ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.03.31 03:03

Хорин жилийн уулзалтаараа хорин сайн үйлсийг санаачилсан ангийнхан


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэг, Хоёр, Гуравдугаар арван жилийг 19881998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оролцууллаа.

Өнгөрсөн онд төгсөлтийнх нь хорин жилийн ой тохиожээ. Тэртээ 1998 онд сургуулиа төгсөөд үеийн найзууд өөр өөрийн сонгосон замаараа салан одоцгоож байжээ. 1998 онд дунд сургууль төгсөгчдийн хувьд их онцлогтой байж. Тухайн үеийн боловсролын системийн туршилттай холбоотойгоор улс даяар 1989 онд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдыг гуравдугаар ангиас нь шууд тавдугаар ангид нь анги алгасуулан оруулж гэнэ. Өмнөх жилийнх нь 1988 оны нэгдүгээр ангийн элсэгчидтэй нь хамт нэг ангид оруулж байсан гэж ангийнхан дурсацгаана. Өөрөөр хэлбэл, 1980 болон 1981 онд төрсөн хүүхдүүд 1998 онд аравдугаар ангиа төгсөж байсан аж.

Ангийн анд Ж.Нямсүрэн нь ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажилладаг юм байна. Тэрээр “Манай ангийнхан их олуулаа. Бусад оны төгсөгчдөөс хоёр дахин олон гэсэн үг. 1990ээд оны нийгмийн шилжилтийн үед сурч, хоёр өөр нийгмийн үед хоёр өөр боловсролын тогтолцооны бодлогоор суралцацгаасан. Социализмын үед пионерт хүртэл элсээд амжсан хүмүүс. Тухайн үедээ олон хүүхэд байсан учраас сургуулиуд олон бүлэгтэй. Анги дүүргэлт 40-өөс багагүй хүүхдүүдтэй. Аливаа уралдаан тэмцээн их өрсөлдөөнтэй болдог байлаа” хэмээн хуучлав. Архангай аймгийн төв гурван дунд сургууль, нэг бага сургуультай байсан.

Гурван сургуульд тус бүрт нь долоогоос найман бүлэг, аймгийн хэмжээнд арван жилийн сургуультай. Арваад суманд хоёроос гурван бүлгийн 1000 гаруй сурагчид төгссөн байдаг гэв. Ангийнхан сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөд л олуулаа төгсчээ гэдэг нь илт мэдрэгдсэн байна. Жил жил ирдэг их, дээд сургуулийн хуваарийн тоо хэвээрээ боловч нэг сургуулийн хуваарь дээр өрсөлдөж байгаа хүүхдийн тоо их олон байсан гэнэ. Харин одоо эдний ангийнхан дундаас салбар бүрт амжилттай явж, нийгэмд манлайлж яваа хүмүүс олон бий. Эргээд бодоход хүүхэд насны олон сайхан дурсамжууд байдаг аж. Хавар намрын цэвэрлэгээ, намар өвсөнд явах, өвөл замын мөс цэвэрлэх гэх зэргээр нийтийн ажилд зохион байгуулалттайгаар их оролцдог байжээ. Энэ хүмүүжил төлөвшил нь ангийнхныг 20 жилийн ойгоороо нийгэмд тустай ажлууд санаачлан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн юм болов уу.

Эдний ангийнхан ойн баяраараа олонд тустай, нийгэмд хэрэгтэй, төрөлх нутаг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажил санаачлан хийж, тэмдэглэн өнгөрүүлжээ. Хорин жилийн ойдоо зориулан хорин сайн үйлсийг санаачлан өнгөрсөн оны хавар дөрөвдүгээр сараас эхлүүлэн он дуустал бүтэн есөн сарын хугацаанд нөр их ажлуудыг хамтран хийж амжилттай дуусгасан байна. Тухайлбал, 98 зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг гардуулж урам, сэтгэлийн дэмээр бэлэг барьжээ. Тамирын голоо цэвэрлэж амралт зугаалгын бүс болох голын эрэг дагуу гурван километр газрыг хамгаалсан. Тамир зуслангийн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан аж. Зорилтот бүлгийн гурван айлыг иж бүрэн дулаалгатай өргөө цагаан гэртэй болгож хашааны газартай болгожээ. Нийслэлд нэг айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн аж.


Харж хандах хүнгүй дөрвөн хүүхдэд хувцас, хоол хүнс, мөнгөн тусламж үзүүлсэн гэх зэргээр ангийнхан хуучиллаа. Хүнд өвчтэй болон хавдартай гурван хүнд эмчилгээний зардалд нь туслав. Нийт 13 хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд ирээдүйн боловсролд нь зориулж хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Хагас өнчин оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тусгай сургуулийн 25 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж сурах эрмэлзэл, урам зориг бэлэглэсэн гэж ярилаа. Аймгийн төрөх тасагт очин шинээр төрсөн дөрвөн нярайд Монголын үрс маш олон болохыг бэлгэдэн нярайн хэрэгсэл бэлэглэсэн байна. Аймгийн төрөх тасагт нэн яаралтай хэрэгтэй байсан, суурин автомат эмнэлгийн аппарат хоёр ширхэгийг бэлэглэжээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт тус аппаратыг хоёр ширхэгийг бэлэглэв. ”I Love Arkhan­gai” гэсэн дэлхийн жишиг хотуудад байдаг “Би хотдоо хайртай” хөшөөг нутгийн өнгө аясаа шингээн хийж аймгийн гэрэлт гудамжинд байрлуулан нутгийнхаа өнгө үзэмжинд болон дотоод гадаадын аялагч, жуулчдын нүдийг хужирлах бүтээл болгон хүлээлгэн өгсөн гэж байлаа.

Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн 98 ахмад настанд баярын тоглолт хийн гарын бэлэг гардуулсан гэнэ.

Мөн ойн ажлын хүрээнд хийсэн бас нэг томоохон ажил нь МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийнхээ хийж байгаа шинэ уран бүтээл болох шашин төрийн гурван зулын нэг, нэрт соён гэгээрүүлэгч халхын Зая бандид Лувсанпэрэнлэйн түүхэн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийн санхүүжилт болон энэ түүхэн жүжгийг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот дахь тоглолтын зохион байгуулалтад ангийн төгсөгчид дэмжиж оролцжээ. Энэ нь ард иргэдэд маш их таалагдсан үйл ажиллагаа болсон гэх зэргээр хорин ажлыг ойдоо зориулан санаачлан хийж гүйцэтгэсэн гэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө олон санаачилга гаргаж, хүмүүст эерэг хандлага төлөвшүүлэхийн төлөө сайхан сэтгэл өвөрлөн эдгээр ажлыг хамтдаа хийсэн гэдгээ ангийнхан дурссан юм.


Онцлох нийтлэлүүд