлээрээ олны танил жүжигчин Т.Ариун­бу­­­лаг, МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд, Монголын Үндэсний радиогийн най­руулагч, хөтлөгч Мөнхбат, "17 чингэлэг инээд" хошиг шогийн гол дүрийн жүжигчин Г.Болормаа, киноны дуу оруу­лагч Т.Солонго, Бат­су­мъ­яа гээд салбартаа амжилттай ажиллаж яваа залуус өчнөөн.

Урлагт элэгтэй, жүжигчин, найруулагч болохыг хүссэн 500 гаруй шалгуулагчдаас эхний 25-д шалгарсан нь СУИС-ийн өндөр босгыг алхан оржээ. Ингэж элссэн оюутнуудын тал нь хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо үнэнч хэвээр сургуулиа амжилттай төгссөн гээд бодохоор СУИС ямархуу өндөр шалгуур, шалгалтаар элсэлчдээ бүртгэн авч, мэргэжлийн хэр түвшинд хичээл номоо зааж, сурч мэдсэнийг нь хэрхэн бодитой, шударга шалгадаг нь бэлхнээ харагдана.

Нэг ангийнхан болзсон газраа цуглаж эхэллээ. Ангийн дарга А.Миеэгомбо ирц бүртгэж байна аа. "Рагчаагийн Анхням саяхан төрсөн, хүүхдийг нь харах хүнгүй болохоор ирж чадахгүй гэдгээ хэлсэн, Төмөрбаатарын Ариунбулаг замд түгжрээд явж байна гэсэн, Мягмарсүрэнгийн Бүжинлхам ирсэн байна, Доржийн Баттөмөр Хөтөлд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байна, Батсумъяа хоцорч ирнэ гэсэн" гээд бичиг цаас харалгүй цээжээр дуржигнуулж гарав. Тэгснээ "Батаа, Өөскө хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцож, бас хөтөлж байгаа гээд надаас "чөлөө" авсан. Жаргалсайхан бас баярын нэвтрүүлгээ бэлдээд завгүй байгаа. Дараагийн удаа заавал ирнэ гэдгээ амласан" гэв. Ангийнхныгаа овог нэртэй нь, үсгийн дарааллаар нь цээжээр мэдэж байгаагаа "Манай сургуулийн Н.Ганхуяг багш орж ирүүтээ нэгдүгээр салааны эхний ширээнд суусан оюутнаас эхлээд ирц бүртгэнэ. Хүүхэд бүр овог нэрээ бүтнээр нь хэлдэг байсан юм. Эхний оюутан овог нэрээ хэлэнгүүт дараагийнх нь түүнийг давтаж хэлээд, залгуулаад өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Гурав дахь нь өмнөх хоёр оюутныхаа овог нэрийг хэлж, өөрийнхийгөө залгуулж хэлнэ. Энэ мэтчилэн явсаар гуравдугаар салааны хамгийн арын ширээнд суусан хүүхэд бусад бүх хүүхдүүдийнхээ овог нэрийг бүтнээр нь хэлээд, нэрээ хэлдэг байлаа. Дандаа нэгдүгээр эгнээний эхний ширээнээс эхэлж ирц бүртгэхгүй. Хоёрдугаар салааны гурав дахь ширээнээс эхлүүлж ч болно. Тэгэхээр яалт ч үгүй ангийн хүүхдүүдийн нэр овогтойгоо цээжлэгдэнэ биз дээ. Эхэндээ гайхдаг байсан чтөд удалгүй энэ нь хөдөлгөөн дундаа цээжилснээ санах, хэл яриагаа зүгшрүүлэх анхан шатны дасгал байсныг ойлгосон. Энэ бол наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн жүжигчний ур чадвар болоод хувь хүн талаасаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдэж, сурч байх ёстой мэргэжил эзэмшсэн хүмүүс дээ бид" гэлээ. Гэтэл М.Бүжинлхам хажуунаас нь "Зурагтаар гарч, тайзан дээр худлаа үнэн үсэрч цовхчин, тас тас хөхрөн эсвэл енгэнэтэл уйлж олны танил, "од" болохынхэнээтэй амьтдыг жүжигчин гэдэггүй юм шүү дээ. Нөгөө талаар тоо бодохоос зугтааж, ном уншихыг хүсдэггүй салбадай шиг нөхдүүд урлагийн замыг сонгодог гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ийм авьяас билиггүй хүн ямар ч аргаар хамаагүй урлагийн зэрэг, дипломоо авлаа ч тайзан дээр гарах нь бүү хэл урлагт хөл тавьж ч чадахгүй. Харин соёлтой үзэгч болж чадна. Үнэн хэрэг дээрээ жүжигчин бол үзэгч олны зүрх хэмээх алтан авдрын түгжээг мулталж, сэтгэл хэмээх эмзэг агаад нандин орон зайд өөрийн үг үйлдлийг шивж үлдээдэг. Ерөөсөө урлагт арын хаалга байдаггүй гэдэг л энэ" гэж байна. Бусад нь ч "Үнэхээр тийм шүү. Жүжигчний хөдөлмөр хичнээн хүнд хүчир болохыг "UBS" телевизийн "Орших уу, эс орших уу" шоу нэвтрүүлэг жинхэнэ утгаар нь харуулж байна даа" гэцгээв.

Эдний ангийнхан дөнгөж нэгдүгээр дамжаанд байхдаа л төгсөх дамжааны оюутнуудтайгаа өрсөлддөг байж. Т.Ариунбулаг "Уран уншлагын тэмцээнд ангиараа ороод, хоёрдугаар шатанд бараг ихэнх нь тэнцчихсэн чинь гуравдугаар дамжааныхан өөр хоорондоо, манай нэгийнхэн чинь бүгдээрээ шахуу дараагийн шатанд тэнцчихэж, ёстой лут юм аа" гэж ярилцдаг байгаа. Тэгэхээр нь ангийнхан дээрээ ирээд дээд курсийн ах эгч нар биднээс айж байна шүү. Бүгдээрээ сайн бэлдээд үзүүлээд өгье гэж урам өгч байсан ч удаатай" хэмээн дурсав.

Жүжигчний ангийнхан учраас нэгнээрээ тоглоом хийх гэж үзүүлж өгдөг байж. Нэг удаа шийтгэлтэй тоглосон чинь Т.Солонго хожигдчихож. Ангийнхан нь ямар ч хамаагүй аргаар 500 төгрөг гаднаас олж ир гэж л дээ. Тэгтэл мань хүн сургуулийнхаа урдуур явсан хүн бүрээс "Уучлаарай, та надад 50 төгрөг байвал өгч туслаач. Ариун цэврийн хэрэглэл авах гэсэн ямар ч мөнгө байдаггүй" гэсээр 500 төгрөг цуглуулж байжээ.

Жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаа ангийн дундаа абсурд нэртэй юм байна. Учир нь тэрээр оюутан ахуйдаа ямарваа нэгэн дүр, бүтээл дээр ажиллахдаа "Абсурд байдлаар хандмаар байна" гээд багагүй хугацаанд бодож тунгаадаг байсан гэнэ. Ингэсний эцэст дүрээ чадварлагаар бүтээхийн сацуу, жүжиглэлт нь хүртэл бусдаас арай өвөрмөц болдог байж. "Мөрөөдлийн театрын шинэ тоглолт болгоны нээлтэндээ ангийнхнаа урьдаг гэнэ. Ангийнхан Батаагаа магтаад жигтэйхэн. "Би юун дээр анхаарвал болох уу? Миний тэр номерийн энэ хэсэг нь хэр болсон байна?, Би ингэж өөрчилдөг ч юм бил үү гэж бодож байгаа" гэхчлэн зөвлөгөө, туслалцаа биднээс байнга авдаг. Яг л оюутан ахуй цаг шигээ. "Од"-ын өвчин тусаагүй гэх юм уу даа. Ер нь ч олон "од"-той хэдий ч өнөөг хүртэл оюутан цагийн зангаараа байдаг. Ямар сайндаа ангийн дарга Миеэ рүү залгаж, учир байдлаа тайлбарлан энэ удаагийн уулзалтаас чөлөө гуйх билээ дээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр бидний зөвлөснөөр эсвэл өөрийн уран сэтгэмжээрээ зарим үзүүлбэр, жүжиглэлт зэргээ үргэлж сайжруулсан нь дараа дараагийнх нь тоглолтуудаас илт мэдрэгдэж байдаг. Ингэж л бие биенээ хурцалж, урам өгч байдаг даа, манай ангийнхан" хэмээцгээв.

