ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2020.06.22 02:06

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг олны хүртээл болгожээ


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 19 дүгээр хуралдаан зургадугаар сарын 18-20-ны хооронд болж өндөрлөв. Синьхуа агентлаг бямба гаригт тус байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай текстийг бэлдэж, олны хүртээл болгосон талаар мэдээлжээ. Энэхүү хууль эрх зүйн актаар Хятадын төв засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хороо байгуулахыг Хонконгийн эрх баригчдад үүрэг болгосон байна. Энэ хороог Хонконгийн засаг захиргааны тэргүүн удирдана. Тус хороонд сайдын эрхтэй санхүү эдийн засаг, хууль зүй, шилжилт хөдөлгөөн, гаалийн албаны дарга, цагаачлалын албаны тэргүүн, гаалийн албаны дарга нар багтана. Түүнчлэн хороонд мөн бичиг хэрэг хариуцсан зөвлөхийн албан тушаалыг бий болгох юм. БНХАУ-ын төв Засгийн газраас уг албан тушаалд томилогдох хүн засаг захиргааны онцгой бүс болон үндэсний байгууллагуудын эрх баригчдын үйл ажиллагааг уялдуулах аж. Мөн Хонконгийн цагдаагийн газар үндэсний аюулгүй байдлын хүрээнд хууль сахиулах тусгай анги байгуулах юм. Түүнчлэн Хонконгийн Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж, хууль зөрчиж буйтай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцах газрыг ч бас бий болгох талаар тусгасан байна. Ингэхдээ хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдалд аюул учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх дөрвөн төрлийн гэмт хэргийн нарийн тодорхойлолтыг оруулжээ. Тухайлбал, салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг гутаах, террорист үйл ажиллагаа явуулах, гадны улс эсвэл хүчинтэй үгсэн тохиролцох хэргүүд багтсан байна. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы хуралдаан Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо гүйцэтгэх механизмыг сайжруулах шийдвэрийг хэлэлцэн баталсан билээ.

Онцлох нийтлэлүүд