ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.12 11:06

Хоёр улсыг төлөөлж монгол бүсгүйчүүд буудлагаар өрсөлдлөө

Германы Мюнхен хотноо зохиогдож буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэм­цээнээс гавьяат тамир­чин Отрядын Гүндэг­­маа алтан медаль хүртлээ. Тэрээр уржигдар эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, ийн аваргаллаа. Түүний өрсөлдсөн төрөлд Германыг төлөөлж оролцсон Д.Мөнхбаяр хоёрдугаар байрт орсон. Харин гутгаар байрт Хятадын тамирчин Занг Жиан, дөрөвт мөн урд хөршийн буудагч  Чень Ин нар орсон байна. Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд “Дэлхийн цом”-ын тэм­цээнээс ийн долоо дахь алтан медалиа хүртэж байгаа гэнэ.

Монголын мэргэн буудагч О.Гүндэгмаагийн өрсөлдсөн төрөлд нийт 95 буудагч цэц мэргэнээ сорьсноос манай тамирчин урьдчилсан дасгалд 584 оноо авч шигшээ наймд шалгарчээ. Ингээд хагас шигшээ тэмцээний үеэр 21 оноо авсан аж. О.Гүндэгмаагийн хувьд хамгийн шийдвэрлэх тулааныг алтан медалийн төлөөх буудлагын үеэр хийсэн гэж болно. Учир нь тэрээр Германы тамирчин Д.Мөнхбаяртай халз буудалцаж 8:0 харь­цаатай буулган авсан юм. Д.Мөнхбаярын хувьд хэдий Германы иргэншилтэй, тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа ч Монголын шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харууллаа. Цус нэгтэй хоёр монгол бүсгүй хоёр тивийг төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд алт, мөнгөн медалийг хар­шуу­лан зогсохыг хараад үнэ­хээр огшиж, омогшиж бай­лаа. Аргагүй л агссан нум сумныхаа цэц мэргэнээр хамаг Монголоо нэгтгэж, шинэ төрийг байгуулсан Мандухай сэцэн хатны үр сад гэлтэй. Бас эрэмгий дайчин гэдэг нь өмнөө өөр орны тамирчдыг гишгүүлээгүйгээс харж болох юм.

Монголын эмэгтэйчүүд буудлагын спортод дэлхийн цээжинд яваа гэдгээ энэ удаа дахин нотоллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар  гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон гавьяат тамирчин Д.Мөнхбаяр нар 2008 оны Бээжингийн олимпийн тавцанд хамт зогсч байсан нь ард түмний сэтгэлд тод бууж байгаа болов уу. Бээжингийн олимпийн наадмаас хараахан алтан медаль зүүж чадаагүй ч О.Гүндэгмаа мөнгө, Д.Мөнхбаяр хүрэл медалийн тавцанд хамт зогсоход мон­голчууд хоёр мэргэн буудагчаараа бахархаж байлаа. Тухайн үед гавьяат тамирчин Д.Мөнх­баяр Германыг төлөөлж тэмцээнд оролцсон ч нутаг нэгт бүсгүйн амжилтад мон­гол түмэн омогшиж бай­сан. Энэ бол мэргэн буудагч­дын маань мөрөөдөл бай­лаа. О.Гүндэгмаагийн дасгалжуулагч Л.Ундралбат  хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гүндэгмаа, Мөнхбаяр хоёр буудлагын спортоор хичээллэсэн цагаасаа л хүн төрөлхтний спортын их наадам болох олимпод хамтдаа оролцож, хамтдаа амжилтын өндөрлөгт хүрэх юмсан гэж мөрөөддөг бай­сан” гэсэн байдаг. Тэгвэл тэд мөрөөдөлдөө аль хэдийнэ хүрсэн төдийгүй дэлхийн буудлагын спортын тамирчдын магнайд явна. Магадгүй тэднийг 2016 оны Бразилийн олимпийн наадмын медалийн тавцан хүлээж байгааг ч үгүйсгэх аргагүй. Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд энэ удаагийн тэмцээн Лондонгийн олимпийн дараа амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлснээс хойш орж буй олон улсын чанартай томоохон тэмцээн байлаа.  

Манай бусад тамирчдын хувьд Т.Баярцэцэг 578 оноогоор 22 дугаар байрт, Ц.Мөнхзул 573 оноогоор 34 дүгээр байрт оржээ. Харин үлдсэн арваад тамирчин энэ сарын 13-н хүртэл цэц мэргэнээ сорих юм байна. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Л.Ундралбат,  А.Энхтөр нар ажиллаж байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд