ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.31 12:05

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын цалинг хасчээ

Яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын нэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг багасгах зорилт юм. Энэ хүрээнд Чингис бондоос томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд тухайлбал  “Монголын алт” ХХК-ийн “Хийт бетоны үйлдвэр”, Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын “Зэс молибдений баяжуулах үйлдвэр”, “Монполимет” ХХК-ийн “Монцемент үйлдвэр”, Дарханы цементийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс цемент импортлох шаардлагагүй болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Хөвсгөл, Дорнод зэрэг зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, Туул голын хурдны зам, “Цэцэг төв”-ийн уулзварыг өргөтгөж 4 замын уулзвар болгох ажлуудыг түргэвчлэх шаардлагатай.
ҮХААЯ-ныхан өнөөдрөөс ургац хураалтын ажилд анхаарах, НХХЯ-ныхан Тэтгэврийн тогтолцоог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудад бүтээн байгуулалтын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Цахим хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхаарууллаа.

Онцлох нийтлэлүүд