ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.08.26 02:08

Хонконгт ахин үймээн гарч, 29 хүнийг саатуулжээ


Хонконгийн ардчиллыг дэмжигчид өнгөрсөн бямба гаригт Квун Тун, Вон Той Синг, Шам Шуй По зэрэг хэд хэдэн дүүрэгт дахин жагсчээ. Энэ үеэр цагдаа болон тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, 29 хүнийг саатуулжээ. Тэднийг үймээнд турхирсан гэх хэрэгт буруутгаад байгаа юм. Тодруулбал, саатуулагсад нь 17-52 насных агаад 19 эрэгтэй, 10 эмэгтэйг ийн хориод байна. Жагсагчид гудамж талбайд хаалт бэхэлгээ хийж, тоосгоор зэвсэглэсэн байсан талаар “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Цагдаа нар нулимс асгаруулах хий, резинэн сум ашиглан, жагсаалыг хүчээр тараах үеэр олон хүн бэртсэн байна. Мөн эсэргүүцлийн жагсаал ням гаригт дахин өрнөсөн талаар мэдээлжээ.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй жагсаал эдүгээ ч газар авсаар байгаа. Тэмцэгчид гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн тэмцлээ эхлүүлж байв. Тэд засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг мөн огцрохыг шаардсан. Олон нийтийн шахалтаар Кэрри Лам дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан ч жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Тэд хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй блгож, сонгууль явуулахыг шаардаад буй. Мөн Хонконгийн бие даасан байдалд Хятадын эрх баригчид нөлөөлөхийг эсэргүүцэж байгаа юм. Түүнээс гадна үймээний үеэр цагдаа нарын хүч хэрэглэсэн байдлыг шалгуулахаар хараат бус тусгай хороо байгуулахыг эрх баригчдаасаа шаардаад байгаа билээ.

Ямартаа ч эсэргүүцлийн жагсаалд оролцох залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй талаар хэвлэл мэдээллүүд мэдээлсээр байна. Тэд болзошгүй аюулаас сэргийлэн энгийн хувцас өмсөхөө больсон гэнэ. Мөн хорт утаанаас сэргийлэх амны хаалт зүүж, хатуулгатай малгай өмсөх болсон талаар мэдээлжээ.

Дээрх үймээн гарахын өмнө буюу өнгөрсөн баасан гаригт хонконгчууд “Балтийн гинж” хэмээх тайван тэмцлийн арга хэмжээг зохион байгуулжээ. 1989 онд ЗХУ-ын дэглэмийг эсэргүүцсэн Балтийн эргийн Латви, Литва, Эстони гэх гурван улсын хоёр сая орчим иргэн 650 км үргэлжилсэн хүн гинж үүсгэн тэмцэж байсан түүхтэй. Хонконгчууд энэхүү түүхэн үйл явдлын 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан 50 км үргэлжилсэн урт хүн гинж үүсгэн жагссан юм байна. Энэхүү арга хэмжээ тайван өрнөж, орон нутгийн цагаар 21 цагт өндөрлөжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд