ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.11.15 05:11

Хотын дарга С.Батболд Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевичийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн тэргүүний орлогч Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Козлов Михаил Васильевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хотын дарга С.Батболд Монгол улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар, Армийн генерал Исса Александрович Плиев төдийгүй Монгол Оросын ахан дүүсийн баатарлаг гавьяатай холбоотой олон сайхан хөшөө, дурсгал түүхүүдийг мартах учиргүйг онцлоод цаашид хоёр хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ах дүү найрамдалт хотууд болох талаар хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевич Армийн генерал Исса Александрович Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойд байршуулсанд хотын дарга болон удирдлагуудад талархснаа илэрхийлээд Владикавказ хотынхоо хүндэт медалиар Хотын дарга С.Батболдыг шагналаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд