ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.05.31 09:05

Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог


Чиний нүглийг би угаахгүй

Бурхан багш

Нэг

Би ингэж сонссон юм. Тээр жил дээрхийн гэгээн Далай ламтан Нисэхийн спортын цогцолборт ном айлдсан билээ. Тэрээр, ертөнцийн тогтоцын тухай ламын шашны эртний ном сударт гардаг төсөөллийг сөхөн яриад, дараахь тайлбарыг хийж билээ. “...Ертөнцийн төв Сүмбэр уулыг тойрон дөрвөн далай оршдог хэмээх төсөөллийг сонссон байх аа. Орчин цагийн хүмүүс бид тив алгасан нисэж явахдаа, ийм тогтоц олж хардаггүй нь Буддын шашныг буруутгах шалтгаан биш юм аа. Учир нь Буддизм нь материаллаг ертөнцийг судлахад бус харин хүний сэтгэл оюунд зориулагдсан номлол сургаал юм аа...” гээд Бурхны бүхий л сургаал, загварчлал зөвхөн хүний сэтгэл оюунд зориулагдсан тухай номлосон билээ.

(Дашрамд дурдахад дэлхий ертөнцийн үүсэл гарал ба тогтоцын тухайд шашин бүхэн өөр өөрийнхөө төсөөллийг сүсэгтнүүддээ үлдээсэн байдаг нь хүмүүс өөрийн хүрэлцэн мэдэрдэг бодит ертөнцийн талаар ямар нэг төсөөллийг нэхэж байсантай холбоотой болов уу)

Буддизм хүний сэтгэл оюунд зориулсан дасгал, бодлого, ухааран ойлгохын хэрээр гэгээрэн хөгжих хөтөлбөр учраас ёгт утга, тайллаар дүүрэн. Ганц ном уншаад, гагцхүү Бурхан байдагт итгээд л хамаг юм болчихгүй. Тухайн шатанд хүрээгүй сүсэгтний нүдээр харахад тоогүй олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл шиг санагдах нь буй.

Тэр ч байтугай, миний сургаал номлолд мухар сохроор итгэж болохгүй, түүний оронд эргэлзээгээр шалган, яг л алтан эдлэлийн хуурамч эсэхийг зүйл бүрээр тэнсдэг шиг тунгаах ёстой гэж хамгийн түрүүнд сануулжээ. Түүгээр ч барахгүй, “чиний урьд өмнийн нүгэл хилэнцийг би угаахгүй” гэдгээ хэлсэн байна.

Олж харваас орчлон үнэхээр л сүмбэр уул төвтэй дөрвөн их далайн дунд оршино. Хүн бол сэтгэлийн амьтан. Хүн хэмээх оюун сэтгэлтний оршихуйн Сүмбэр уул нь төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн далайн дунд оршдог гэдгийг боддог болтлоо бид “Сүмбэр уул гэж Хималайг хэлсэн юм болов уу, тэр үеийнхэн Умард мөсөн далай ба Атлант, Номхон, Энэтхэгийн далайг заасан нь тэр болов уу” хэмээн эргэлзэх болно.

Бурхны шашин хүний сэтгэлд зориулагдсан болохоор тэнд зөвхөн чиний оюун санааны газар зүй л дурдагдах билээ.

Хоёр

Бурханд итгэсэн төдийгөөр Буддист болдоггүй юм бол, гэм алдсыг минь цайруулан адислаад ивээлдээ авдаггүй юм бол Бурхны шашны хэрэг нь юундаа байна гэсэн асуулт гарна.

Бидний хувь тавилан зөвхөн үйлийн үрдээ л захирагддаг.

Өөрийн хийсэн үйлийн үрийг

Алгасах юм шиг горьдох хэрэггүй

Өрөөл бусдын үйлийн үрийг

Амсах юм шиг дагжих хэрэггүй

Тийм учраас “үйлийн үр”-д итгэдэг бол Буддист болох тухай “Бодь мөрийн зэрэг” сударт айлджээ.

Будда хүн төрөлхтнийг “аврагч ба авруулагч” болгон ангилаагүй. Хамаг амьтныг авраад өөрөө захиран сууж жаргуулна гэж амлаагүй.

Харин тэрээр хүн төрөлхтнийг бүгдээрээ “нойрсож буй Будда нар” гэж хэлсэн юм. Харин тэр өөрөө биднээс түрүүлж сэрсэн аж. (Будда гэдэг нойроос сэрсэн гэсэн утгатай самгарьд үг гэх бөгөөд слав хэлэнд тэр чигээрээ орсон нь манайхны мэдэх “Будить, будильник” хэмээх “сэрэх, сэрүүлэг” гэсэн утгатай орос үгийн үндэс болно)

Тэгээд Бурхан Будда хүн төрөлхтнийг “нойрсож буй Будда нараа, сэрцгээ” хэмээн ном сургаалаа айлджээ. Тэрээр та нарын нүглийг би ариутгаж авахгүй ч гэсэн араасаа дагуулан явж, өөрийн замналаар Будда болоход чинь тусална хэмээн амласан бөлгөө.