Харин эдний ангийн нэг, жүжигчин Анхнямыг 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийх Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн Францын кино найруулагч Жин Жаквиз Аннаудын бүтээл болох "Чонон сүлд" уран сайхны кинонд дүр бүтээсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Франц найруулагч Хятадын уран бүтээлчидтэй хамтран, дэлхийн хэмжээний буюу Холливудын хэмжээний кино хийсэн хэмээн урлаг судлаачид дүгнэсэн билээ. Сарын өмнөөс киноны албан ёсны трэйлер интернэт ертөнцөд цацагдаад эхэлчихсэн бөгөөд олон сая хүн үзээд байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлийг Монголын нүүдэлчин өвөг дээдсийн амьдралын үнэн мөнийг харуулсан шилдэг бүтээл хэмээн дэлхий дахинаа ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлээр тодроод буй. Харин түүний тоглосон монгол кинонуудыг нэрлэнэ гэвэл нилээдгүй урт жагсаалт гарах нь тодорхой. М.Бүжинлхам "Ийм дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлнө гэдэг үнэндээ нөр их хөдөлмөрийн үр дүн. Оюутан байх үеэсээ л манай Анхаа авьяаслаг, хөдөлмөрч байсан" гэсэн юм.

Дахиад л хөгжил хөөртэй дурсамж хөврөв. Тайзны хөдөлгөөний сургуулилтаа хийх танхим олдохгүй болохоор нь нэг удаа сургуулийнхаа хажууханд хийжээ. Нэгнийгээ харааж зүхээд, цас бужигнуулан зодолдох залуусыг харсан хүмүүс цагдаа дуудчихаж. Төд удалгүй цагдаа нар иржээ. Баривчилж саатуулахаар ирсэн цагдаа нар өөдөөс нь хараад марсайтал инээлдэх залуусыг хараад гайхаж орхисон гэнэ. Энэ үед л юу болж байгааг ухаарсан Мөнхбат "Бид чинь хүн итгэтэл ийм үнэмшилтэйгээр тайзны хөдөлгөөнөө бэлдлээ гэж үү" гэсэн гэдэг.

Тэд дипломныхоо ажлаараа Европын нэгэн зохиолчийн "Тагтаа" гэдэг жүжгийг тогложээ. Сүргийнхээ ганц эр тагтаанд тоогдох гэж эм тагтаанууд нь байдаг арга чаргаа барцгаадаг тухай жүжиг гэнэ. Эм тагтаанууд эр тагтааны суусан газар нь сууж, алхсан газар нь шогшиж, хийсэн бүх үйлдлийг нь биенээсээ өрсөн хийдэг өрнөлтэй аж. Эр тагтаа лонхноос ус уунгуут эм тагтаанууд дуурайн уудаг хэсэг дээр нэг хөгтэй явдал тохиолджээ. Нэг "хорлонтой" нөхөр нь лонх руу архи хийчихэж. Багш нар жирийтэл суучихсан танхимд тоглож эхэлж дээ. Эр тагтаа лонхтойг уухдаа сүрхий огиулснаа балгачихаж. Харин эм тагтаанууд нь лонхыг булаацалдан авснаа үнэрийг нь авангуутаа бие бие рүүгээ түлхэж гэнэ. Гэсэн ч багш нарынхаа өмнө алдаа гаргаж болохгүй учраас бага багаар амссаар лонхтой архиа дуусгажээ. Бас хоёрдугаар дамжаандаа ангиараа шалгалт өгч байж. Тэгтэл хаалгаар З.Бадамсэдийг тайзан дээр гарч ирүүт дээрээс нь шуудайтай юм унаж, тэр үхэх ёстой байж.

