ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.03.02 08:03

Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сард хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн устгаж, хуурамч дүгнэлт гаргасан байна гэж үзэн дахин шалгуулахаар хохирогчийн талаас Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хандсан. Сүхбаатар дүүргийн прокурор, цагдаагийнхан шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үнэн зөв байна гээд гаргачихав. Хохирогчийн тал дахин ерөнхий прокурорт хандсанаар хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Ингээд Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинээр шинжээч томилтол гишүүн Д.Гантулгын ДНК нотлох баримтуудтай таарч байна гэсэн дүгнэлт гарлаа. Тухайлбал, нэг байгууллага хэдхэн сарын дотор хоёр өөр дүгнэлт нэг хэрэг дээр гаргасан. Зарим мэдээллээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийг уг хэрэг дээр ажиллуулж, УИХ-ын гишүүнийг буруугүй гэж нотлох дүгнэлтийг зориуд гаргахын тулд өөр байр суурьтай шинжээчийг тэр үеийг тааруулж байгаад амралтанд явуулсан гэх. Ямартай ч сүүлийн гаргасан дүгнэлтээр гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан зохих байгууллага мэдүүлэг авахаар дуудсан ч эрхэм гишүүн дуудсан цагт ирэхгүй шалтаг шалтгаан тоочсоор байгаа аж. Мөн хэрэгт Шүүх шинжилгээний байгууллагын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Энэ байдлаас харахад хэрэг ер нь зөв шийдэгддэг болов уу гэсэн эргэлзээ төрж байгаа биз.

Өнгөрсөн онд 13 настай охиныг зочид буудалд хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг ч олны анхаарал татаж байгаа. Охинд архи их хэмжээгээр уулгаж, хүчирхийлэн үхэлд хүргэсэн гэх хэргийг ч мөн л хуулийнхан өөрсдөө яаран дүгнэлт хийж олон нийтэд өөрөөр мэдээлсэн. Тухайлбал, охиныг сайн дураараа архи ууж, насанд хүрсэн хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, хэтрүүлэн хэрэглэсэн архи нь үхэлд хүргэсэн мэтээр эхний мэдээллийг өгсөн.

Г.Номуундарь охины олон нийтэд хүргэсэн лайвыг үндэслэн хар тамхи болон хүчирхийллийн хэрэг шалгагдаж байгаа. Гэвч прокурор тухайн үедээ шүүхийн шийдвэр гараагүй байхад яаран олон нийтэд хохирогч гэгдэх нэг охиныг нь хүчирхийлэлд өртөөгүй гэж шууд зарласан. Хууль хяналтынхан мэдээлэл авах гэхэд бөөн хүнд суртал гаргадаг хэрнээ өөрсдийн зорилтот мэдээллээ яаран нэг талаас нь дүгнэн нийтэд хүргэсний дараа нөхцөл байдал өөр байсан нь ил болдог энэ мэт тохиолдол бишгүй гардаг.

Долдугаар сарын нэгний хэргийг олон хүн санаж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, таван хүний амь насыг авч одсон энэ аймшигт хэргийн олон зүйл таавар хэвээр үлдсэн. Үүрэг өгсөн хүн яг хэн байсан нь одоо хүртэл тодорхой биш. Буудсан хүн нь олдоогүй. Тухайн үеийн цагдаагийн удирдлагад байсан зарим хурандаа, чулуу нүүлгэсэн гэж хүүхэд залуус хэдэн зуугаараа ял авснаар энэ хэрэг дууссан. Хэн нэгэн улстөрч ямар ч хариуцлага үүрээгүй өнгөрснийг бид санаж байна.

Мөн олны анхааралд өртсөн нэг хэрэг бол С.Зоригийн хэрэг. Түүний амь насыг бүрэлгэсэн гэх хэдэн хүнд ял өгсөн боловч одоо болтол захиалагчийг зарлаагүй байгаа. Үе үеийн эрх баригчид шинээр ажлын хэсэг байгуулж, удахгүй алуурчдыг болон, захиалагчийг зарлана гэдэг ч он улирсаар саяхан шийдэгдсэн. Гэвч олон хүн жинхэнэ захиалагч хэн бэ, ял авсан хүмүүс алуурчид мөн үү гэдэгт эргэлзсээр байгаа. Алуурчид нь тодорсон бол хэргийн захиалагч тодорхой л баймаар юм. Хэргийн чухам юу нь нууц юм бол. Захиалагчийг нуух ямар шалтгаан байна.

Олны анхааралд өртсөн хэргүүдээс цөөхнийг дурдахад ийм эргэлзээтэй, зарим нь шүүхийн шинжилгээний дүн ингэж зөрүүтэй гараад байхаар иргэд хэнд итгэх юм. Энэ мэтээс харахад манай цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага улстөрчдийн эсвэл нөлөө бүхий, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилж, нөлөөнд автдаг уу, аль нэг хэрэгт хөндлөнгөөс нөлөөлдөг үү гэсэн асуулт гарч ирж байгаа. Мэдээж хуулийнхан тэрний үгэнд ороод ингэлээ, эсвэл тэг ингэ гэж тэр улстөрч захиалсан гэж хэлэхгүй. Захиалагч нь ч албан бичиг өгч хэрэгт нөлөөлөхгүй. Албан бусаар, нууцхан далд, гэрчгүй л уулзаж ярилцдаг биз. Болж байгаа үйл явдлын өрнөлөөс хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж, эргэлздэг, хэвлэл, мэдээлэл өөрийн өөрийнхөөрөө олсон мэдээллээ түгээдэг. Ямар ч байсан нотолж чадахгүй ч эргэлзсээр үлдсэн энэ мэт олон хэрэг бий.

