ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.13 01:09

ХСҮТ-ийн шинэ цогцолбор барихаар лобби ажиллагааг эхлүүллээ


Элэгний хорт хавдартай тэмцэх "Элэг нэгт Монголчууд" сангийн Удирдах зөвлөлийн гишүүд болон ХСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзлаа. Тэд ХСҮТ-ийн шинэ төвийн шинэ цогцолбор байгуулахаар лобби ажиллагааг эхлүүлж байгаа аж. Шинэ барилгын ТЭЗҮ ч бэлэн болсон байна. Тиймээс 2020 оны улсын төсөвт ХСҮТ-ийн шинэ барилгын санхүүжилтийг суулгах саналыг хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт тавилаа. Учир нь тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж.

Уулзалтын эхэнд ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн өнөөгийн нөхцөл байдал болон шинэ барилгын талаар товч танилцууллаа.

Тэрбээр “Хорт хавдрын өвчлөл алга болно гэж байхгүй. Ирээдүйд ч өвчлөл нэмэгдэнэ. Одоо ачааллаа даахгүй байгаа ХСҮТ 1982 онд байгуулагдсан. Зарим үйлчилгээ коридорт хийгдэж байна. Зай талбайгүйгээс болоод зарим үйлчилгээний чанар муудаж байна. Тиймээс эрс шийдэмгий алхам хийх шаардлагатайг цохон тэмдэглэмээр байна.

Ирээдүйг харсан шинэ цогцолбортой болохын тулд ХСҮТ-ийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр 230-аад ортой ажиллаж байгаа. Үүнийг 600 ортой болгох ёстой. Зөвхөн эмнэлгийн тусламж бус холоос ирж байгаа өвчтнүүдэд түр байрлах байр хэрэгтэй байна. Эрт илрүүлэх цогцолборууд хэрэгтэй. Үүнээс гадна хорт хавдрын бүртгэл мэдээллийн төв хамгийн чухал.

Шинээр барих эмнэлгийн барилга 40 000 мкв, бусад туслах байгууламжууд нь 25 000 мкв талбайтай байхаар төлөвлөсөн. Тоног төхөөрөмж, технологийн шийдлийг багтаасан ТЭЗҮ хийсэн. Нийт өртөг нь 303 тэрбум шаардлагатай. Үүний 60 тэрбумыг 2020 оны төсөвт, 2021 онд 120 тэрбум, 2022 онд 41.7 тэрбумаар хуваарилан суулгах санал тавьж байгаагаа хэллээ.

Хариуд нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ ажлыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Гишүүн “Бусдын сайн сайхны төлөө сайхан үйлс эхлүүлэхээр санал санаачилга гаргаж байгаа сангийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Хүн ам өсөхийн хэрээр хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс хорт хавдартай хэрхэн тэмцэх вэ гэдэг төрийн бодлогыг өөр түвшинд гаргах цаг нь болсон.

1980-аад онд баригдсан хавдрын эмнэлэгт нэг давхар ч тоос нэмээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс танай сангийн хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна. УИХ-ын гишүүний хувиар 2020 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгах санал санаачилгыг гаргаж, УИХ-д лобби бүлэг байгуулан ажиллая гэдгээ та бүхэнд хэлье” гэв.

Мөн тэрбээр шинэ эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барих боломжийг судлах саналыг тавилаа. Сонгинохайрхан дүүрэгт Туул гол дагуу 2013 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар байгаа аж.

Онцлох нийтлэлүүд