ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.01.12 04:01

​Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Н.Оюундарь хийв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн үндэслэх хэсгийн “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэс хэсгийг үндэслэн” гэснийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсгийг үндэслэн” гэж өөрчлөх, төслийн хоёр дахь заалтыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй бөгөөд Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хавсралтын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг санаачлагч “Н.Энхболд, Д.Хаянхярваа” гэснийг “Хууль санаачлагч” гэж өөрчлөх, түүнчлэн одоогоор УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хавсралтаас хасахаар болов. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Б.ЭГШИГЛЭН


Онцлох нийтлэлүүд