Т.Солонго ярианд орол­цож, "Би Л.Нурланы онигоог ярих уу" гэвэл бусад "Тэг л дээ" гээд толгой дохив. Тэрээр "Нэгдүгээр курст ороод өөрийгөө танилцуул гэсэн чинь Л.Нурлан ангийнхныхаа өмнө гарснаа "Намайг Н гэдэг. Би нэрээ хэлэхгүй. Манай аавыг Л гэдэг. Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн гэхдээ бас нэрийг нь хэлэхгүй. Харин ахыг минь Н гэдэг" гэхээр нь ангийнхан нь гайхаад Д.Баттөмөр "Чи ядаж хэдэн онд төрснөө хэлэх юм байгаа биз дээ" гэсэн чинь "1970-аад онд" гэсэн биз дээ гэвэл бусад нь "Харин Болдбаатар "Би хээрээс ирсэн" гэж хэлсэн биз дээ" гээд бөөн инээдэм болов. Гэхдээ Л.Нурлан оюутан ахуйдаа багагүй хөдөлмөрч байжээ. Тагтааны дүрд хувилахын тулд ангидаа тагтаа хүртэл авчирч байжээ. Ажиглах гэж тэр шүү дээ. Тэр бүү хэл өгөр яс хүртэл анги дээрээ авчирч, "Наад өгөр яснуудаа гаргаж хая" гэж зэмлүүлсэн ч удаатай аж. А.Миеэгомбо "Биднийг оюутан ахуй цагт ДОХ-ын эсрэг сурталчилгаа телевизүүдээр их гардаг байсан даа. Тэгсэн Өөскө, Жак, Бадмаа гурав тамхи татчихаад ороод ирлээ. Тэгсэн Бадмаа "Би ДОХ тусчихаж. Өглөө шинжилгээ өгч мэдлээ" гээд намайг тэврээд уйлтал Өөскө, Бадмаа хоёрын царай барайгаад л явчихсан.Тэгсэн Өөскө "Өө новш, тамхи хэрэггүй хувааж татлаа" гэдэг байгаа. Манай хүмүүс бодвол тамхи хувааж татаад ДОХ тусчихлаа л гэж бодсон байх. Тэгж нэг Өөскө, Жак хоёроороо айхтар тоглож билээ" гээд тас тас хөхрөв.

М.Болормаа "Ихийг хийж бүтээх оргилуун залуу халуун насандаа Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж, тулгын чулууг нь тавилцаж, өдгөө тэрхүү урлагийн тулгандаа бадраасан галаа улам дүрэлзүүлж, тив дэлхийн тавцанд гаргахаар хөдөлмөрлөж байгаа Л.Чаминчулуун, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг чадварлаг багш нараараа бахархдаг. Багш нар маань бидэнд юм сургах гэж өөрснөө шатдаг байсан. Зөвлөх багшаар хошин урлагийн "X-Түц" продакшны жүжигчин Р.Алтансүх, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байсан. Р.Алтансүх багш жүжиглэх ур чадвар тал дээр нь анхаардаг бол Н.Наранбаатар аливааг өөр өнцгөөс харах, сэтгэхийг шаарддаг байсан" гэв. А.Миеэгомбо "Тийм шүү, Багш нарынхаа ачаар бусдын хэлдэг шиг хоёр нь л жүжигчин бусад нь соёлтой үзэгч болоогүй. Манай ангийнхны хоёр нь сэтгүүлч, гурван нь найруулагч бол бусад нь жүжигчин. Бүгд мэргэжлээрээ олондоо хүндлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид" гэв. Эдний ангийнхан оюутан ахуйдаа "Zaya`sh" студийн клип, уран бүтээлийн зураг авалтад ангиараа оролцдог байсан гэнэ.

Хэн нэгэн нь кино найруу­лах, кинонд тоглох, шоу тоглолт хийх бүрт нээлтийн ажиллагаан дээр нь ангиараа цуглардаг юм байна. Уран бүтээлийг нь сонирхсоныхоо дараа нэгэндээ юун дээр алдсан болон юуг нь сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн шүү.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд