ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.06 02:05

Худалдааны төвүүдийг торгожээ

 -Шаардлага биелүүлэхгүй байгаа худалдааны төвүүдтэй хатуу тэмцэнэ-

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд заасны дагуу нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон билээ.

Гэтэл “Барс-2”, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” худалдааны төвүүд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тавьсан ариун цэврийн өрөөнийхөө төлбөрийг үнэгүй болгох шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул дээрх байгууллагуудад тус бүр 784 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэхүү торгуулийг тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулан, зөрчлөө арилгахгүй бол дахин торгууль тавих арга хэмжээ авах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Нийтийн худалдаа, үйлчилгээний газруудад дээрх журмыг 2014 оны хоёрдугаар сараас мөрдүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 13 үйлчилгээний байгууллага ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй үйлчилгээтэй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ талаараа мэдэгджээ.

Онцлох нийтлэлүүд