ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.27 11:08

Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой байлаа ч ашиг хийх боломж өгөхгүй бол хэн ч ирэхгүй

MIBG компанийн гүй­цэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. 

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдчихлаа. Том сангууд байгуулах яриа хөөрөө эхэлж байна. УИХ-ын баталсан хууль хэр сайн болсон бэ? 

-Хөрөнгө оруулалтын сан хэрэгтэй гэдэг бол тун зөв хандлага. Өнгөрсөн онд баталсан  Үнэт цаасны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж байна. Олон улсын жишигт нэлээд дөхсөн.  Гадаадын хөрөнгө оруулагчид сайн хууль гарчихлаа гэж ярьж байгаа ч олон нийт тийм ч сайн ойлгож өгөхгүй байна. Ерөнхий хандлага нь их эерэг ч харалган хандлагууд байна. 

-Жишээ нь?

-Төрийн оролцоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдана гэж яриад байгаа. Ойлгохгүй зүйлүүд байна л даа. Хөрөнгө оруулалтын сангийн амин сүнс нь менежментийн компани буюу менежментийн баг. Өмнө нь энд тэндхийн улс орны  баячуудын хөрөнгийг удирдсан туршлага Монголд байхгүй. Ийм туршлагатай болохын тулд хөрөнгө оруулалтын сан удаан хугацаанд ажилласан байх шаардлагатай. Тэгэхээр эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалтын сангийн менежмэнтийг урьж ажиллуулахаас аргагүй.  Тэнд нь монгол залуусаа ажиллуулж туршлага хуримтлуулсны дараа урт хугацааны бодлоготойгоор хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулалтын сан байгуулна гээд эхний ээлжинд төслүүдээ бэлдчихэж байгаа юм. Дараа нь хүмүүсээс мөнгө гуйж яваад  том хэмжээний хөрөнгө босгох боломжгүй л дээ. 

-Ингэхэд хөрөнгө оруулалтын сан дотроо хичнээн янз байдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын сан дотроо нэлээд олон салбартай. Олон нийтэд нээлттэй сангууд гэж бий. Олонд нийтэд хаалттай хувийн сангууд байна. Олон нийтэд нээлттэй нь голдуу эдийн засаг, хөрөнгийн зах зээл рүү хөрөнгөө оруулдаг. Олон нийтэд хаалттай нь мэргэшсэн тал руугаа. Манай хувьд мэргэшсэн талын сангуудыг судалж ажиллуулахаар төлөвлөж байна. Олон нийтэд нээлттэй зах зээлийн хувьд хөрөнгийн зах зээл томорч насанд хүрээд ирэхийн алдад аяндаа бий болдог. Бидний хүчээр бий болгох ёстой нь олон нийтэд хаалттай, өндөр хүчин чадалтай хөрөнгө оруулалтын сангууд.

-Хаалттай сангууд мэргэшсэн тал руугаа бай­даг гэж та ярилаа. Жаахан тодруулаач?

-Эрүүл мэнд, ашигт малтмал, дэд бүтэц гээд салбар бүрээр мэргэшсэн санг хэлээд байгаа юм. Энэ салбаруудад хөрөнгө оруулаад сурчихсан хөрөнгө оруулалтын мэргэжлийн компаниас гадна тухайн салбарын санхүүгийн бүтэц модель гэж бий. Жишээ нь уул уурхай өндөр ашиг өгдөг салбар. Бас өндөр алдагдал хүлээдэг салбар. Тэгэхээр энэ салбарт  өндөр ашиг хайсан хөрөнгө оруулагчид оролцох боломжтой. Гэтэл бүх хөрөнгө оруулагчид өндөр ашиг хайдаг уу гэвэл үгүй. Зарим хөрөнгө оруулагч өндөр ашгаас илүү тогтвортой ашгийг  чухалчилдаг. Зарим нь урт хугацааны бага ашиг сонирхдог. Энэ маягаар ашиг бүр өөр болоод явчихдаг. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтыг авч байгаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө оруулж буй улс ч өөр болоод явчихдаг. Монголд хамгийн их яригдаж байгаа нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан. Ийм санд жирийн хүмүүс мөнгөө хийх ямар ч шаардлагагүй. Учир нь урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлог.  Манайд гэхэд л цахилгаан станц, төмөр зам ихэнх нь алдагдалтай ажилладаг. Энэ бол дэд бүтцийн салбарын нэг онцлог чанар нь. 

-Ямар хөрөнгө оруулагчид дэд бүтцийн салбарт мөнгөө хийдэг юм бол?

-Нийгмийн даатгалын, амьдралын даатгалын компани байна. Тэдэнд 30, 40 жилийн дараа орж ирэх мөнгө л хэрэгтэй. Учир нь тэд өнөөдөр бидний нийгмийн даатгалыг авчихаад гуч, дөчин жилийн дараа тэтгэвэрт гарангуут мөнгийг маань өгөх ёстой улс. Оюу толгойд мөнгөө оруулсан  хөрөнгө оруулагчдын хувьд өөр. Богино хугацааны  ашиг хайж хөрөнгөө оруулсан хүмүүс. Ирэх дөрөв, таван жилдээ тавь, жаран хувийн ашиг хийнэ  гэсэн бодолтойгоор ийм өндөр эрсдэлтэй салбарт хөрөнгөө оруулсан хэсэг. Харин Оюу толгой шиг уурхайгаа барьж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг хүмүүс байна. Хайгуул хийдэг, эсвэл бүр дампуурах гэж байгаа компанид хөрөнгө оруулдаг нь ч байна. Олон улсын  төвшиндөө бол өчнөөн салаалж  солонгорсон салбар байгаа юм. Монголд одоогийн  байдлаар хэрэгжиж эхлээгүй. Гэхдээ яг Монгол руу хандсан хөрөнгө оруулалтын жижиг сангууд бол  бий. Тэр сангууд хөрөнгөө оруулаад явж байгаа. 

-Монголд мөнгөө оруулж байгаа сангуудыг нэрлээч?

-Бидний харьцаж байгаа сангууд гэвэл “Хан инвестмент менежмент”  байна. Сингапураас гаралтай. 10 орчим сая ам.долларын хөрөнгөтэй. Монголд өндөр эрсдэл бүхий компаниудын хувьцааг худалдан авч сан­хүүжүүлдэг. Өнөө, маргаашдаа ашиг хийгээд шальдаггүй. Гэхдээ урт хугацаанд томорно гэсэн төлөвлөгөөтэй. Монголчуудад туслах гээд явж байгаа гадны хэдэн залуу бий. Монголын хөрөнгийн биржийн ная орчим хувийн арилжааг хийдэг галт шувуу буюу Fire bird гээд Нью-Йоркоос гаралтай сан байгаа. Ийм хэдхэн сан Монголд хөрөнгө оруулалт хийх гэж үзээд байна.  

-Бүгд алдагдалтай ажиллаж байна уу?

-Ихэнхдээ алдагдалтай. Гэхдээ л урт хугацаанд Монголтой амьдралаа холбоцгоосон, хувийн холбоо сүлбээтэй болсон хүмүүс. Өөрсдийгөө монгол хүн гээд бодчихсон австрали, америкууд ч байна. Алдагдалтай ч хамаагүй урт хугацаандаа өгөөжөө өгнө гээд мөнгөө хийгээд байж байдаг. Өнөөдрийн хувьд  хөрөнгө оруулагчид сайн санааны үүднээс л Монголд сан байгуулж байгаа. Түүнээс  биш ашиг хийсэн улс нэг ч байхгүй. 

-Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдаж авч байсан сангууд ч нэлээд байх?

-Монголд хөрөнгө оруулж байсан сангууд өчнөөн бий. 2009-2012 оныг хүртэл Монголын эдийн засгийг өндөр өсөлттэй үед энд ажиллаж байсан компаниудын хувьцааг худалдаж авсан сангууд. Энэ сангууд үйл ажиллагаагаа Монголд явуулж байгаагүй.Гадны хөрөнгийн биржүүдээс Монголын компаниудын хувьцааг худалдаж авч байсан юм. Хамгийн алдартай нь Сингапураас гаралтай “Тимасек”. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ ресурс”, “Кинкора”, “Энержи ресурс”, “Оюу толгой”, “Өмнийн говийн элс”, “Мо Эн Ко” гэх мэт ашиглалтын болон хайгуулын шатны компаниуд Торонто, Австрали, Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Эдний хувьцааг хөрөнгийн биржүүдээс нь худалдаж авч байсан сангууд л даа. Хичнээн хөрөнгө оруулалтын сан байгааг тоолж баршгүй.

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гарснаас хойш та бид хоёрын онцолж ярьж байгаа хөрөнгө оруулалтын сангууд Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг сонирхохоо больсон...?

-Яг тийм. УИХ-аас энэ хуулийг баталдаг жилийн сүүлээр буюу 2012 оны эцсээр Ерөнхийлөгчийн тамгын газраас Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гэсэн төсөл оруулж ирснийг та санаж байгаа байх. Уул уурхайн салбарт дахиад хөрөнгө оруулалт хэрэггүй, одоо байгаа Таван толгой, Оюутолгойгоо ашиглаад явахад л болно, үүнээс цаашаа лиценз олгохгүй гэсэн агуулгатай. Үндэсний үзэл, маяг шингэсэн,  гадны хөрөнгө оруулагчийг хөөсөн өнгөтэй хуулийн төсөл орж ирсэн л дээ.  Яг тэр үед  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна гэсэн юм яригдаад эхэлсэн. Ингээд л 2012 онд бид өөрсдөө эдийн засгаа унагах гол алхмуудыг хийсэн дээ. Энэ үеэс Монголд ажиллаж байсан компаниудын  хувьцааг авсан, банкуудад мөнгө зээлүүлсэн нөхөд Монголоос гарах алхмуудаа хайж эхэлсэн. “Туркойз хилл”-ээр жишээ татъя. Оюу толгойн хувьцааг авчихсан байж байгаад тийм асуудал яригдаад эхлэнгүүт зараад эхэлж байгаа юм. Нээлттэй зах зээлийн, Адам Смитийн хуулиар зарах нөхөд нь олон болоод ирэхээр хувьцааны үнэ унаж таарна. Монголд үйл ажиллагаа эрхэлж хөрөнгө оруулалт татаж байсан компаниудын хувьцаа гадны зах зээл дээр 80-90 хувиар унасан нь ийм шалтгаантай. Энэ уналт үргэлжилсээр байгаад компаниудын хувьцаанд эрэлт үүсэхгүй болж нэгмөсөн унасан. 

-Зарим нь бүр дампуурсан байх?

-Тэгсэн. Дампуурлынхаа шат руу орсон хэсэг бий. Ингэнгүүт Монголд дахин орж ирэх гэж байсан гадны хөрөнгө оруулалт алга болчихож байгаа юм. Манайх арван тэрбум ам.долларын эдийн засагтай. Дөрөв нь гадны хөрөнгө оруулалт байлаа. Энэ дөрөв өнгөрсөн жил гуч, энэ жил далаад хувь уначихсан. Ганцхан нь үлдсэн гэсэн үг.  Уг нь арван тэрбумын эдийн засаг долоо болж багасах ёстой. Гэтэл Засгийн газар хөрөнгө оруулалт гэдэг юмаа болиод бонд босгодог болчихсон. “Чингис”, “Самурай” гээд. Хөрөнгө оруулалтын сангийнхны хийдэг юмыг Засгийн газар хийдэг болсон гэсэн үг. Засаг хөрөнгө оруулж баахан барилга, зам барилаа. Энэ бүхэн ДНБ-д тооцогдож явдаг. Ингээд бодохоор яг нарийндаа  хувийн сектор жижигсээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын санг дахиад бодлоготойгоор гаргаж ирэхийн тулд яах аргагүй хувийн сектороо дахиад сул тавих хэрэгтэй. 

-Танай компани хөрөнгө оруулалт татах чигээр ажилладаг. Компанийн тань ажил ямархуу байна?

