ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.05.22 12:05

Хумхаа өвчний эсрэг эмүүд COIVD-19-өөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг тогтоох судалгаа эхэлжээ


Эрүүл мэндийн яамнаас Баасан гараг бүрт дэлхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцуулж байгаа.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, тоймыг танилцууллаа.

Тэрбээр "Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлсэнчлэн тавдугаар сарын 20-ны байдлаар коронавирусийн халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20,275 өгүүлэл хэвлэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1,621 эмнэл зүйн туршилт судалгааны ажил явагдаж байна.

ДЭМБ-аас вакцин бүтээх 120 гаруй ажлыг таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

Судалгааны үр дүнгээс тоймлон хүргэвэл,

  • Их Британи, АНУ, Итали улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүүхдэд биеэр битүү тууралт гарах, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах шинж тэмдгүүд илэрчээ. Энэ нь коронавирусийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болно гэж эрдэмтэд үзсэн байна.
  • Коронавирусийн халдвар авсан 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулан 18 судалгааны ажил хийгдсэн байна. Халдварын улмаас эдгээр эмэгтэйн 91 хувь нь кесар хагалгаагаар төрсөн, 21.3 хувь нь хугацаанаасаа өмнө төрсөн боловч ураг эсэн мэнд төрсөн байна. Коронавирус эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй боловч төрсний дараах халдвараас сэргийлэх үүднээс нярайг эхээс тусгаарлахыг эрдэмтэд зөвлөж байна.
  • БНХАУ-ын Ланзоу их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авсан 1,576 иргэний дунд хийгдсэн долоон төрлийн судалгаанд дүн шинжилгээ хийхэд өвчтөнүүдийн 21.6 хувь нь цусны даралт ихсэх, 9.7 хувь нь чихрийн шижин, 5.4 хувь нь зүрх судасны өвчин, 1.5 хувь нь амьсгалын архаг өвчтэй байсан байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх магадлал цусны даралт ихсэлттэй хүмүүсийн дунд 2.4 дахин, амьсгалын архаг хууч өвчтэй хүмүүст 2.5 дахин, зүрх судасны өвчтэй хүмүүст 3.4 дахин их байгааг тогтоожээ.
  • Ирак улсад коронавирусийн тархалттай үед нийгмийн сүлжээ иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ингээд ард иргэдийн дунд сэтгэл түгшилт үүсгэж байсан нийгмийн сүлжээ нь фэйсбүүк хэмээжээ. Нийгмийн сүлжээ ашиглах цаг нэмэгдэх тутамд сэтгэл түгших хам шинж өндөр магадлалтай байгааг эрдэмтэд тогтоосон байна.

Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол өндөрт тооцогдож буй орнуудад ОХУ, Америк, Бразил, Итали, Испани, Герман, Турк улс багтсаныг мэдээллийн эхэнд онцлов.

Улс орнуудын халдварын тохиолдлыг харвал:

АНУ

Өчигдөр 22,000 гаруй шинэ тохиолдол, 1,400 шахам нас баралт нэмж бүртгэгдсэн.

ОХУ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан халдвартай хүний тоо 317,000 гаруй болсон.

Бразил

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 310 мянга гаруй болсон. Мөн өдөр 118 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 20 мянгыг давлаа.

Испани, Итали, Франц улсад шинэ халдварын тоо болон нас баралт өдрөөс өдөрт буурч байна.

Испани

Өчигдөр 48 нас баралт шинээр бүртгэгдсэн.

Итали

Өчигдөр 105 нас баралт бүртгэгдсэн. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо 600 гаруй байгаа ба одоогийн байдлаар 60 мянга гаруй хүн коронавирусийн идэвхтэй халдвартай байгааг Иргэнийг хамгаалах газраас нь мэдээлсэн.

Франц

Өчигдөр 83 нас баралт бүртгэгдсэн. Эрчимт эмчилгээнд 1,745 хүн байгааг мэдээлсэн.

Япон

Тус улсын гурван мужид онц байдлыг цуцалсан. Учир нь 100 мянган хүн амд ногдох шинэ халдварын тохиолдол 0.5 хувиас бага болж буурсан, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний хангамж бүрдсэн гэж үзжээ. Таван муж улсад онц байдал нь хэвээр үлдсэн.

Сингапурт

Өчигдөр 448 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 29,800 гаруй тохиолдол болов.

БНСУ

Өчигдөр 20 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн.

Онцлох нийтлэлүүд