Хүн төрөлхтөн үйлийн үрийг таниснаар зовлонгийн үрийг устгаж, жаргалын үрийг цацсаар улам ариусан гэгээрнэ. Хүсэл бүхэн биелдэг диваажинд төрөхийн оронд хүсэх шунахаас ангижирсан гэгээрэлд хүрэх болно. Тэнд Будда бидний захирагч, жанжин болоод бид үгнээс нь гаралгүй жаргах юм биш, харин цөмөөрөө түүний зиндааны гэгээрэгч бурхад болоод хамаг амьтныг авралцах болно.

Дорнын зарим орнуудад нойрсож буй Бурхан багшийн баримал шүтээн их байдаг. Энэ нь нэгэнт гэгээрсэн Буддагийн тухайд гэхээсээ илүү, мунхагийн нойрноосоо сэрж амжаагүй Будда нар буюу хүн төрөлхтний бэлгэдэл болон харагддаг бүлгээ.

Гурав

Хүсэл мөрөөдөл бол бясалгал. Хүнийг бурханд ойртуулдаг алхам ч хүсэл мөрөөдөл. Юу бясалгасан нь чухал болохоос хэнд гэж бясалгасан нь сонин биш. Бусдад хүссэн болгон чинь чам дээр биелж ирнэм. Харин өөртөө хүссэн болгон чинь өрөөл бусдад биелж очно. Тийм учраас Бурхны шашинтны алив залбирал “Надад...” гэж эхэлдэггүй, харин “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тул...” хэмээх зориулга ерөөлийн оршилтой байдаг. Иймээс та “Тэр тэгээсэй”, “Энэ ингээсэй”, “Тэрэнд гай тохиолдоосой” , “Энэ үхээсэй” гэж бодож байгаа бол өөртөө л тэр бүхнийг захиалж байгаа гэсэн үг.

Эмээ бид хоёр адилхан адармаатай үгтэй хоёр байж, бие биенээ их цаашлуулдаг сан. Тэр маань “Хөгшин ээж нь хүүгийнхээ төлөө, олон амьтны үр хүүхэд сайн сайхан яваасай гээд л залбирч суудаг” гээд л ярих. Эмээгээ “Ээ, та одоо тэр сайхан залбирлаа ингэж тарамдуулах ямар хэрэг байна аа. Наад залбирал чинь олон хуваагдаад надад жоохоон юм л ногдоно ш дээ” гээд явуулдагд сан. Хөөрхий, юм хэлэхийн оронд нүдээ аниад л залбирах. Бодвоос, ухаан муутай жулдрай надад үүнийг ойлгох боломж олгохыг нь гуйн залбирсан байх аа.

Дусал ус далайд унаваас далай ширгэх хүртэл орших хутгийг олдог шиг, хэн нэгэнд зориулсан залбирал хамаг амьтны төлөөх гэсэн мөргөлийн далайд нийлэхээрээ хамаг амьтан байгаа цагт орших болно. Тийм болохоор “олон амьтны үр хүүхэд” оршсоор байгаа цагт эмээгийн минь залбирал байсаар л байх болно.

...Ертөнц нэг талаасаа гайхамшигтай, нөгөө талаасаа гайхам юм ер үгүй. Гайхамшигтай гэдэг гайхамшиг байдагт орших. Харин гайхам юмгүй гэдэг нь тэр бүхэн маш энгийн байдагт л орших.

Бурхан багшийн их дүйцэн өдрөөр хүмүүс мацаг барьж, цагаан хоол идэж, амны бэлгийг эрхэмлэн байгааг магтууштай. Гэхдээ маргаашаас нь мах идээд, хар санаагаа сэрээгээд явбал “нэг алхам урагш, гурван зуун жаран дөрвөн алхам арагш” гэмээр явдал болно.

Иймээс биеийг цагаан хоолоор аргалахаас гадна, сэтгэлийг цагаан хоолоор тэжээгтүн гэж. Хүн бол махан тэжээлтэн, өвсөн хоолтон гэхээсээ илүү бодол санааны хоолтон, сэтгэлийн амьтан. Учир иймээс, ариун цагаан бодолтой оюун санааны өдрүүдийг бүтээгтүн. Оюун санааны мацаг тэр билээ.

Сэтгэл оюунаа муу бодлоор тэжээн тэжээсээр байвал тархи толгой чинь муу бодлоор хооллодог араатан болон хувирна. Санаандгүй бяцхан гомдол, үндэсгүй гэхийн аргагүй жоохон бухимдал л сэтгэл санааны ариун хөрсөнд хорслын үрийг цацаад эхэл-дэг хэмээнэ. Өчүүхэн жаахан гэлтгүй гомдол, хорслыг ариун бодлоор хоргүйжүүлж, ариуслын цэнгэг агаарыг дотоод ертөнц рүүгээ юүлэхгүй л бол тэнд хүлэмжийн орчин үүсээд муу муухайгийн тариалан дорхноо цэцэглэдэг.

Түүнийг тэжээхийн тулд чи муу муухай санааг завсар зайгүй тариалах хэрэг гарна. Хорон санаанд махассан тархи улам л их идэш нэхэж, тэр хэрээр чи муу муухайгаас өөр бодох юмгүй болно. Сэтгэл санаа чинь хогийн ургамалд идэгдсэн бууц шиг болоод эрүүл өвс, цэцэг ургах зайгүй болдог. Үүнийг орчин үеийн хүмүүс “стресс”, “депресс” гэхчлэнгээр нэрлэж уудаг эмээр анагаахыг оролдож байна.

Үнэн хэрэгтээ уудаг эмээр биш “боддог эм”-ээр л түүнийг анагаана. Учир нь тэр өвчнийг бид бодож олдог, иймээс сайн бодол ууж л эмчилнэ гэсэн үг.

Дөрөв

Өмч хөрөнгийг буруушаах, өмч хөрөнгөнд шунахыг буруушаах хоёр ондоо. Хэрвээ олох, хураахыг эрхэм болгоод шунал нь хэтэрвээс нүгэл хилэнцийн уурхай болно.

Хамаг амьтныг дутах гачигдах, өлсч цангахын аюулаас аврахын төлөөнөө хийсэн сайн үйлийн үрээр хөрөнгө чинээтэй болж төрдөг хэмээн сургадаг. Харин ч хүн өлөн зэлмүүн, дутуу гуцуу амьдарч байвал гол зогоох хоол болон өмсөх зүүхдээ санаа зовсоор байгаад “хамаг амьтныг аврах, гэгээрэх” тухай бодох зав гарахгүй тухай бас сургадаг.

Гэтэл хувийн өмчгүй, коммунист дэглэмд гурван үеэрээ амьдарсан монголчууд марксизмаас авсан үзлээрээ шашнаа ойлгож “баян хүн бол нүгэлтэн” гэж ухаарах нь олонтаа. Үнэндээ бол, шашин өөрөө өглөгийн эздийн хандив дээр тогтдог. Өлссөнд өгөх хоол, даарсанд нөмөргөх дээл, тэнэмлийг хонуулах оромжтой байж л өглөг буяныг үйлдэнэ биз дээ.

Хүмүүн бээр биеийг олж төрсөн сэтгэлийн амьтан учраас сүнсээ орогнуулах цогцсоо орхиод явна гэдэг ч үнэн. Биеийг үүрд эзэмшихгүй байтал өмч хөрөнгийг хэлэх юун. Аль алин нь энэ хорвоогийн юм, харин бид сэтгэл хэмээх өөр ертөнцийнх.

Энэ биеийг зээлийн байшин шиг сана

Зарим хүн үүнийг “хүний юманд хүйтэн ханд” гэсэн утгаар тайлбарладаг. Гэтэл бид гэгээрэлд хүрэн хүртлээ сансар хорвоогоос “бие” зээлдсээр байх болно. Банк найдвартай зээлдэгчдэд дахин зээл олгож, түрээслүүлэгчид гамтай хэрэглэгчдэд үйлчлэхдээ дуртай байдаг. Тийм болохоор энэ биеийг гамтай эдэлж, хүний юмыг өөрийн сэтгэлээр эзэмших үүрэгтэй. Яруу тансаг хорвоод бие зээлдэн амьдарсныхаа хувьд түүнийг сайхнаар нь байлгаж, бас өөрийгөө түүний үзэсгэлэнт эевэргүү чимэг болгон амьдрах үүрэгтэй билээ, бид.

Хөрөнгө чинээтэй нэгнээ “Үхэхдээ аваад явахгүйгээс хойш” хэмээн зэмлэдэг. Үнэхээр үхэхдээ орхих баялгийг хураах нь тэнэг, бас үхэн үхтлээ хэрэг болох зүйлээс татгалзах нь ч тэнэг.

Үнэн хэрэгтээ, энэ төрөлдөө хураасан буянаа аваад явж болдог юм. Хөрөнгө чинээ, чадал тамиртаа дулдуйдан үйлдсэн сайн үйлс, өглөг буяны үр боловсроод хожим хойтын төрөлд боловсрон үрждэг нь хөрөнгөө аваад одож байгаагаас юуны өөр билээ.

Бид гадаадад явахдаа төгрөгөө доллар, юань гэхчлэн очих орныхоо валютаар солиулаад явдаг. Яг түүн шиг бид хураасан хөрөнгө, хадгалсан мөнгө, хүрсэн эрх мэдлээ “буян” хэмээх хойт төрлийн валютанд хөрвүүлэн аваад явж болдог...

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаантай үүрд хамт байх болтугай!

...Тийм ээ. Хамаг амьтан байгаа цагт энэ ерөөл оршсоор байх болно.

Онцлох нийтлэлүүд