Энэ бүхний дараа шүүх, прокурор, цагдаагийнхны нэр хүнд унадаг. Улс төрийн нөлөөлөл орсон, хэргийг үнэн зөв шийдсэн гэж үздэггүйтэй холбоотой. Хүн бүхэн шударга биш шийдлээ гэж гадарлаад байдаг. Нотлоход хэцүү. Гардан гүйцэтгэсэн хуулийн зарим хүн нэр төр, алба ажлаараа хохироод үлдэх нь бий. Хамгийн аюултай нь хүмүүс хуулийг сахих, түүнд итгэх итгэл буурдаг. Буруутгая гэвэл буруугүйг ч буруутан болгож, гэмгүй болгоё гэвэл буруутныг ч цэвэр ариухан амьтан болгочихож байгаа учраас. Бүгд аргалах, аргацаах, үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох нь ядах юмгүй мэт ойлгоод эхэлнэ. Одоо үүнийгээ болимоор байгаа юм. Нийгэмд шударга ёсны хэмжүүр тогтоох ёстой хүмүүс бол хуулийнхан. Тэдний шийдвэр шударга байж л шударга ёс тогтоно.

Хэвлэл мэдээлэл ямар нэг хэргийн талаар мэдээлэл хүргэхэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн хэвлэлийг болон сэтгүүлчийг яллах нь бий. Гэвч хэсэг хуцгацааны дараа сэтгүүлчийн хөндсөн сэдэв үнэн болох нь бий. Харамсалтай нь нэгэнт сэтгүүлч буруутгагдсан бол дараа нь гэмт хэрэгтэн буруутай нь тогтоогдсон ч сэтгүүлчийн нэр хүнд авсан ялын талаар хэн ч сөхдөггүй.

Олон жилийн өмнө манай сонины сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн Гаалийн ерөнхий газрын удирдлагуудын авлига, хээл хахуультай холбоотой бичсэн баримтат нийтлэлийн эсрэг нэр дурдагдсан хүмүүс зарга үүсгэж шүүхийн шийдвэр Өдрийн сонины эсрэг гарч мөнгөн торгууль оноосон. Төд удалгүй сэтгүүлчийг буруутгаад шүүхэд гомдол гаргаж байсан албан тушаалтан авлига авсан нь тогтоогдоод шоронд ял эдэлсэн. Угтаа шүүхийн шийдвэрээс өмнө сэтгүүлч баримтад тулгуурлан мэдээллийг олон нийтэд хүргэсэн ч ийнхүү буруутаад л өнгөрсөн. Жинхэнэ хэргийг мөрдөж шалгаад шүүхийн шийдвэр гарахаас өмнө сэтгүүлчийг буруутгааад гүтгэсэн хэргээр яллачихаж байгаа юм. Одоо ч ийм явдал тохиолддог.

Энэ мэтээр дуулиант хэргийн талаар хэвлэлийнхэн мэдээлэл хүргэхээр нийтлэл мэдээлэлд нэр дурдагдсан хүн өөрийгөө хамгаалж, нэр төрөө сэргээлгэнэ, гүтгэлээ гээд л шүүхэд ханддаг. Нотлох баримтаа авчир гэдэг. Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй шалгагдаж байгаа болохоор тэрийг нь авчирч өгч чадахгүй л бол тухайн хэвлэл шууд л буруутаж байгаа юм. Ингээд хэргийн эзнийг шалгагдаж шийтгүүлэхээс өмнө сэтгүүлч аль хэдийнээ буруутан болоод шийтгүүлчихдэг. Энэ бүхнийг аажуу уужуу харж шийддэг болмоор байна. Үнэн хэрэгтээ сэтгүүлчид ч гэсэн дотоод итгэл үнэмшил гэж бий. Олсон мэдсэн баримт сэлтдээ тулгуурлан мэдээ материалаа нийтэд хүргээд буруутан болоод байвал хэн үнэний төлөө явах болж байна. Үүнд таарсан хууль, эрх зүйн орчин дутмаг.

Хүчирхийллийн хэрэг ч мөн адил гэрчгүй л бол ихэнх тохиолдолд хохирогчийг гүжирдээд, эсвэл тохиролцсон болоод өнгөрөх тохиолдол их. Шүүх хуулийнханд шүтдэг дарга, албанд тушаалд хүргэсэн хүн, танай, манай нам, танил тал гэсэн ойлголт байх ёсгүй. Ингэвэл хууль дээдлэх, хуулиа сахих ёсонд хор хөнөөлтэй. Мөн шүүхэд хэрэглэгддэг процессын хуулиудад хэргийн оролцогчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийднэ гэсэн заалт байдаг. Зарим тохиолдолд шүүгчид өөрийг нь томилсон даргад, эсвэл улс төрийн нөхцөл байдалд тааруулан тэр дотоод итгэл үнэмшлээрээ хандаад байдаг юм биш биз. Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш, хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой.

Онцлох нийтлэлүүд