ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.10 03:05

Хоёр триллион ам.доллартай тэнцэх орлого орж ирнэ гэж тооцоолж байна

Баасан гаригийн УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийсэн юм. Оюутолгой төслийн далд уурхайн  бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, Тавантолгойн ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын  нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд  борлуулах, дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэснээр  Монгол Улсад орох  гадаад валютын  урсгал нэмэгдэнэ гэсэн юм. 

Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн асуудлыг  УИХ-аар ойрын хугацаанд шийдвэрлүүлж, тус төмөр замыг  барьж байгуулснаар  нүүрсний тээврийн зардал 2-3 дахин буурч, нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтойг дуулгасан юм.  

Төсвийн тодотголыг хийхээр УИХ-д өргөн барьсан байгаа. Төсвийн урсгал зардлыг 20 орчим хувиар бууруулах зорилт тавьж байгаа бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг 1384 гэж тогтоосныг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг батална. Энэ салбарын хууль эрхззүйн орчныг тогтвортой болгоно. Хайгуулын үйл ажиллагаа сэргэнэ. Дунджаар 300-400 сая цаашлаад нэг тэрбумын хөрөнгө оруулалт нээгдэнэ. Хүчингүй болсон 300 гаруй лицензийн асуудлыг цэгцэлснээр 100 гаруй ААН-ын үйл ажиллагаа сэргэнэ. Оюутолгой төслийн хувьд байгуулсан гэрээнийхээ дагуу  ажлаа түргэтгэх юм бол хоёр триллион ам.доллартай тэнцэх орлого орж ирнэ гэж тооцоолж байна. Тавантолгойн хувьд ойрын 3-5 жилд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.  Нүүрсний экспортыг 30 сая тонн-д хүргэхээр тооцож байна гэлээ. Аялал жуулчлалын салбарт манай улс жилд дунджаар  300 гаруй сая долларын орлого орж байгаа бол нэг тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолж байгаа гэлээ. 

Э.БОЛД

Онцлох нийтлэлүүд