ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.04.07 04:04

​“ХОС ШАРГА”-ЫН ЭЗЭН

Нийтлэлч: Бямбажавын Цэнддоо


Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд зориулсан "Хос шарга" хэмээх дуу зохиогдсон даруйдаа л хит болсон билээ. Уг дууны шүлгийг туурвисан эрхмийг энэ удаа "Өдрийн зочин"-доо урьсан юм. Түүнийг Даш-Очирын Агваан гэнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул нэгэн. Аав нь сумынхаа агентаар ажиллаж байсан, морь уядаг, хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байжээ. Сум орон нутгийнхаа наадамд ч айраг, түрүү багагүй хүртэж байсан гэдэг. Зочин маань эцгийнхээ гэрээсийг биелүүлснээ ийн хуучилсан юм.

"Аав минь нас өндөр болсон хойноо надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн адууныхаа цусыг сэлбэх. Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх шиг санагдах юм Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах байна аа гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт дулаацан суухдаа хэлж билээ. Ингээд би чинь аавынхаа амьдад захиасыг нь биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдхэн төгрөгөө өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо" гэв.

Мань хүн Хэнтийн Галшар болоод Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авчээ. Тэр нь 1999 оны наадмын дараахан аж. Баянхонгорчууд Ламын гэгээнийхээ ойг тэмдэглэн, даншиг наадам хийж байхад Агваан 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус голын олон түмэндээ өгчээ. Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа аваачсан байгаа юм. Ингэж хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, "Агвааны угшил" гэсэн нэр хүртэл гараад авсан байна. Нас өндөр болсон эцэг нь тэгэхэд ёстой нэг хөхин баясч, "Одоо л нэг миний сэтгэл амарлаа" гэсэн гэдэг. "Аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү" хэмээн утга төгөлдөр яриа үүсгэх ажгуу. "Баянхонгортодоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа" гэж омогших нь цаанаа л бахархалтай.

Д.Агваан 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийг дүүргэсэн байна. Тэгээд Дарханд хуваарилагдсан аж. Үндсэндээ ажил амьдралын гараагаа найрамдлын хот гэгддэг Дарханаас эхэлжээ.

Ерээд оны эхээр Эрдэнэт хот руу шилжин, "Тахь" нэртэй компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан гэдэг. Энэ тухайгаа "Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж байлаа" гэж өгүүлэх ажгуу. Ерэн дөрөв, таван оны үед их хотын айл болжээ. "Дэнжийн 1000"-д лангуу ажиллуулж байгаад одоогийн "Бөмбөгөр" худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж эхэлсэн гэнэ. Бөмбөгөр гэж өөрийн төрөлх сумаараа нэрлэжээ. Бас сонин юм шүү. "Бөмбөгөр" худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар ийн нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. "Бөмбөгөрийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан даа" гээд тэр тухай тодорхой зүйл ярьсангүй.

Бөмбөгөрийнхөө дараа "Улаанбаатар палас"-ын урд тал, Кёкүшюү цамхгийн дэргэд "Хөх бүрд" гэсэн худалдааны төв нээжээ. Төрсөн газрынхаа нэрээр тийн нэрлэсэн байна. Одоо бол "Орхон" нэртэй худалдааны төв болсныг манайхан мэднэ болов уу. Мань хүн ингэж л бужигнуулж явсан байгаа юм. Өдгөө тэрээр "Вилмар" нэртэй барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

Олон ч айл, албан байгууллагыг орон сууцтай болгож, гал голомтыг нь бадруулсныг дурдвал барагдахгүй ээ.

Уран бүтээлчийнх нь тухайд, олны хайртай дуу хэрхэн бүтсэн түүхээс сөхвөл сонирхолтой байх нь мэдээж. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичжээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн байна. Со гавьяат өнөө дууных нь шүлгийг үзээд "Тэнгэр заяа" гэсэн нэр өгч сэтгэл огшоосон сайхан мөрүүдээс дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина гэжээ. Түүндээ ч хүрсэн гэдэг.

Харин "Хос шарга" дуу хэрхэн бүтсэн тухай одоо тосч өгүүлье. 2007 онд юм гэнэ. Дотных нь анд нөхөр Э.Эрдэнэчулуун нь тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. Найздаа ямар бэлэг барих тухай бодсоноо ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё гээд "Хос шарга" нэртэй шүлэг бичсэн аж. Уг шүлгээ уншихуйд Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад, Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл хөдөлж, эрсдэж хальсан хайран шарга аа гэсэн мөр бадагт дээрх хэлхгэр уяачид нулимсаа арчсан гэдэг шүү. Дараахан нь уг шүлэгт Н.Баасандорж гэх хонгор нутгийн залуу ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар ард түмний хайртай бүтээл болсон аж.

Д.Агвааных хоёр охинтой гэнэ. Том охин Халиун нь Орост суралцаж байгаа бол бага охин Хулан энэ жил аравдугаар ангиа дүүргэсэн байна. Гэргий Ц.Ганцэцэгтэйгээ буудлагын спортын тамирчин байхдаа танилцсан гэдэг. Ингэхэд "Хос шарга"-ын эзэн маань буудлагын спортын мастер юм билээ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн шилдэг тамирчидтай хамт уг спортод хөл тавьж байсан гэдэг ээ.