-Манай компани хөрөнгө оруулалтын санд компаниудын хувьцааг зарах ажил хийдэг юм. Энэ жил бид “Эрдэнэ ресурс” компанид хоёр ч удаа сая долларын санхүүжилт босгож өглөө. “Кинкора” компанид таван сая ам.долларын санхүүжилт босгож өгөх консорциумд нь орж ажиллалаа. Торонтогийн хөрөнгийн бирж дээр болсон процесс л доо. Эд дандаа алдагдалтай яваа. Огт ашиг олохгүй, хайгуул хийдэг компаниуд. Хайгуулаа хийж тодорхой нөөц тогтоочихоод да­хиад таван сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж байгаа. Зорилго нь мэдээж нөөцөө ихэсгэж хувьцааныхаа үнийг өсгөх. Таван сая ам.долларынхаа хувьцааг гаргаад зарахад нь брокерийн компаниуд хэрэгтэй. Манай хувьд  хөрөнгө оруулалтын сан руу залгаж яагаад энэ компанийн хувьцааг авах ёстой вэ гэдгийг нь хэлж,  зохицуулж өгдөг жижиг эрэг боолт нь. Одоо хамаг талбайнуудын маань хувьцаа унаж, хувьцааг нь авдаг хүнгүй болчихоод манай компани асуудалд орчихоод байгаа. Энэтхэгийн ILFS гэдэг компанитай дэд бүтцийн салбарт хөрөнгө татахаар ярьж байна. Энэтхэгтээ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт босгодог компани л даа. 

-Гал тогоонд нь байгаа хүнээс асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хөрөнгө оруулалтын сангийн хууль хэрэгжиж байна, Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулчихлаа, уул уурхайн салбараа бодлоготой болгочихлоо, хууль эрх зүйн орчин сайжирсан болохоор хөрөнгө мөнгө орж ирэхэд асуудалгүй гэж ярих юм. Үнэхээр тийм үү, эсвэл...?

-Монголын улстөрчид хууль эрх зүйн орчин сайжрангуут бүх юм сайхан болчихно гэж ойлгодог. Гэтэл бизнес гэдэг итгэлцэл дээр тогтдог эд. Зээлийг англиар кредит гэдэг. Кредит гэдэг маань латины кредо гэдэг үгнээс гаралтай. Кредо гэдэг нь латинаар итгэл гэсэн утгатай. Англиараа ч тийм. Энэ итгэлийг бүрдүүлэх шаардлагатай. Итгэлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчин сайхан байх мэдээж нөлөөлнө. Гэхдээ  энэ орчин дээр нэг хөрөнгө оруулагч ашиг олдог жишгийг бий болгох хэрэгтэй. Монголд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж эдийн засаг өссөн гоё үеэсээ жишээ авах хэрэгтэй. Тэр үед хууль эрх зүйн орчин сайн байсан. Оюу толгойн гэрээ зурагдсан.  Гэрээнд гарын үсэг зурагдсан шөнө  Торонтогийн бирж дээр компанийнх нь хувьцаа 40-50 хувиар өссөн. Яг энэ өсөлт дээр олон хүн ашиг хийж таарна. Ашиг хийхийг нь харсан улс зүгээр суухгүй. Тэдэн шиг ашиг олохын тулд мөнгөө хийгээд эхэлсэн.  Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчныг сэргээхэд хоёр зүйл хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн орчноо сайжруулсан нь маш том эерэг алхам. Хоёр дахь нь газар дээр нь батлах. Амаар ярьсан ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж ярьдаг даа. Тэгэх ёстой. 

-Амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ? 

-Нэлээд хэдэн гарц байна. Улстөрчдөд бэлэн байгаа гарц. Эхнийх нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг баталгаажуулж есдүгээр сарын 30-наас өмнө бүтээн байгуулалтынх нь ажлыг явуулах. Хоёрдугаарх нь 106 лицензийн асуудлыг цэгцлэх. Хохирогч компаниудад нь эргүүлж олгох хэрэгтэй. Энэ бэлэн хоол, бэлэн боломжийг ашиглаж  гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлж олох боломж бий. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл алдраад тэр чигтээ явсан гэж ярьдаг хэсэг байгаа. Гэтэл хүний шунал гэж сонин. Өнөөдөр толгойгоо сэгсрээд гарсан ч маргааш нь ашиг хийвэл эргээд ирнэ. Нэг, хоёр удаа ашиг хийх боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчид наашилна. Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой ч ашиг хийх боломж өгөхгүй  бол хэн ч ирэхгүй.  Бүгдийн анхаарлыг сэртхийлгэх хэрэгтэй.  Тэгсэн тохиолдолд манай хувьцаа өснө. Өнөөдөр гучин цент байсан хайгуулын компанийн  хувьцаа маргааш 40 цент болоход 25 хувийн ашиг гараад ирнэ. Энэ бол гадаадынханд  том ашиг гэж харагдана. Нэг компани ингэхэд л  дараагийнх нь дагана. 

Ц.БААСАНСҮРЭН


Онцлох нийтлэлүүд