ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.05.08 08:05

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Өдгөө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтан олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага улс орнуудад Хэвлэлийн эрх чөлөө ямархуу хэмжээнд байгаа талаарх судалгааг гаргадаг. 2016 онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 54 дүгээрт жагсаж байв. Өнгөрсөн он буюу “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаас харахад Монгол Улс 180 орноос 69 дүгээрт бичигджээ. Энэ нь өмнөх оноос есөн байраар ухарсан үзүүлэлт юм. Өнөө жилийн хувьд мөн л хоёр байраар ухарч 71 дүгээрт эрэмбэлэгдэж. Мөн Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээрээ байна. 1990 онтой харьцуулахад дээрх үзүүлэлт хавьгүй өндөр боловч Хэвлэлийн эрх чөлөөтэй байдал жил бүр муудаж байна. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад улс төрөөс хараат байдал нэмэгдэж байна гэж судлаачид холбон тайлбарлажээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай юм. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр ЮНЕСКО-гийн захирал дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж илгээлт гаргадаг. Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финланд улсын газар нутагт анх албан ёсоор баталсан байдаг. Харин одоогоос 27 жилийн өмнө Намиби улсад олон улсын сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойг нэгтгэхээр цуглан Виндхукийн тунхаглалыг баталсан нь НҮБ-аас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан гэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан үндсэн зарчмуудыг хамгаалах зорилгоор батлагдсанаараа Виндхукийн зарчмууд алдартай юм.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй байдлаар жил бүр ухарч байгааг хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн нөлөөлөл ихэсч байгаатай холбон тайлбарласныг дээр өгүүлсэн. Үнэхээр манай эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр энэ салбарынханд өвөрмөц содон бэлэг барьдаг муу заншилтай. Тухайлбал, хоёр жилийн өмнө УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байх явцад сэтгүүлчдийг их хэмжээний мөнгөөр торгох, эсвэл баривчлах тухай заалт оруулж байсан нь яг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнөхөн болсон үйл явдал. Мөн одоогоос хэдэн жилийн өмнө яг л Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр кабелийн долоон сувгийг хаасан. Сэтгүүл зүйн 100 жилийн ой буюу 2013 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газраас кабелийн телевизийн есөн сувгийг хааж байлаа. 2008 онд Өвөрхангай аймгийн “Өвөрхангайн сонин” сонины эрхлэгч Б.Жавзансүрэн “Үдийн цай” хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрхэн хэрэгжиж буй талаар үнэнийг дэлгэн бичсэнийхээ төлөө тавдугаар сарын 3-нд шүүхээс ял сонсож байв.

Өнөө жил ч гэсэн яаж зүгээр байхав, УИХ-ын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулахаар хэлэлцэж байна. Ингэснээр нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, хянаж цагдах л гэж байгаа бололтой. Цахим сүлжээ нь нийгэмд бугшиж буй идээ бээрийг шахахад өөрийн хувь нэмрийг тодорхой хэмжээнд оруулсаар байгаа. Нийгмийн сүлжээнд нэр устайгаа тавигдчих вий, бичлэг энэ тэр хийчих вий гээд хүмүүс бүдүүлэг аашлахаас эмээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд хариуцлагатай байх гэдэг ойлголт яах аргагүй үгүйлэгдэж байгаа нь үнэн юм. 50 мянган дагагчтай нэгэн өөрийн үзэмжээр хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаж худлаа мэдээлэл цацах, нийгмийг төөрөгдүүлсэн зорилготой мэдээлэл түгээх зэргийг хариуцлагажуулах нь зүйн хэрэг. Гэхдээ өдөр мундсан биш, Монголын төр заавал Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боомилох, сэтгүүлчдийн эсрэг хууль гаргах, шүүх цагдах зэрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг нь гайхалтай.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой зүйл биш. Хүний эрхийг, нийт ард түмний эрхийг хамгаалахын тулд л хэвлэлийн эрх чөлөөг онцгойлж үздэг. Мэдээлэлтэй байх хүний язгуур эрх чөлөөг хамгаалахын тулд Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьдаг юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын үндэс суурь. Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Хоёр том гүрний дунд өөрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх хамгийн зөв бодлого бол ардчилал билээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний үр шимийг ард түмэн нийтээрээ хүртдэг юм. Өдөр тутмын мэдээллээс эхлээд хаана шударга бус явдал үүрлэж, хаана хүний эрх зөрчигдөж байгааг хэвлэл мэдээллийн байгууллага л нийгэмд үнэн зөвөөр нь хүргэж байдаг. Монголын түүхэнд хар үсгээр бичигдэх “Долоон сарын 1-ний үймээн”-ээр гэм зэмгүй хэдэн мянган хүн баривчлагдан хоригдсон. Тэднийг хориод эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж эхлэхэд бүгд л “Хэвлэлийнхнийг дуудаач” гэцгээсэн байдаг. Харамсалтай нь, тэр үед бүх хэвлэлийг хаачихсан байлаа. Хэвлэлийн эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтай байдгийг тэгэхэд ойлгосон гэж хожмоо тэд ярьсан байдаг.

Долоон сарын 1-ний тэр үетэй харьцуулахад өдгөө цахим, сошиал мэдээлэл хүчтэй хөгжиж байна. Мэдээллийн хурд, хүртээмж зэрэг сайн тал олон бий. Гэхдээ цахим сүлжээ, цахим мэдээлэл хүмүүсийг буруу зүйлд уриалбал ямар хор уршиг дагуулдгийг өнгөт хувьсгалууд харуулж байна. Ийм болохоор сүүлийн үед цахим орчин өөрсдийнхөө нэрийг хугалж эхэллээ. Ямартаа ч цахимаас уншсан мэдээлэлдээ үнэн гэж итгэдэг хүн цөөрч байна. Хүмүүс хэвлэмэл цаасан хэвлэлийг уншиж байж мэдээлэлд бат ноттой итгэдэг гэдэг. Тиймээс цаасан хэвлэл үнэ цэнэтэй, хариуцлагатай байдаг хэмээн судалгаагаар байнга гардаг юм.

Тусгаар тогтнол, ардчилал гэдэг бол ард түмний амин чухал зүйл. Энэхүү амин чухал эрх ашгийг нүд цавчилгүй манадаг манаач нь хэвлэлийн эрх чөлөөг тугаа болгосон хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид юм. Магтуулж, муулуулж есөн өнгөөр хэлүүлсэн ч хүмүүсийн мэдэх эрхийн төлөө гутлаа ханзартал гүйж яваа Та бүхэндээ удахгүй болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе ээ.

Онцлох нийтлэлүүд